Франц дайнд бэлэн үү?
Франсуа Олланд
2015.11.19

Франц дайнд бэлэн үү?

Парист болсон халдлагын дараа ерөнхийлөгч Франсуа Олланд Исламын улсад дайн зарлаж, Ерөнхий сайд Мануэль Вальс Францын бүх дайсныг устгана гэв. Францын агаарын хүч хоёр өдрийн турш алан хядагчдын байршил болон Сирийн нийслэл Раккуг тасралтгүй бөмбөгдөж байна. Мөн Сирийн зүг Францын цорын ганц байлдааны онгоц тээвэрлэгч хөлөг хэдэн арван пуужин, онгоц ачин хөдлөв. Газраар довтлох тухай ч яригдаж байна.

Францын арми нь техникийн хувьд бүрэн хангагдсан, дэлхийн хүчирхэг армийн нэг. Гэхдээ Франц дангаараа алан хядагчдыг дарж чадна гэдэгт шинжээчид эргэлзэж байна.  

Тус улсын зэвсэгт хүчин 215 000 хүнтэй. Үүнээс 112,8 мянга нь байнгын бүрэлдэхүүн, 18 000 мянга нь нөөцийн цэрэг.

Бусад улсын адил Францад гадаад цэргийн легион гэж бий. Тус легионд 150 гаруй улсын иргэн цэргийн алба хаадаг бөгөөд Францын армийн хамгийн чадварлаг хэсэг юм. 

Францын таван цэрэг тутмын нэг нь тэнгисийн цэрэг. Тэдний тоо 42100. Франц 103 энгийн болон 10 шумбагч байлдааны хөлөгтэй. Удахгүй Сирийн эрэгт ирэх байлдааны онгоц тээвэрлэгч «Шарль де Голль» хөлөг нь АНУ-ын хөлгийг эс тооцвол цорын ганц атомын хөлөг онгоц юм.

57 000 албан хаагч, 600 гаруй онгоцтой Францын агаарын цэргийн хүч нь дэлхийд дээгүүрт ордог. «Миражи» болон «рафали»  нэртэй онгоцууд нь дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг онгоцуудын нэг.

Түүнээс гадна Франц 300 орчим цөмийн хошуутай бөгөөд тэдгээрийгээ усан доороос, агаараас харвах пуужингуудад суурилуулжээ.

Францын армийг туршлагагүй гэж хэлэхийн аргагүй. 2013 онд Малид алан хядагчидтай байлдаж тус улсын хойд хэсгийг чөлөөлж өгсөн. НҮБ-ын энхийг сахиулах ажлын хүрээнд Францын олон цэрэг ажилладаг. Африкт Францын 3000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хэдэн арван цэргийн бааз бий.

Түүнчлэн 2011 оны Ливийн иргэний дайны үеэр Каддафын цэргүүдийг дарахад идэвхтэй оролцсон. Харин Ирак дахь алан хядагчдын эсрэг сүүлийн 13 сарын туршид нийт 1300 орчим агаарын довтолгоо хийжээ.

Франц НАТО-гийн гишүүн учраас тус байгууллагын дүрмийн 5 дугаар зүйлд заасны дагуу Франц руу довтолсон тохиолдолд тусламж авах эрхтэй.

Өөрөөр хэлбэл Парист болсон халдлагыг цэргийн довтолгоо гэж үзвэл НАТО Сири, Ирак дахь Исламын улсын эсрэг дайнд оролцоно гэсэн үг.

Зөвхөн бөмбөгдөлтөөр алан хядагчдыг ялах нь боломжгүй гэдэг тодорхой болсон. Ялахын тулд хуурай замын цэргийн идэвхтэй ажиллагаа хэрэгтэй. АНУ цэргээ илгээхийг хүсэхгүй. Сирийн Засгийн газрын арми ч алан хядагчдыг хүчрэхгүй.

Энэ бүхнийг тооцоод үзэхэд Франц улс Сирийн дайнд зориулж 40 мянгаас илүүгүй цэрэг гаргах боломжтой. Гэхдээ алан хядагчид партизан маягийн дайн хийж байгаа тул олон улсад нийтлэг мөрддөг цэргийн стратеги тус болохгүй. Сирийн 16 сая хүнийг хяналтанд оруулна гэдэг Францын 40 000 цэргийн хувьд хүнд даалгавар.