Монголд айлчилсан харь гаригийнхан буюу цуурхлын хүч
1990-иэд оны эхээр Туулын бургасанд харь гаригийнхан сүйдсэн тухай мэдээлэл хэвлэлээр гарч байв.
2015.03.25

Монголд айлчилсан харь гаригийнхан буюу цуурхлын хүч

Цуурхал тараах арга олон зуун жилийн түүхтэй. Цуурхалаас болж нийгэм тэр чигээрээ бужигнаж байсан тохиолдол түүхэнд багагүй бий. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад олон нийтийн харилцааны хэрэгсэл гарснаар цуурхал тарахаа болино гэж найдаж байлаа. Гэвч цуурхалын хүч улам ихэсч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь сэтгэл зүйн дайны гол зэвсэг болов. Ялангуяа, интернет, олон нийтийн сүлжээ бий болсноор мэдээллийн анхдагч эх сурвалжийг олоход улам хэцүү боллоо. 

Цуурхал энгийн хүмүүсийн амнаас ам дамжиж явахдаа цуурхал хэвээрээ байдаг ч хэрэв ямар нэгэн албан ёсны, эсвэл нэр хүндтэй эх сурвалж тэрхүү мэдээллийг баталгаажуулвал цуурхал аюултай болдог.

Колумбийн их сургуулийн сэтгүүл зүйн сургуулийн эрдэмтэд интернетэд тархсан 1500 мэдээ, 100 цуурхлыг судалжээ.  Энэ судалгаанд худал мэдээлэл хэрхэн хүчээ авч буй үйл явцыг харуулжээ.

Мэдээллийн агентлагуудын гол үүрэг нь шалгагдсан, үнэн зөв мэдээлэл өгөх. Ялангуяа интернет технологи хөгжсөн өнөө үед энэ нь маш чухал.  Гэвч дээрх судалгаанаас харахад худал мэдээлэл нь бодит баримтаас илүү хурдан тархдаг бөгөөд хэргийн эзэн нь мэдээллийн агентлагууд.

Мэдээллийн агентлагууд худал мэдээлэл тараахад хүргэдэг хоёр үндсэн шалтгаан бий. Эхнийх нь мэдээллийн агентлаг хамгийн шинэ мэдээг хүргэх ёстой гэсэн шаардлагатай холбоотой.  Сэтгүүлчид хамгийн шинийг хайж олох тэмүүлэлдээ хөтлөгдөж зарим тохиолдолд үнэний хажуугаар өнгөрдөг. Дараа нь мэдээллийн агентлагаас материал авсан сайтууд ямар ч нотолгоогүй худал мэдээллийг удтал нийтэлнэ. Хэрэв ямар нэг мэдээг мөрөөр нь хайгаад байвал энэ нь сайтуудын хоорондох хэд хэдэн холбоос /линк/ байх бөгөөд анхдагч эх сурвалж нь ямар нэгэн нийгмийн сүлжээ, эсвэл хэн нэгэн албан тушаалтны хоосон мэдэгдэл байх жишээтэй.

Шар мэдээний хаан Херст. Тэр сониндоо ашиг авчрахын тулд худал мэдээллээр хоёр улсын хооронд дайн өдөөж байв.

Шинэ хэрнээ худал мэдээлэлд уншигчид дуртай байдаг учраас сэтгүүлчид, мэдээллийн агентлагууд шалгалгүй тэр дор нь нийтэлдэг. Ийм нөхцөлд өөрийн сайтын рейтинг, уншигчдын тоог өсгөх гэсэн хүмүүст ашигтай. 

Мэдээллийн агентлагуудын эх сурвалжийг нь шалгаагүй мэдээнд голдуу “... гэсэн мэдээлэл байна”, “зарим нэг эх сурвалж мэдээлж байна” гэсэн өгүүлбэрүүд байдаг. 

Худал мэдээлэл тархах үйл явц дараах байдлаар үргэлжилнэ. Эхлээд ямар нэг мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдэнэ.  Дараа нь нэг, эсвэл хэд хэдэн мэдээллийн сайтууд тэр мэдээллээс иш татаж, хүмүүсийг улам итгүүлсэн гарчгууд тавьдаг.  Ийм маягаар худал мэдээлэл маш олон уншилт авдаг.  Олон тооны сайтад нийтлэгдсэн худал мэдээ эцэстээ бодит байдлын тусгал юм шиг сэтгэгдэл төрнө. Энэ хугацаанд анхдагч эх сурвалж улам бүдгэрнэ.

Жишээ нь АНУ-д Сэнди хар салхины талаарх нэгэн худал жиргээ хүмүүсийг хэрхэн төөрөгдүүлсэн түүх бий.  Нэгэн нөхөр өөрийн твиттертээ Нью-Йоркийн хөрөнгийн биржийн худалдааны талбай усанд автаж усны түвшин 1 метр хүрсэн гэж бичжээ. Дараа нь энэ жиргээнээс The Weather Channel суваг иш татаж эфирээр цацав.  Удалгүй тус телевиз үерийн усыг бүгдийг нь соруулж авсан гэж мэдээлжээ. Гэвч үнэндээ ямар ч үер болоогүй байж. 

Нэгэн курд бүсгүйтэй холбоотой жишээ бий.  2014 оны 10 дугаар сарын 13 нд Энэтхэгийн нэгэн сэтгүүлч Кобан хотын Рихана нэртэй курд бүсгүй 100 гаруй алан хядагчийг устгасан тухай твиттертээ бичиж бүх жиргээчдэд энэ бүсгүйг алдаршуулахыг уриалжээ. 

6000 гаруй хүн ретвит хийж олон сайтууд мэдээ нийтэлжээ. Дараа нь Лалын бүлэглэлийнхэн бүсгүйг алсан хэмээн мэдэгдэж тохирох зургийг сүлжээнд тавив. Ингэхдээ Риханы толгой хэмээн нэгэн эмэгтэйн толгойг барьсан байв.  Хэвлэлийнхэн үүнд анхаарал хандуулж Daily Mail зэрэг зарим нэг нэр хүндтэй сонинууд хүртэл энэ сэдвээр нийтлэл гаргажээ.

Энэтхэгийн сэтгүүлчийн жиргээ

Daily Mirror, Metro UK и Breitbar сонинууд энэ тухай мэдээг цацахдаа жиргээчдийн бичсэнийг эх сурвалж болгон зарлаж байв.  Гэвч курдын дайчид өөрсдөө Рихан нэртэй ямар ч бүсгүй алагдаагүй тухай мэдэгдсэн байна. 

Монголд ч бас цуурхалын жишээ олон бий.  Ерөөд оны эхээр л гэхэд Монгол оронд хаа сайгүй харь гаригийнхан айлчилж, Өвөрхангайн 9-р ангийн жаахан охин бие засаж байгаад өмдөө татаж амжилгүй харь гаригийн эрстэй нөхцөж Дархан, Эрдэнэт дээгүүр нисч, “нэрт” үзмэрч Ч.Дашцэрэн “Ромбу” гаригтай харьцаж түүнийг нь сэтгүүлч Ш.Гүрбазар дамжуулж, зальт этгээд Д.Дожоодорж алтан цөгцөөр шоудаж, Ховдын Мөнххайрхан сумын 40 гаруй насны эмэгтэй харь гаригийн эцэгтэй болохоо мэдэгдэж байсан инээдтэй түүхүүд байдаг.