Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө нийтэд ил боллоо
2015.11.06

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө нийтэд ил боллоо

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдэг баян хүний хийх ажил. Тэр тусмаа АНУ-д. "Forbes" сэтгүүл 2016 онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн хөрөнгийг нийтэд дэлгэлээ. Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн түүхэн дэх хамгийн баян эрхмээр тэрбумтан Дональд Трамп тодорч байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нийт 20 нэр дэвшигч байгаагаас 16 нь саятан. Ингээд хөрөнгийн хэмжээгээрээ эхний тавд багтаж буй нэр дэвшигчдийг танилцуулъя.  

Дональд Трамп

Хөрөнгө: 4,5 тэрбум ам.доллар

Нас: 69

Намын харъяалал: Бүгд найрамдах нам

Тэрээр "Forbes" сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 121 дүгээр байрт жагсдаг ч Дональд Трамп өөрийгөө түүнээс дээгүүрт бичигдэх ёстой гэж үздэг.  

Барилгын бизнесмений гэрт төрсөн Трамп ааваасаа ч илүү сүйхээтэй гэдгээ харуулж, түүнээс түргэн хугацаанд Америкийн үл хөдлөх хөрөнгийн салбарт нэр хүндтэй болжээ. Трамп тэнгэр баганадсан барилгууд, худалдааны төвүүдийг өөрийн нэрээр нэрлэх дуртай бөгөөд үүнийхээ төлөө багагүй мөнгө авдаг. Үүний зэрэгцээ хэрхэн баяжих талаар ном бичиж, "The Apprentice" нэртэй телевизийн нэвтрүүлэг хөтөлдөг. Трампыг АНУ-ын хамгийн алдартай хүмүүсийн нэг гэж үздэг.

Карли Фиорина

Хөрөнгө: 58 сая ам.доллар

Нас: 61

Намын харъяалал: Бүгд найрамдах нам

Hewlett-Packard (НР) компанийн ерөнхий захирал асан Карли Фиорина өнгөрсөн хавраас эхлэн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болжээ. Түүнээс яагаад ерөнхийлөгчид өрсөлдөх болсон тухай асуухад "Эдийн засаг яаж хөгждөгийг би сайн мэднэ. Яагаад гэвэл би дэлхийн хамгийн том технологийн компаниудын нэгд нарийн бичгээс ерөнхий захирал болтлоо ажилласан хүн" гэж хариулжээ.

Гэсэн ч "НР"-ийн захирал байхдаа маш олон ажилтныг халж, компанийх нь хувьцаа 50 хүртэл хувь унасан амжилтгүй түүхээс болж сонгогчид түүнд итгэж өгөхгүй байна. Түүнчлэн Фиорина Калифорни мужийн сенатад өрсөлдөөд ялагдаж байжээ.

Хиллари Клинтон

Хөрөнгө: 45 сая ам.доллар

Нас: 67

Намын харъяалал: Ардчилсан нам

Хиллари Клинтон нэр дэвшигчид дундаас хамгийн баян нь биш ч, хамгийн туршлагатай нь. Мөн АНУ-ын түүхэн дэх Конгрессын сенат, дэд ерөнхийлөгч, төрийн нарийн бичгийн дарга байсан цорын ганц тэргүүн хатагтай. 2008 онд ялахын даваан дээр Обама гарч ирээд баллачихсан. Учир нь Барак Обама Америкийн улс төрд шинэ хүн байсан бөгөөд имиж сайтай, сонирхолтой мөрийн хөтөлбөртэйгээс гадна залуу, идэвхтэй багийг бүрдүүлж чаджээ.

Санхүүгийн хувьд Хиллари сүүлийн 14 жилийн турш ном хэвлүүлж, лекц уншиж, хувийн зөвлөгөө өгөх замаар 230 сая ам.доллар олоод байна.

Линкольн Чейфи

Хөрөнгө: 32 сая ам.доллар

Нас: 62

Намын харъяалал: Ардчилсан нам

Род-Айленд мужийн амбан захирагч асан, сенатор Линкольн Чейфи хөрөнгийнхөө ихэнх хэсгийг эцгээсээ өвлөж авчээ. Түүний өвөг эцэг, өвөг эцгийн ах ч бас амбан захирагчаар ажиллаж байсан юм. Харин эцэг нь Никсоны үед тэнгисийн хүчний яамны сайд, мөн сенаторын алба хашиж байв. Чейфи нь Бүгд найрамдах намын үнэнч гишүүн байсан ч амбан захирагч болсны дараа намаасаа гарч эдүгээ Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшиж байна. Түүний сонгуулийн компанит ажлын гол санхүүжүүлэгч нь Род-Айландын дизайны сургуулийн захирал буюу түүний эхнэр Стефани юм.

Бен Карсон

Хөрөнгө: 32 сая ам.доллар

Нас: 62

Намын харъяалал: Ардчилсан нам

Африк гаралтай Карсон бол улс төр дэх "эсэргүү дүр". Нэр хүндтэй мэдрэлийн мэс засалч, сүсэг бишрэлтэй, маш консерватив үзэлтэй. Тэрээр тархиараа наалдаж төрсөн Сиамын ихрүүдийг салгах мэс заслыг амжилттай хийснээрээ дэлхийд алдаршиж АНУ дахь хамгийн нэр хүндтэй шагнал Ерөнхийлөгчийн нэрэмжит "Эрх чөлөөний одон"-гоор шагнуулж байсан юм.

Эхийн гараар хүмүүжсэн Карсон Йэлийн их сургуулийг төгсөж, 29 жилийн турш мэргэжлээрээ ажиллаад 2013 онд ажлаа өгч улс төрд оржээ. Түүний намтараар ном бичиж, олон ангит кино хийсэн нь түүнд 4,2 сая ам.долларын орлого оруулжээ.