Еврей гарлаа 70 жил нуусан Германы канцлер
Энэ долоо хоногийн Мягмар гарагт ХБНГУ-ын канцлер асан Гельмут Шмит 96 насандаа өвчнөөр нас барав. Тэрээр 1974-1982 онд Баруун Германы холбооны канцлераар ажиллаж байв.
Гельмут Шмит 1918 онд төрсөн, Дэлхийн хоёрдугаар дайны цэрэг юм. Амьдралынхаа сүүлийн 35 жилийг зүрхний аппараттай өнгөрүүлсэн байна. Тэр Герман улс Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсаны дараахан багш нарын гэр бүлд төржээ. Ирээдүйн канцлер гарал үүслээ маш удаан хугацаанд нууцалж 70 нас хүрсэн хойноо өвөө нь баян еврей байсан гэдгийг хэлжээ. Энэ хүний хүү буюу Шмитийн эцэг нь гэрийн үйлчлэгчээс гарсан хүүхэд байсан учраас Германы нэгэн протестант гэр бүл өргүүлжээ. Гельмут Шмит гарал үүслээ нууж чадсан нь түүнийг нацистуудын савраас аварсан гэж болно. Хэрэв мэдэгдсэн бол нэг бол офицер болж чадалгүй хагас холимог цустай хэмээгдэн фронт руу илгээгдэж, эсвэл бөөнөөр хорих лагерт хоригдох байлаа.
Гэхдээ түүнд аз таарч 1937 оноос цэргийн албанд орж Дорнод фронтын харьцангуй тайван хэсэгт алба хааж байв. 1945 оны дөрөвдүгээр сард англичуудад олзлогджээ. Нацистуудад хүчин зүтгэж байсан асуудал улс төрч болсон хойно нь хэд хэдэн удаа сөхөгдөж байв.
Олзноос чөлөөлөгдсөний дараа 30 дөхсөн Шмит их сургуульд орж, сурахын зэрэгцээ олон нийтийн ажил хийж Социал демократ намд элсэн оюутны бүлгэмийг толгойлох болов. Дараа нь төрөлх Гамбург хотноо эргэн ирж Хотын эдийн засгийн хэлтэст ажилд оров. Харин 1953 онд Бундестагийн гишүүн болжээ.
Карьерын эхлэл
1961-1965 онд Германы холбооны нэгэн том нэгж болох Гамбургийн Дотоод хэргийн сайдаар ажиллав. 1962 онд маш хүчтэй үер болоход тэр үеийн хуулийг зөрчин аврах ажилд цэргүүдийг дайчилснаар олонд нэртэй болжээ.
1965 оноос Шмитийн холбооны улс төр дэх карьер асар хурдан дээшлэв. Эхлээд Социал демократ намын орлогч дарга, дараа нь анхны Засгийн газар бүрэлдэхэд Батлан хамгаалахын сайд, 1972 онд Эдийн засаг, сангийн сайд болжээ. Хоёр жилийн дараа канцлер Вилли Брант тагнуулын асуудлаас болж албан тушаалаасаа буухад Шмит орыг нь залгав.
Гельмут Шмит. 1982 он. Мюнхен
Шмитэд өмнөх лидер шиг байлдан дагуулах чанар байгаагүй ч найман жилийн турш тасралтгүй Засгийн газрыг тэргүүлжээ. Гол нь түүнд парламентын гишүүний, сайдын ажлын туршлага байв.
Канцлер болоод хэд хэдэн хүндрэлтэй тулгарав. Нэгдүгээрт тэр Брантын “Дорнын шинэ бодлогыг” үргэлжлүүлэх ёстой болов. Хоёрдугаарт тагнуулын дуулианаас болж хямралд ороод байсан Социал демократ намыг аврах хэрэгтэй байв. Гуравдугаарт арабын орнуудын нефтийн хоригоос болж эрчим хүчний хямрал эхлэв.
Шмит ЗХУ, Зүүн Германтай эдийн засгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэв. Шмитийн гадаад бодлогын хамгийн тод илрэл нь 1975 оны Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны Хельсинкийн чуулганд Барууны том төлөөлөл болж оролцсон явдал юм. Тэрээр Европын интеграци бодлогод том хувь нэмэр оруулжээ.
Гэхдээ дотоод бодлогод түүний нөлөө сул байв. Намаа толгойлдоггүй байсан учир Брантын адил намын бодлогод нөлөөлөх боломж байсангүй. Тэр үед Германы Социал демократ намын зүүн, баруун жигүүрийн хооронд үзэл санааны эцэс төгсгөлгүй маргаан өрнөж байв. Зүүнийхэн социалист маягаар шинэчлэл хийхийг шаардаж байлаа. Ийм хүнд нөхцөлд Шмит намаа 8 жилийн турш засгийн эрхэнд байлгаж чаджээ.
Эдийн засгийн холын хараатай удирдагч
1970-аад оны хоёрдугаарт хагаст дэлхийн эдийн засаг хүндрэхэд Шмитийн ачаар баруун германчууд хямралыг хохирол багатай давжээ. Шмит төсвийн хатуу бодлого явуулахын зэрэгцээ хүн амын эмзэг хэсгийг хамгаалж байв.
Шмитийн үед цалин, тэтгэвэр өсч, ажилгүйдлийн тэтгэмж, ажилтай ээжүүд, хүүхэдтэй гэр бүлүүдэд хөнгөлөлт олгодог болжээ.
1977 онд алан хядагчид Баруун Германы зорчигч тээврийн онгоцыг барьцаалсан явдал, томоохон улс төрчид, бизнесменүүдийг хөнөөсөн нь Шмитийг хүнд сорилттой тулгав. Тэр алан хядагчдын шаардлагыг биелүүлэхээс татгалзаж тусгайгийнхныг илгээж онгоцыг аварчээ. Түүний шийдэмгий байдалд хүмүүст таалагдав.
Гэвч 1980-аад оноос нам, канцлер хоёрын байдал дордов. ЗХУ “СС-20” пуужинг байрлуулж эхэлсэн нь НАТО Баруун Германд «Першинг» пуужинг суурилуулахад хүргэв. Шмит цөмийн зэвсгийн эсрэг хөдөлгөөнийхөнтэй сөргөлдөх хэрэг гарав. Ер нь тэр үед АНУ-д дургүй хүмүүс Баруун Германд олон байв. Ялангуяа Социал демократ намын зүүнийхэн эрс эсэргүүцэж байлаа.
Эдийн засагт ч төстэй үйл явдлууд өрнөж төсөв танасан алхам намын доторх зөрчлийг хурцатгав. Эрх баригч намын холбоотон байсан Германы чөлөөт ардчилсан нам Засгаас гарахаа мэдэгдэв. Шмитэд итгэл үл үзүүлэх шийдвэр гарснаар Гельмут Колегоор толгойлуулсан шинэ Засгийн газар бүрэлдэв.
Шмит улс төрөөс гарсан ч ном бичиж, хэвлэлээр байнга зочилдог байв. Түүний хэлснийг дэлхийн улс төрчид үнэлдэг байжээ. 2014 онд 94 настай Шмит Украйны асуудлаар санал бодлоо хэлэхдээ өнгөрсөн алдааг давтаж аюултай сөргөлдөөнд орохгүй байхыг сануулжээ.