Хятадын төмөр замын байлдан дагуулал
Хятадын өндөр хурдны төмөр замын урт 16 000 км болжээ.
2015.03.10

Хятадын төмөр замын байлдан дагуулал

Хэн дэд бүтцийг хянана тэр улс орчин үеийн ертөнцөд хүчтэй. Хятадууд энэ зарчмыг 20 жилийн өмнө ойлгож төмөр замын сүлжээг хөгжүүлж эхэлжээ.  Өнөөдрийн Хятадын төмөр замын мега төслүүдийг харахад Хань үндэстэн төмөр замын байлдан дагуулалт хийж байна гэж хэлэхээр байна. Хятадууд дотоодод ч тэр, гадаадад ч тэр төмөр зам барихад мөнгө хайрлахгүй байна.

Дөрвийг харьцах нь дөрөв

Одоохондоо Хятад улс төмөр замынхаа уртаар нэгдүгээрт ороогүй ч удахгүй энэ байранд очно. Сүүлийн 20 жилд барьсан хурдны болон өндөр хурдны төмөр замын сүлжээ Япон, Европын төмөр замын сүлжээг нийлүүлснээс ч их болжээ.

Өндөр хурдны төмөр зам барих анхны төслийг 2004 онд боловсруулж байв. 10 жилийн дараа төмөр замын сүлжээ 28 муж, автоном районууд, хотуудыг хамарчээ. 2006-2010 онд улсын төслөөр баригдсан өндөр хурдны төмөр замыг “4х4” томъёоллоор барьжээ. Хятадын өмнөөс умард руу дөрөв, баруунаас дорно руу дөрөв, нийтдээ 8 том замыг барьж дуусгасан байна. 

Бээжингээс Умардын Харбин хот хүртэлх төмөр замыг  7 жилийн дотор, Бээжингээс Шанхай хүртэлх 1,5 мянган км замыг 4-хөн жилийн дотор барьжээ.  Босоо тэнхлэг хэмээн нэрлэгдэх Бээжингээс Хонконг хүртэлх (Гуанчжоу, Шэньчжэнээр дайрсан) 2200 км төмөр зам бараг бэлэн болжээ. 

Төмөр замын ажил

Зөвхөн 2014 онд ашиглалтад орсон 8000 км замын 5000 нь өндөр хурдны зам байна.  Нийтдээ Хятадад баригдсан өндөр хурдны төмөр замын урт 16 мянган км-т хүрчээ.  Хятадын төмөр замын хөгжлийн хөтөлбөрт тусгаснаар ийм үр дүнд 2020 онд хүрэхээр төлөвлөж байжээ. 

Ийм том төслүүдэд их мөнгө орох нь мэдээж. Хятадын төмөр замын корпорацийн мэдээлснээр 2014 онд төмөр замд хийсэн хөрөнгө оруулалт 800 тэрбум юаньд хүрчээ.

Төмөр зам барих нэг ажил. Харин түүгээр явах галт тэрэг үйлдвэрлэх өөр ажил. Саяхныг хүртэл хятадууд Европ, Хойд Америк, Японы (Bombardier, Alstom, Siemens, Kawasaki) галт тэргийг авдаг байсан бол одоо өөрсдөө үйлдвэрлэдэг болсон байна. Үйлдвэрлээд зогсохгүй гадагш нь нийлүүлдэг болж. 

Шинэ торгоны зам

2011 онд Хятадын зам тээврийн яам Азийн гэх тодотголтой төмөр замын төсөл боловсруулсан талаар мэдэгдсэн.  Стратеги нь энгийн. Хятад улс бусад орноос бэлэн төмөр замыг нь худалдаж аваад засна, нэмээд шинэ зам барина.  Азийн төмөр зам нь Лаос, Вьетнам, Камбож, Таиланд, Малайз, Мьянмар, Сингапур зэрэг өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгч Азийн гол орнуудыг нэгтгэнэ.

Хятадын өндөр хурдны галт тэрэг

Хятадын Засгийн газрын өөр нэг амбицлаг төсөл бол Шинэ торгоны зам. Энэ төмөр зам манай гаригийн 3 тэрбум хүн амьдардаг Евразийн 18 орныг дайрч өнгөрнө. 2014 онд Хятадын олон арван мужаас Төв Ази, Европын орнууд руу 285 барааны галт тэрэг явжээ. 

Түүнээс гадна Хятадууд “Хятад, Пакистаны эдийн засгийн суваг” байгуулах тухай ярьж “Далайн торгоны зам” бий болгох тухай  АСЕАН-ы орнуудтай тохиролцож байна.