Катар дахь орчин үеийн боолчлол
Катар улс цагаач ажилчдын эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа нь дэлхий нийтийн анхааралд өртөв.
2015.03.05

Катар дахь орчин үеийн боолчлол

“Катар-2022” дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэх ажил үргэлжилсээр байна. 12 цэнгэлдэх хүрээлэн, нийт 70 мянган өрөөтэй зочид буудал барьж, метро, хурдан трамвайн системийг шинэчлэх төслүүд эхэлжээ.  Замын шинэчлэлд 20 тэрбум доллар зарцуулахаас гадна 200 хүн амьдрах шинэ хот барих төлөвлөгөө боловсруулжээ. 

Катарт нэг хүнд ногдох сарын орлого 88 мянган доллар. Гэхдээ хамгийн хачирхалтай нь барилга дээр ажилладаг хүмүүсийн жилийн орлого ердөө 3500 доллар. Цэнгэлдэх хүрээлэнгийн барилгууд дээр ажиллаж буй хүмүүс голдуу 15 цагаар долоо хоногт 6 өдөр ажилладаг ч хоногт 8 хан долларын цалин авдаг. 

Катарын иргэншилтэй хүмүүсийн дөнгөж 6 хувь нь хөлсний ажил хийдэг.  Өөрөөр хэлбэл Катарын нийт ажиллагч хүчний 94 хувийг Непал, Энэтхэг, Египт, Бангладеш, Пакистан, Сири зэрэг улсаас ирсэн цагаачид бүрдүүлдэг.  Эдүгээ Катарт ажилладаг гадаад иргэдийн тоо 1,4 саяд хүрчээ.

Цагаачдыг хөлсөлдөг компаниуд анх тэднийг эх орноос нь авч явахдаа сард 500-550 долларын цалин өгч, үнэгүй байр, хоолоор хангах гэрээ байгуулна гэж амладаг.  Гэвч Катарт ирэнгүүт нь  шинэ гэрээ байгуулахыг тулгадаг. Шинэ гэрээг зөвхөн араб хэлээр байгуулдаг бөгөөд анх амласан цалингаас нь байр, хоолны мөнгийг суутгаж авдаг. Эцэст нь цагаач ажилчдын цалин 150-200 доллар л болдог. 

Катарт “кабала” (free vise) гэдэг систем бий.  Энэ нь нэг ёсны Катарын иргэд цагаач ажилчдыг спонсорлож ажилд зуучилдаг систем юм.  Зуучилсан ажилчин болгоныхоо тоогоор улсаас урамшуулал авдаг.  Түүнээс гадна спонсорлогчид тухайн цагаач ажилчин хэзээ, ямар нөхцөлд Катараас явахыг шийддэг аж. Ажиллах зуур ажилчдын паспортыг спонсорлогч иргэн, эсвэл компани хурааж авдаг. Дэлхийн хөдөлмөрийн байгууллагын 2011 оны илтгэлд бичсэнээр кафалын систем нь хүчээр хөдөлмөр эрхлүүлэх, хүн наймаалахын шалтгаан болдог гэжээ. 

Катарт баригдах хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгүүдийн нэг

Олон улсын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын судалснаар ажилчдын байранд орж чадаагүй цагаачид захын хорооллоор амьдардаг. 10-12 хүн нийлээд 10х15 харьцаатай өрөөг сард 680 доллараар хөлсөлдөг. Ажилчдын лагерт ч ялгаагүй нөхцөл муу. Нэг орон дээр дор хаяж хоёр хүн унтах жишээтэй. Цэвэр ус, агааржуулалт байхгүй. 

2010-2014 онд Катарт 1300 хүн барилга дээр ажиллаж байгаад осолдож нас барсан байна.  Олон улсын хөдөлмөрчдийн байгууллагын тооцоолсноор хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгүүдийг барих хугацаанд энэ тоо 4 дахин өсөх магадлалтай. Нас баралтын хамгийн түгээмэл шалтгаан нь гэнэт зүрх зогсох, өндрөөс унах, амиа хорлох. Зөвхөн 2012 онд гэхэд өндрөөс унаж цаашид ажиллаж чадахаа байтлаа гэмтсэн хүмүүсийн тоо хэдэн мянга.

Тиймээс Олон улсын хөдөлмөрчдийн байгууллага “Катар -2012 – т улаан карт өг” нэртэй компанит ажил өрнүүлсэн байна.  Уг байгууллага Катарын барилгууд дээрх боолчлолд Дэлхийн хөл бөмбөгийн холбоо, Олон улсын олимпийн хороог буруутгаж байна.