Өвчин намдаагч эм - АНУ дахь нас баралтын гол шалтгааны нэг
2015 оны эдийн засгийн Нобелийн шагналт Ангус Дитон АНУ-ын хүн амын талаарх шинэ судалгаа гаргажээ. Цагаан арьст америкчуудын дундах нас баралт 1999-2013 онд тогтмол өссөн тооцоо гарчээ.
Дитон өөрийн хамтрагч Анна Кейсийн (Anne Case) хамт АНУ-ын Эрүүлийг хамгаалах яам болон бусад хүн ам зүйн асуудлаар судалгаа хийдэг байгууллагуудын тоо баримт, өвчтөнүүдийн дунд явуулсан санал асуулгын дүнг судалжээ.
1978-1998 онд орчин үеийн анагаахын шинжлэх ухааны ололтын ачаар цагаан арьст америкчуудын дунд нас баралт жил бүр хоёр хувиар буурч байжээ. Франц, Герман, Их Британи, Шведэд ч байдал адилхан байв. Харин 1998 оноос нас баралт жил бүр 0,5 хувиар өсч эхэлсэн байна. Гэхдээ африк гаралтай америкчууд, хиспаникуудын (Латин америк гаралтай америкчуудын удам) хувьд уг үзүүлэлт жилд 2,6 болон 1,8 хувиар буурсан хэвээр байна.
Хамгийн их нас баралттай хэсэг нь боловсрол муутай цагаан арьстнууд. Дунд болон бүрэн бус боловсролтой хүмүүсийн согтууруулах ундаа, хар тамхинаас үүдэлтэй үхэл 4 дахин их. Амиа хорлох үзэгдэл 81 хувиар өсөв. Элэгний цирроз болон элэгний бусад төрлийн өвчнөөр нас барагсдын тоо 50 хувиар дээшлэв. Харин дээд боловсролтой америкчуудын нас баралт тогтмол. Энэ таагүй дүр зураг муж болгонд бий болжээ.
Үхэлд хүргэсэн шалтгаанууд дотор хамгийн түгээмэл нь эмийн хордлого, согтууруулах ундаа, амиа хорлох явдал. Хүн амын хамгийн их өртөмтгий хэсэг нь 30-64, түүн дотор 45-54 насныхан.
Эрдэмтдийн тооцоолж байгаагаар 1990-иэд оны дунд үед олноор бий болсон өвчин намдаах эм нь нас баралт өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл гэж үзэж байна.
Түүнтэй зэрэгцээд АНУ-д “өвчлөх дон” гэдэг үзэгдэл 1997 оноос гарчээ. Жишээ нь 2011-2013 онд дунд насны гурван америк тутмын нэг нь үе мөч өвдлөө гэж эмчид хандсан байна.
Өвчлөх дон, өвчин намдаагч хоёрын аль нь түрүүнд эхэлсэн нь тодорхойгүй. Юутай ч өвчин намдаагч тогтмол хэрэглэх нь өвчний шинж тэмдгийг улам даамжруулдагийг шинжлэх ухаан тогтоосон. Судалгаагаар эмнэлэгт хүргэгдсэн 10 хүн тутмын нэг нь, түргэн тусламж дуудсан 32 хүн тутмын нэг нь, эмийн хэт хэрэглээнээс болж өвчилсөн 130 тутмын нэг нь, эмчилгээний бус зорилгоор өвчин намдаагч хэрэглэсэн 825 хүн тутмын нэг нь өвчин намдаагчаас болж нас баржээ.
АНУ дахь нас баралтын үндсэн шалтгаанууд
Эрдэмтэд өвчин намдаагчийн хяналтыг чангатгахыг уриалж байна. Саяхан АНУ-ын Хүнс тэжээл, эмийн хэрэглээний хяналтын газраас хүүхдүүдэд оксикодон хэрэглэхийг зөвшөөрсөн. Олон хүүхдийн хувьд энэ нь аврал болох ч хэтрүүлж хэрэглэх магадлал их бий.
Хэрэв АНУ-д нас баралт 1998 оны түвшиндээ байсан бол 2013 он хүртэл 96 000 хүний амийг аврах байлаа. Хэрэв 1978-1998 оны адил нас баралт тогтмол буурсан бол 488 000 хүн амьд үлдэх байв.