Хятад улс Дэлхийн банктай эн тэнцэхээр банк байгуулна
Хятад улс ОУВС, Дэлхийн банктай эн тэнцэхээр банк байгуулж байна
2015.03.26

Хятад улс Дэлхийн банктай эн тэнцэхээр банк байгуулна

Хятад, Америкийн санхүүгийн дайны нэгэн тулаанд Хятадууд ялалт байгуулав. Ингэхдээ америкчуудыг өөрсдийг нь ашиглажээ.

Хятадын зөөлөн хүчний шинэ зэвсэг нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB) болов. Банкны гишүүдийн тоо өдөр тутам өсч байна. Бээжингийн эрх баригчид AIIB-гийн тусламжтай дэлхий нийтэд, юуны түрүүнд АНУ-ын холбоотнуудын дунд Вашингтоны нэр хүндэд хүндхэн цохилт өглөө.

Америкчуудын хувьд энэхүү банк нь Хятадын гадаад бодлогын хүчтэй зэвсэг болно гэсэн болгоомжлолоо нуусангүй.  Хятадууд Азийн санхүүгийн зах зээл дээр хүчээ авч, бусад тивд нөлөөгөө тогтоож эхэлвэл Цагаан Ордныхон түгшүүртэй байдал үүснэ. Энэ удаа аливаа төсөл дээр итгэлтэй холбоотнуудтай байж дассан АНУ ялагдал хүлээв.  АНУ-ын Ази болон Европ дахь холбоотнууд Америкийн үгийг дагахаас татгалзаж Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг өөрийн улсдаа байгуулахыг зөвшөөрөв. Тэдгээрийн дотор АНУ-ын хамгийн итгэлтэй холбоотон болох Герман, Франц, Итали, Австрали, Шинэ Зеланд, Канад улсууд дээрх банкны сүлжээнд орох хүслээ илэрхийлжээ.  Тэр байтугай байнга Вашингтоны үгэнд ордог Лондон хүртэл “урважээ”.

Хятадууд анх AIIB-г Япончуудын эсрэг ашиглах зорилготой байгуулсан. Гэтэл Япон улс энэ банкны гишүүн болно гэхээр хятадууд томоохон ялалт байгуулжээ гэдэг нь харагдаж байна. АНУ, Япон хоёр Азийн хөгжлийн банкны гол тоглогчид бөгөөд AIIB-гийн өрсөлдөгч юм. Гишүүдийнх нь тооноос харахад цаашдаа AIIB нь Барууны орнууд ноёрхдог ОУВС, Дэлхийн банкны хүчтэй өрсөлдөгч болох шинжтэй байна.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд нэгдэх хүсэдлтэй Азийн 21 орон илэрхийлжээ.

AIIB-г хамгийн ихээр сонирхож буй орнууд бол мэдээж хөгжиж буй орнууд. Хятад улс Америкийн холбоотнуудыг өөртөө татахдаа олон тэрбум доллар өгөөд зогсохгүй үүсгэн байгуулагчийн хувьд аливаа хориг тавихгүй гэсэн нь гишүүн орнуудад таалагджээ.  Цагаан Ордон Конгрессыг ятгаж ОУВС-д нэмэлт санхүүжилт гаргуулж чадаагүй нь AIIB газар авахад бас нөлөөлжээ.

AIIB-г хэн удирдах тухай хэлэлцээр дуусаагүй байгаа. Ээлжит хурал гуравдугаар сарын сүүлээр Казахстанд болно.  Бээжингийн төлөөлөгчдийн ярьж буйгаар  Үүсгэн байгуулах гэрээ зургадугаар сарын сүүлээр бэлэн болж, 2015 оны төгсгөл болоход AIIB ажилдаа орох аж.  Саналын эрх дараах байдлаар хувиарлагдана.  Саналын эрхийн 75 хувийг Азийн 27 улс ДНБ-ийхээ хэмжээнээс хамаараад хувааж авна. Үлдсэн 25 хувь бусад тивийн орнуудад хувиарлагдана. 

Хэрэв иймэрхүү байдлаар AIIB бий болчихвол AIIB дэх Хятадын нөлөө,  ОУВС дахь АНУ-ын нөлөө хоёр эн тэнцүү болно.

Ази дахь дэд бүтцийн төслүүдэд 750 тэрбум доллар хэрэгтэй.

ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк Ази дахь дэд бүтцийн төслүүдийг бүрэн санхүүжүүлэх чадваргүй хэмээн үзээд Хятадын дарга Си Цзиньпин AIIB-г байгуулах шийдвэрийг 2013 оны сүүлээр гаргасан. Эдийн засагчдын үзэж буйгаар Ази дахь дэд бүтцийн төслүүдэд 750 тэрбум доллар хэрэгтэй байгаа. Гэвч Азийн хөгжлийн банк үүнээс дөнгөж 22 тэрбумыг гаргасан. 

AIIB-гийн захирлын ажлыг гүйцэтгэгчээр Цзинь Лицюнь ажиллаж байгаа. Тэрээр AIIB-г байгуулахад туршлагатай санхүүчдийг, тэр тусмаа өмнө нь ОУВС, Дэлхийн банканд ажиллаж байсан хүмүүсийг урьж авчирчээ. Тухайлбал Дэлхийн банканд хуульчаар ажиллаж байсан Натали Лихтенштейн AIIB-д ажиллаж байна. 

Одоогийн байдлаар дэлхийн 35 улс AIIB-гийн гишүүн болох хүсэлтээ ирүүлээд байна.  Гуравдугаар сарын 31 нд бүртгэлийн хугацаа дуусах хүртэл энэ тоо өсөх хандлагатай. Бээжингийн эрх баригчид Өмнөд Солонгос тэргүүтэй Ази Номхон далай дахь Америкийн холбоотнууд гишүүнээр элсэх магадлалтай гэж үзэж байгаа.

Эхлээд AIIB-гийн дүрмийн сан 50 тэрбум доллар байна гэж байсан ч Бээжин энэ тоог хоёр дахин өсгөхөөр болжээ.