Популизмын хар гай буюу Аргентины хямрал
Аргентины Ерөнхийлөгч Кристина Киршнер
2015.03.18

Популизмын хар гай буюу Аргентины хямрал

Латин Америкийн орнуудын хувьд популизм гэдэг нийтлэг зүйл. Гэвч үүнээс хамгийн азгүй нь Аргентин. 100 жилийн өмнө энэ улс АНУ-тай харьцуулахад хамгийн тааламжтай эдийн засагтай, ирээдүйтэй орон байсан ч өнөөг хүртэл амь бөхтэй үргэлжилж буй популизмын гайгаар хамгийн өрсөлдөх чадваргүй эдийн засагтай орны нэг болжээ. 

100 жилийн популизм ба 10 жилийн шинэчлэл

1990-иэд оны эхээр Аргентинд инфляци 5000 хувьд хүрчээ. Шинэ ерөнхийлөгч Карлос Менем currency board хэмээх бодлого явуулж нөөцийн валютын хэмжээг эргэлтэнд байгаа мөнгөний хэмжээтэй тэнцүүлж, доллар үндэсний мөнгөн тэмдэгт хоёрыг хүчээр ижил үнэтэй болгов.

Эхэн үедээ энэ алхам амжилт олж инфляци зогсож эдийн засаг хөл дээрээ босов. Дэлхий даяар Аргентины эдийн засгийн гайхамшгийн тухай ярих болов.

Гэвч 1990-иэд оны сүүлээр байдал дордов. 10-аад жилийн турш эдийн засаг цэцэглэж байна хэмээн ард түмнийг хуурсан нь ил гарч Аргентин улс гадаад өрөндөө дарагдав.  Дээр нь Олон улсын валютын сан эхлээд баахан мөнгө зээлдүүлж байснаа гэнэтхэн больсон нь бүр ч хүнд байдалд оруулав. Родригес Саагийн шинэ Засгийн газар бүрэлдэж песогийн доллартай харьцах үнийг чөлөөлснөөр үндэсний валют үнэгүйдэж дэлхийн түүхэн дэх хамгийн том дефольт болов. Уг Засгийн гурван өдөр наслав.  Саяхан Латин Америкт хамгийн баян гэгдэж байсан орон нэг шөнийн дотор хоосров. Бүх үл хөдлөх хөрөнгө үнэгүйдэж үнэ нь 3-4 дахин унав.  2002 оны эхний улиралд үйлдвэрлэл 20 хувиар буурав. Хүн амын 52 хувь нь ядуу болж хувирлаа.  Худалдан авах ажиллагаа зөвхөн доллараар явагдаж байсан ч доллартай хүн тун цөөн байлаа. 

Хоёр долоо хоногийн дотор 5 ерөнхийлөгч солигдов.

Хоёр долоо хоногийн дотор 5 ерөнхийлөгч солигдов. Нийгэмд эмх замбараагүй байдал үүсч хулгай, дээрэм газар авлаа. 

Олон улсын валютын сан песогоор гүйлгээ хийхийг больж зөвхөн доллар ашиглахыг ятгаж байв.  Хувийн банкууд байгаа мөнгөө аван улс орноос гарч явах гэсэн нь гадагшаа гарах мөнгөний урсгалыг улам нэмэв. Тиймээс Засгийн газар бүх банкны тооцоог зарцаав.

2003 онд Нестор Киршнер ерөнхийлөгч болж нилээд ардчилсан бодлого явуулж эхэллээ.  Тэрээр авлигатай дайн зарлаж олон арван төрийн өндөр албан тушаалтныг халав. Тусгай албадын архивыг дэлгэж, 1973-1983 онд цэргийн хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөв. Түүнчлэн Аргентинд их хэмжээний мөнгө зээлдүүлсэн АНУ, ОУВС-г янз бүрээр аргадаж байлаа.

Нестор Киршнер

Дахиад л эхнээсээ ...

Киршнер хоёр удаа сонгогдсон бөгөөд түүний үед Аргентины эдийн засаг хөл дээрээ босч чадсан юм.

2007 онд Ерөнхийлөгчөөр Киршнерийн эхнэр Кристина Киршнер сонгогдов. Улс оронд эдийн засгийн “гайхамшиг” дахин эхэлж 2001 оны үедээ буцаж ирлээ. Кристинагийн гол хийдэг ажил нь статистикийн тоо баримтаар тоглох. Засгийн газрын албан ёсны тайлангуудад инфляци доогуур гэж бичдэг ч судлаачид, ОУВС-ийн үзэж буйгаар тоо баримт, бодит амьдрал хоёр алд дэлэм зөрөх ажээ. Тиймээс ОУВС худал мэдээлэл өгөхөө үргэлжлүүлвэл зээл өгөхөө болино хэмээн сүрдүүлэв.

Аргентинд хүүхдэд тариа хийсэн, сургуульд хүргэж өгсөн, хогтой уут ураагүй хүн төрөөс тэтгэмж авдаг.

Кристина гэгч энэ эмэгтэй бол зүүний нэртэй популист. Тэр хүмүүст мөнгө тараах дуртай.  Монголын Засгийн газрын өгдөг, өгдөг байсан хүүхдийн мөнгө, гэрлэсний мөнгө гээд төрөл бүрийн мөнгөн амлалт энэ оронд бүгд бий. Түүнээс гадна Аргентинд хүүхдэд тариа хийсэн, сургуульд хүргэж өгсөн, хогтой уут ураагүй хүн төрөөс тэтгэмж авдаг. Гэр бүлээрээ төрийн мэдлийн зочид буудалд амрахад бараг л үнэгүй. 

2012 онд Аргентины ДНБ бүтээгдэхүүн 3 хувийн алдагдалтай гарав. Дотоодод мөнгө зээлэх хүн байхгүй. Гаднаас мөнгө авах гэхээр хэтэрхий үнэтэй.  Гэвч Кристинагийн хувьд энэ асуудал биш. Нэмээд мөнгө хэвлэчихэд болно. Хэтэрхий их мөнгө хэвлэснээс Аргентин дахь мөнгөний хэмжээ 40 хувиар өсчээ.  Тэгэхээр инфляци 26 хувьтай гэхээр гайхах юмгүй.  Дэлгүүрүүд бараг өдөр болгон үнээ өөрчлөхөөс аргагүй болж байна. 

Магадгүй Кристина 2015 оны эцэст Ерөнхийлөгчийн сонгууль болох хүртэл популизмаар тэжээгдэж болох ч Аргентины ард түмнийг 2001 оныхтой адил хямрал нөмрөхөд ойрхон байна.