Саудын Арабт эмэгтэйчүүд анх удаа сонгуульд оролцоно
Фото: Faisal Al Nasser / Reuters
2015.11.16

Саудын Арабт эмэгтэйчүүд анх удаа сонгуульд оролцоно

Саудын Араб 12 дугаар сард болох орон нутгийн сонгуульд бэлдэж эхэлжээ. Тус улсын түүхэнд анх удаа эмэгтэйчүүд сонгох, сонгогдох эрхтэй болжээ.

Саудын Арабын эмэгтэйчүүд сонгуулийн эрхтэй болсон нь “Арабын хавартай” холбоотой. Умард Африк, Ойрхи Дорнодыг доргиосон хувьсгалууд тэр үеийн Саудын Арабын хаан Абдуллыг үнэхээр айлгасан бололтой. Тэрээр хувиасаа 35 тэрбум доллар гаргаж нийгмийн халамж, залуучуудын орон сууцанд зориулснаас гадна шинэчлэлийг аажмаар эхлүүлэхээр амлажээ. Тэдгээр шинэчлэлийн нэг нь эмэгтэйчүүдийн сонгуулийн эрх байв.

Арабын хавраас хоёр жилийн дараа Абдулла 30 эмэгтэйг “Межлиса аш-Шура” буюу Саудын Арабын Дээд зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулжээ. Харин энэ онд амласан ёсоор эмэгтэйчүүд орон нутгийн сонгуульд оролцох эрхтэй болов.

Аллах хориглосон

Гэхдээ араб эмэгтэйчүүдтэй ярилцаж үзсэн Америкийн “Foreign Policy” сонины сурвалжлагч Элизабет Дикинсоны бичиж буйгаар тэдний дунд өөрийн сонгуулийн эрхийг ашиглах хүн цөөн байгаа аж. Үүний шалтгаан нь уламжлалаас үүдэлтэй итгэл үнэмшил, нийгмийн уур амьсгал.

Саяхныг хүртэл хуулийн дагуу эмэгтэй хүн бүрт “махрам” буюу харгалзагч ойр дотны хүн байж хаа явсан газар нь дагалдаж нөхөрт гаргах, ажилд орох, сургуульд сурах, банкны данс нээх зэргээр бүх ажил хэргийг нь зохицуулдаг байв. 2008 оноос энэ практикийг халсан ч одоо болтол албан бусаар хэлбэрээр оршдог. Олон эмэгтэй урьдын адил гэр бүлээсээ бүрэн хараат байж, мөн олонхи нь сонгуульд санал өгөхийг уламжлалаа эвдсэн алхам гэж үзэж байна.

Төр өөрөө эрх олгосон мөртөө нөгөө талаас энэ эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгосонгүй. Сонгогч болохын тулд тухайн эмэгтэй өөрийн гэрт амьдардаг гэдгээ батлах хэрэгтэй.

Түүнээс гадна зөвхөн 08.22- 09.14 ны хооронд бүртгүүлж болно. Энэ нь Саудын Арабын иргэд гадаадад гарах эрхээ эдэлдэг хугацаа аж.

Саудын Арабт эмэгтэйчүүд машин барих хориотой, харин мотоцикл барьж болно.

Саудын арабын эмэгтэйчүүд харгалзан халамжлагчдаа бүгдийг найдаж сурсан тул хэрэв цаадах нь туслахгүй гэвэл хийж чадахгүй зүйл олон. Тэдний хувьд бие даан сонгогчоор бүртгүүлнэ гэдэг хамгийн хэцүү ажлуудын нэг.

Шашны консерваторууд эмэгтэй хүнийг сонговол улс орны тогтолцоо ялзарсан хэрэг гэж ухуулдаг нь эмэгтэйчүүд идэвхгүй байхад бас нөлөөлжээ. Жишээ нь твиттерт 161 000 дагагчтай лалын шатны санваартан Абдуррахман бен Насер аль-Барак “Аллах эмэгтэйчүүдийг санал өгөхийг хориглосон. Зөрчсөн хэн ч болов үхлийн дараа тамд унана” гэж бичжээ.