Ноён Си болон Ноён Ма
2015.11.10

Ноён Си болон Ноён Ма

Өнгөрсөн бямба гарагт Сингапурт Хятад ,Тайваны тэргүүн нарны 1949 оноос хойших түүхэн уулзалт болов. Хэвлэлд хандсан товчхон мэдэгдэл, гэрэл зурагчдад зориулсан гар барилт нийлээд минут гаран үргэлжилж Си Зиньпин, Ма Ин Жү нар хаалттай хэлэлцээрийн өрөөнд оров. Цаг гаруй үргэлжилсэн хэлэлцээрээр тэд “Тайваны хойгийн хоёр эргийн харилцааны талаар саналаа солилцов” гэж албаны эх сурвалжууд мэдээлэв. Ямар нэгэн хэлцэл байгуулсангүй. Гэхдээ энэ уулзалт болж байгаа гэдгээрээ түүхэн үйл явдал юм.

Си Зиньпин Тайваны тэргүүнтэй уулзахдаа “Бид нэг гэр бүл. Бид нэгэн эхээс гаралтай ахан дүүс учир хэн ч биднийг хагацааж чадахгүй” гэж хэлжээ.

Си Зиньпин, Ма Ин Жү хоёрын хэн нь хэн бэ?

Энэхүү уулзалт болох талаар өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд мэдэгджээ. Хоёр тал 66 жилд анх удаа болж буй уулзалтад эртнээс бэлдсэн. Си Зиньпин, Ма Ин Жү хоёр нэг нэгнээ хэн гэж дуудах вэ гэдэг хамгийн ярвигтай асуудал байв. Учир нь Хятад, Тайван хоёр хоёул “нэг хятад” үзэл санааг баримталдаг ч өөр өөрөөр тайлбарладаг.

“БНХАУ-ын дарга”, эсвэл “Ерөнхийлөгч” гээд нэрлэчихээр Хятад нь Тайвантай тусгаар улсын хувьд харилцаатай гэсэн утгатай болчихно. 

2008 онд “Тайваны хойгийн хоёр эргийн харилцааны хөгжлийн холбооны” тэргүүлэгч Чэн Юнлинь Тайваны аралд ирээд Ма Ин Жүд бэлэг барихдаа яаж хандахаа мэдэлгүй тэвдэхдээ “Таньд” гэж хэлжээ.

Энэ удаа Си Зиньпин Ма Ин Жүг “Ноён” гэж дуудав. Гэхдээ тэр хэд хэдэн удаа санаатай эсэх нь мэдэгдэхгүй “нутаг нэгтэн” гэж хэлэв.

Уулзалт болох газрыг ч бодолтой сонгов. Өнгөрсөн жил Ма дарга Си даргад Ази, номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны хурал дээр уулзах санал тавьсан ч нөгөөх нь эрс татгалзсан. Хятадын дарга Тайваны арал руу явах тухай бүр ч яриад хэрэггүй. Тиймээс энэ уулзалт Сингапурт болов. 1993 онд энэ улсад Хятад, Тайваны төлөөлөгчдийн уулзалт болж байв.

Фото: Rao Aimin / Zuma / Global Look

Харилцаа зөөлрөв

1949 онд Хятадад иргэний дайн дуусч, Чан Кайши Тайван руу зугтаж гарсанаас хойш Бээжин, Тайбэй хоёрын харилцаа хурцадмал хэвээр үлдсэн юм. Хоёр тал өөрийгөө “жинхэнэ хятад” хэмээн үзэж, нэг нэгнээ “дээрэмчин” гэж дууддаг байв.

Эхлээд Тайваны тал НҮБ-д гишүүнээр орсон ч 1971 онд уг гишүүнчлэлийн эрхийг Хятадад өгөв.

Өнөөдөр Тайваны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн 22 улс байдаг. Олимпод Тайваны тамирчид “Хятадын Тайбэй” нэрийн дор оролцох ёстой болдог.

Тайваныг Хятадаас бүр мөсөн тусгаарлахыг хүсдэг Чэнь Шуйбянь Тайваны төрийн эрхэнд байсан 2005 онд Хятадын парламент “Эх орныг хагаралдуулахын эсрэг хууль” гэгчийг баталжээ. Уг хуульд “хэрэв энхийн замаар нэгдэх боломжгүй болвол” “босогчдын” эсрэг цэргийн хүч ашиглана гэж заажээ.

2008 онд Гоминданы намын Ма Ин Жү Тайваны засгийн эрх авснаар хоёр талын харилцаа зөөлөрч эхлэв. Үүнээс хойш хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын чиглэлээр 23 гэрээ, хэлцэл байгуулж улс төрийн эмзэг асуудлыг түр хойш тавив.

2013 онд Си Зиньпин “Нэг улс, хоёр систем” үзэл санааг Тайванчуудад санал болгож улс төрийн асуудлыг ирээдүй хойчдоо үлдээхгүй байхыг уриалжээ.

Сонгуулийг угтаж ...

Сүүлийн үед Тайваньд өөрийгөө хятад биш, “тайвань хүн” гэж үздэг хүмүүсийн тоо жилээс жилд өсч байна.

1992 онд арлын Тайваны 17,6 хувь нь өөрийгөө тайвань, 25,5 хувь нь хятад гэж байсан бол өнөөдөр 59 хувь нь тайвань болж, дөнгөж 3,3 хувь нь хятад “болжээ”. 

 Үлдсэн нь өөрийгөө Хятад, Тайваны аль алинд нь хамааруулдаг.

Энэ байдал Тайваны сөрөг хүчин болох Ардчилсан Дэвшилтэт намд завшаан болж байна. 2016 оны нэгдүгээр сард Тайваны парламентын болон ерөнхийлөгчийн сонгууль болно. Бүх санал асуулгууд сөрөг хүчний төлөөлөл болсон Цай Инвэнь сонгуульд ялах өндөр магадлалтай харуулж байна. Тайваны Ардчилсан Дэвшилтэт нам нь Тайвань нь Хятадаас бүрэн тусгаарлах ёстой гэж үздэг улс төрийн хүчин юм. Эрх баригч Гоминданы намын нэр хүнд унасан нь Хятадтай харилцаагаа өргөтгөсөнөөр Тайванд үр ашиг бага туссантай холбоотой.

Олонхи тайванчууд сонгуулийн өмнөхөн болсон уг уулзалтыг Хятад улс сонгуулийн санал асуулгад нөлөөлөх гэсэн нэгэн оролдлого гэж үзэж байна.

Си, Ма хоёрын хэлэлцээрийг эсэргүүцэгч

Хятадууд юу хожих вэ?

Мэдээж хятадууд Тайваны засгийн эрхэнд Хятадаас салахыг уриалдаг сөрөг хүчин гараасай гэж хүсэхгүй. Си Зиньпин ч Хятадын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Тайваны хэргийг эрхлэх газрын даргатай уулзахдаа “Хоёр талын хэвийн харилцаанд хамгийн их хохирол учруулах зүйл бол Тайваныг Хятадаас салгаж улсын нэгдмэл байдлыг зөрчихийг хүсч байгаа улс төрйин хүчнүүд юм” гэж хэлжээ.

Хятадуудын хувьд Си дарга Ма даргатай уулзсанаар сонгуулийн явцад нөлөөлж чадна гэж үзэхгүй байгаа ч барууны ажиглагчид энэ уулзалт Бээжинд эсрэг үр дүн авчирна гэж таамаглаж байна. Тайваны Гоминьданы намд ч сайн юм болохгүй. Сөрөг хүчний хувьд Ма Ин Жү нь Хятадын талыг барьдаг илүүдэл болсон улс төрч.

Тайваны сонгуульд нөлөөлөх гэж оролдоод таагүй үр дүнд хүрсэн гашуун туршлага Хятадад бий. 1996 онд Хятадын дарга асан Зян Зэминь Тайваны сонгогчдыг ерөнхийлөгч Ли Дэнхуны эсрэг болгох зорилготой Тайваны хойгт цэргийн сургууль хийж, пуужин туршсан нь алдаа болж Тайваныг дэмжигч АНУ хойгт хоёр цэргийн хөлөг онгоц оруулж, Ли Дэнху үнэмлэхүй ялалтаар дахин сонгогдсон.

Харин 21 дүгээр зуунд Хятадууд арай зөөлөн тактик хэрэглэж хөршүүддээ “Хятад улс нь энхийг хүсэмжлэгч орон” гэдэг имиж бүрдүүлэхийг хичээж байна. Тайванаас гадна Хятадад Өмнөд хятадын тэнгист газар нутгийн хэд хэдэн маргаан бий. Хэдхэн хоногийн өмнө Си Зиньпин Вьетнамд очсон нь ч ийм зорилготой байсан гэж ажиглагчид үзэж байна.