АНУ-ын гадаад өр 18 их наяд ам.доллараас давав
Барак Обама АНУ-ын төсвийн хоёр жилийн төлөвлөгөөнд гарын үсэг зурав. Тэрээр одоогоор 18 их наяд доллар даваад байгаа АНУ-ын өрийн таазыг өсгөхийг зөвшөөрчээ.
Зээлдэж авсан Засгийн газар
10 дугаар сарын 30 нд АНУ-ын Сенат үндэсний өрийн хэмжээг нэмэхийг сайшаав. АНУ-ын Сангийн яамны сүүлийн үеийн мэдээгээр тус улсын өрийн хэмжээ 18,15 их наяд долларт хүрчээ. Харин Америкийн ДНБ нь үүнээс бага буюу 18,04 их наяд доллар юм (АНУ-ын Худалдааны яамны эдийн засгийн шинжилгээний газрын мэдээгээр).
Америкийн Төлөөлөгчдийн танхимын дарга асан Жон Бейнерийн хэлснээр Ерөнхийлөгч, Сенат хоёр өрийн хэмжээг нэмэхийг зөвшөөрсөн нь АНУ-д мөнгөний уналт болохоос аварсан байна.
Ингэснээр АНУ 2017 оны гуравдугаар сар хүртэл өрийн асуудалд санаа зовохгүй байж болно. Тэр болтол хүссэн хэмжээгээрээ өр тавьж болно. Бейнерийн тооцоолсноор 2017 он гэхэд АНУ-ын гадаад өр 19,6 их наядад хүрч магадгүй.
Сүүлийн 50 жилд Конгресс 80 удаа өрийн таазыг нэмж байжээ.
Грекийн сүнс
Ерөнхийлөгчид гурван удаа нэр дэвшиж байсан Рон Пол өнгөрсөн зургадугаар сард АНУ Грек шиг өрийн хямралд орж болзошгүй гэж айлгасан. Түүнийхээр Цагаан ордон өрийн асуудлаа шийдэж төсвийн тэнцлээ барихгүй бол аюул зайлахгүй. Тэрээр дайны зардал, халамжийн мөнгөнөөс танаж, түүнчлэн элдвийн хөнгөлөлтийг багасгах хэрэгтэй гэжээ.
Америкийн өр зөвхөн АНУ-ын асуудал биш, дэлхийн эдийн засгийн асуудал. Судлаачдын олж мэдсэнээр АНУ-ын өрийн ачаалал өндөр, ДНБ-тэй нь харьцуулсан байдлаар дэлхийд 13-т жагсдаг аж.
Хөгжингүй орнуудаас хамгийн их өртэй нь Япон. Өрийн хэмжээ нь ДНБ-ий 232 хувьтай тэнцэж байна.
Араас нь Итали (133%), Португали (129%), Ирланд (123%), Кипр (112%) зэрэг орнууд орж байна. АНУ-ын хувьд өрийн хэмжээ ДНБ-ий 125-130 хувиас хэтэрч болохгүй аж.
Гэхдээ аль ч улс өрийн бодлого сайтай байвал хэдий хэмжээний өртэй байх нь чухал бус. АНУ өрийн хэмжээгээ байнга өсгөж байсан ч “US Treasuries” буюу АНУ-ын Төрийн үнэт цаасны хороо үүссэн цагаас хойш нэг ч удаа мөнгөний уналт нүүрлэж байгаагүй. Энэхүү үнэт цаас нь дэлхийн хамгийн найдвартай үнэт цааснуудын нэг бөгөөд олон улс түүгээр валютын нөөцөө бүрдүүлдэг.
Америкчууд өрийн хэмжээгээ өсгөх болгонд дэлхийн санхүүгийн зах зээл санхүүжилт олгосоор байгаад бүр дасчихсан.
Эцэс төгсгөлгүй өр
2013 онд Цагаан Ордон, Конгрессын хэлэлцээр сунжирч АНУ 16 хоногийн турш Засгийн газаргүй болов. Маргааны гол сэдэв эрүүл мэндийн салбарын шинэчлэл, түүнд хэрэгтэй мөнгө байв. Мөнгийг зөвхөн зээлээр авна. Өөрөөр хэлбэл өрийн таазыг нэмэх хэрэгтэй болов. Ардчилсан нам, Бүгд найрамдах нам уг асуудал дээр хурдан тохиролцож чадсангүй.
2013 оны 10 дугаар сарын 1 нд 800 мянган төрийн албан хаагч цалингүй амралтаа авав. Төсөв батлах ажил удааширснаас болж НАСА, Худалдааны яам, Эрчим хүчний яам, Дотоод хэргийн яам, Цагаан ордны олон ажилчид түр хугацаанд ажилгүй болов. Эцэст нь уналт болдгийн даваан дээр Бүгд найрамдахчууд бууж өгч гадаад өрийн хэмжээг дахин 1,1 их наяд доллараар өсгөхөөр болжээ.
Зарим судлаачид АНУ-ын энэ их өрийг гадаад өр биш, зөвхөн дотоод өр гэж үздэг. Учир нь доллар дэлхийн валют.
Дэлхийн бүх улс Америкийн төрийн үнэт цаасыг худалдаж авахад бэлэн учир энэ нь тийм том асуудал биш. Харин өрийг зараад эхэлвэл байдал эвгүйднэ.
Үнэхээр доллар нь дэлхийн валютын үүрэг гүйцэтгэж, улс орнууд энэ валютаар нөөцөө бүрдүүлж байгаа тохиолдолд АНУ-д мөнгөний уналт болно гэж төсөөлөхөд бэрх. Цаг эвгүйтвэл Вашингтон нэмж мөнгө хэвлээд түүгээрээ өрөө дарна. Хятад, Япон, Их Британи, Швейцарь зэрэг улсууд АНУ-ыг зээлжүүлж байгаа цагт доллар бол зүгээр ч нэг валют биш. Тиймдээ ч америкчууд өрөө нэмэхэд дэлхийн санхүүгийн зах зээлд ямар ч өөрчлөлт гардаггүй.
Обама өрийн таазыг нэмсэн нь АНУ-ын Холбооны нөөц дараа сард болох хурлаараа одоо 0,25 хувь байгаа бодлогын хүүгийн түвшинг өсгөхөд хүргэж магадгүй. Хэрэв бодлогын хүү өсвөл Америкийн үнэт цаас улам үнэд орж эрэлт нь өснө. Тиймээс улс орнууд АНУ-д мөнгө зээлдүүлэхдээ дуртай байдаг. ОХУ л гэхэд АНУ-ын 20 том зээлдүүлэгчийн нэг ажээ.