Ерөнхийлөгчид нэр дэвшихээсээ 20 хоногийн өмнө бакалаврын дипломаа авчээ
Аргентины Ерөнхийлөгчийн сонгуульд “Ялалтын төлөөх фронт” нэртэй перонист хөдөлгөөнөөс нэр дэвшигч Даниэль Сциоли нь сонгуулийн кампанит ажил эхлэхээс 20 хоногийн өмнө бакалаврын дипломоо авчээ. Тус улсын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар Даниэль нь саяхнаас 40 жилийн өмнө хаясан сургуулиа төгсөхөөр шийджээ.
Аргентины бизнесийн их сургуулийн удирдлага Даниэлийг өмнө нь өгөөгүй байсан 9 хичээлийн шалгалтыг өгөхийг зөвшөөрсөн байна. Өнгөрсөн сарын 5 нд Даниэль маркетингийн сэдвээр диплом хамгаалж, шалгалтын комисс түүнд 10 онооноос 7 оноо тавьжээ.
Аргентины хэвлэлд бичсэнээр Даниэль нь тус улсын түүхэн дэх бакалаврын дипломгүй цорын ганц нэр дэвшигч байжээ.
Шинэхэн дипломтай нэр дэвшигч 10 дугаар сарын 26 нд болсон Аргентины ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 40 орчим хувийн санал авч бусдыгаа тэргүүлжээ.