Ан Сан Су Чигийн ялалт буюу Мьянмар дахь ардчиллын эхний алхам
2015.11.11

Ан Сан Су Чигийн ялалт буюу Мьянмар дахь ардчиллын эхний алхам

Тус улсын ард түмэнд илүү олон ажлын байр, өндөр цалин, амьдралын хэвийн нөхцөл хэрэгтэй. Тэдэнд баялгийг цөөн хэдэн хүмүүс өөртөө хувиарладаг, авлигад идэгдсэн тийм систем хэрэггүй. Тэд барилгын компаниудад газраа булаалгаж залхсан. Энгийн ард иргэд нь Мьянмар тусгаар тогтносон цагаас эхэлсэн дайн бүр мөсөн дуусахыг хүлээж байна. Тэд гадаадын хөрөнгө оруулагчдад эх орноо заралгүйгээр шинэ зам, гүүр, дэд бүтэцтэй болохыг хүсэж байна. Энэ бүх хүсэл, хэрэгцээг Ан Сан Су Чи болоод түүний нөхөд гүйцэлдүүлж чадах болов уу?

Мьянмарын эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Су Чи болон түүний "Үндэсний лиг" нам сонгуульд ялалт байгууллаа. Энэ нь түүний эх орондоо ардчиллыг сэргээх гэсэн нөр их зүтгэлийн үр дүн юм. Ан Сан Су Чи ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй ч өөрийн хүнээр Мьянмарыг удирдуулах боломж ийнхүү бүрдэж байна. Тэрээр ерөнхийлөгч болохгүй ч гэсэн засгийн газрыг толгойлох болно гэдгээ мэдэгдэв. Гэвч асуудлын гол нь засгийн газрыг бүрдүүлж чадах эсэхдээ биш, цааш удирдаад явж чадах эсэх нь эргэлзээтэй.

Ан Сан Су Чи болоод түүний "Үндэсний лиг" намын  ялалт нь зөвхөн эхлэл. Одоо тэдний өмнө улс орны эдийн засгийг хөгжүүлэх нүсэр ажил байна.

Үндсэн хуулиа өөрчлөхгүйгээр Мьянмар бүрэн ардчилсан орон болж чадахгүй. Гэхдээ одоогоор парламент дахь ардчиллын талынхан болон төрийн институтид шигсэн цэргийнхэн гэсэн эрх мэдлийн хоёр том төвийн дунд тэнцвэр бий болсон нь сайн хэрэг юм. Ан Сан Су Чигийн нам ялалт байгуулснаар энэ тэнцвэрт байдалд өөрчлөлт орсны зэрэгцээ цэргийнхэн ч бас шинэчлэлээс хойш суугаагүйг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, цэргийнхэн сонгуулийн үр дүнг үл тоодог байсан цаг өнгөрсөн. Санал хураалтыг будлиантуулдаг явдал түүх болсон. Одоо "Үндэсний лиг" жинхэнэ ард түмний төлөөлөл байх боломж бүрдлээ. Гэхдээ аюулгүйн албыг гартаа авсан, маш их мөнгөтэй, хүн амын дунд нэр хүндтэй цэргийнхэн нөлөөгөө бүрэн алдсан гэвэл үгүй.

Мьянмарын улс төрийн тэмцэл намжсан ч хурцадмал хэвээр байна. Ан Сан Су Чи болон цэргийнхэн хоорондоо дайсан хэвээр. Тэгэхээр түншлэл биш тэмцэл үргэлжилнэ гэсэн үг. Алс хэтдээ аль нь түрүүлж өөрчлөлтөд тэмүүлж байгаа нь олон нийтийг өөртөө татаж чадна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон сонгуулиар сонгогчид санал авах байрнуудын гадаа уртаас урт дараалал үүссэн нь өөрчлөлт хүсч байгаагийн нэг илрэл гэж харж байна.