Нэг долларын үнэтэй хороолол
1923 оны Герман улс. Дэлхийн нэгдүгээр дайн Германы эдийн засгийг сүйтгэв. Эхлээд Засгийн газар Антанттай тэмцэхийн тулд маш их мөнгө зарцуулав. Дараа нь дайнд ялагдаж ялагч гүрнүүдэд дааж давшгүй дайны төлбөр өгөх болов. Рейхсбанкийн мөнгө хэвлэх машин секунд ч зогсолгүй ажиллаж байсан ч үнэ тэнгэрт хадав. Инфляцийн түвшин сард 3 сая хувьд хүрж байлаа. Улс орон хувьсгал, өлсгөлөн бослогын ирмэгт ирэв.
Антантын өшөө авалт
Герман улс Дэлхийн нэгдүгээр дайнаас сүйрлийн байдалтай гарсан юм. Газар нутаг бүрэн бүтэн, дэлгүүр, театр, ресторанууд ажиллаж амьдрал өөрийн гольдрилоор үргэлжилж байлаа. Гэвч Антанттай хийсэн тэмцэл эдийн засгийг элгээр нь хэвтүүлэв. Дайн байлдаан дотоод нөөцийг хоосолж, Засгийн газар олон сая цэргийн амиар баруун болон зүүн фронтод дайныг үргэлжлүүлэхийн тулд үнэт цаас гаргав. 1914 он гэхэд Германы төсвийн алдагдал 80 хувьд хүрлээ. Дараагийн жил 90 хувь давав. Хоёрдугаар Кайзер Вильгельм дайнд ялсны дараа Орос, Франц, Англиас алдсанаа авна гэж тооцож байлаа.
Гэвч Герман ялагдаж 1919 онд Версалийн гэрээ байгуулагдаж Герман улс өнөөгийн Хойд Солонгостой адил адлагдсан улс болов. Германыг өөрийн армитай байх эрхийг нь хасч, колониуд болон Европ дахь зарим газар нутгийг нь хурааж авав. Цаасан марк алтан маркаас 10 дахин бага үнэтэй боллоо. Долларын үнэ өсөв. Гэхдээ үнийн огцом өсөлт эхлээгүй байлаа.
Герман улс дайны төлбөрийг 100 жилийн туршид төлжээ.
1921 он болоход инфляцийн тэсрэлт боллоо. Маркийн ханш унаж, мөнгөний хэмжээ ихэссэн нь инфляци үүсэх урьтач нөхцөл болжээ. Ялагч гүрнүүдийн Германд тулгасан өрийн баримтууд нь инфляцийн хурдасгуур болов. Герман улс 269 тэрбум алтан маркийн өрөнд унасан нь санхүүгийн системийг сөхрүүлэв. 1919 онтой харьцуулахад үнэ 40 хувь өсч, марк доллараас дахин үнэгүйдэв.
Үлгэрийн юм шиг үнэ
Эдийн засгийн сүйрэл хамгийн түрүүнд хүн амын амьдралд тусав. Дунд ангийнхан ядуурч, ядуус нь бүр гуйлгачин болов. Хуримтлал үнэгүйдэж, цалингаар авах зүйл бараг байхгүй боллоо. Санхүүгийн системийг яаж ийгээд тогтоон барихын тулд Рейхсбанк өдөр, шөнөгүй марк хэвлэж байв.
Ялагч орнууд маркаар дайны төлбөр авахаас татгалзав. Өрөө төлөх мөнгө олохын тулд гадаад валютаар гадагш бараа гаргах хэрэгтэй байв. Ингэснээр байгалийн баялаг, хүнс зэрэг үнэ хүрэх бүх зүйл Германаас урсаж эхэллээ. Барааны оронд авсан мөнгө нь дайны төлбөр хэлбэрээр буцаад гардаг байлаа. Ажилчдад өчүүхэн маркаар цалин олгож байв. Инфляци улам гаарч, маркийг улам ихээр хэвлэх болов. Өдөр болгон үнэ нь нэмэгдэх хүнсний бүтээгдэхүүн, хилийн чанадад илгээх барааг үйлдвэрлэхийн тулд цалинг нэмэх хэрэг гарав.
Маркаар гал түлэх нь түлээ худалдаж авснаас хямд байв.
1923 онд ялагч орнуудын дарамтыг даахаа байсан Германы эрх баригчдын тэвчээр барагдаж Франц, Бельгид үнэгүй нүүрс экспортлохоос татгалзав. Франц, Бельги удалгүй нүүрсний уурхай байрлаж байсан Рурийн мужид цэргээ оруулав. Марк улам үнэгүйдэж нэг доллар 20-50 мянган маркийн үнэтэй болов. Харин зун нь 800 мянган марк, намрын эхээр 5 сая маркийн үнэтэй болов.
1923 оны хоёрдугаар хагасад мөнгөний хэмжээ 130 мянга дахин өсчээ. Төрийн хэвлэх үйлдвэрүүд шаардлагатай мөнгийг хэвлэж амжихгүй байсан тул хувийн компаниудад хандав. Мөнгө хэвлэх зардлыг багасгахын тулд дэвсгэртийн чанарыг бодолгүй цаас, будгаа хэмнэж эхэллээ. Мөнгийг муу чанартай цаасны нэг талд хэвлэх болов. Эцэст нь мөнгөн дэвсгэртээр пийшин халаадаг болов. Яагаад гэвэл мөнгө түлэх нь түлээ худалдаж авснаас хямдхан байв. Түүнчлэн обойн оронд хананд наадаг байв. Дээд тал нь 100 их наядын мөнгөн дэвсгэрт бий боллоо.
Дээд тал нь 100 их наядын мөнгөн дэвсгэрт бий боллоо.
Хоёр хоног тутамд үнэ хоёр дахин өсч, инфляци сард 3,2 сая хувьд хүрэв. Нэг талх 400 тэрбум маркийн үнэтэй болов. Хоёр долоо хоногийн дотор хагас кило махны үнэ 36 тэрбумаас 900 тэрбум болтол өсөв. Дайны дараа 3 маркийн үнэтэй байсан масло 6 их наяд маркийн үнэд хүрэв. Дараа өдрийн үнийн өсөлтөөс сэргийлж ажилчид өдөрт цалингаа хэд хэдэн удаа авч байв.
Хожим нь Германы Батлан хамгаалахын сайд болсон Альберт Шпеерийн сонирхолтой дурсамж байдаг. 1923 оны эхээр тэр Карлсруэд байхдаа эцэг эхдээ ингэж захидал бичжээ. “Энд бүх зүйл хямдхан. Зочид буудал нэг хоногийн 400 мянган марк. Оройн хоол 1,8 тэрбум марк. Хагас литр сүү 250 мянга”. Гэвч хэдхэн хоногийн дараа оройн хоол 20 тэрбум болов.
Ахмад дайчид, тэтгэвэрийнхэн, орлого багатай хүмүүс, жижиг дарга нар зэрэг төсвөөр цалинждаг байсан хүмүүс бүрэн дампуурав. Өлсгөлөн, амиа хорлолт газар авлаа.
Доллартай хүний аз, долларгүйнх нь хохь
Тэр үед доллартай байсан хүн хага баяжиж байлаа. Наймаачид голдуу хүмүүс маркийн үнэгүйдлийг ашиглан хөрөнгөжив. Түүнчлэн доллартай гадаадууд амьдрахад таатай үе байлаа.
Маркийн 5 тэрбумын дэвсгэрт
1920-иод оны Германд амьдарч байсан Оросын дуучин Александр Вертинскийн дурсамжаас сонирхоё. Дурсамжид бичсэнээр валютын наймаачид нэг доллараар бүтэн байшин худалдаж авч байжээ. Маркийн үнэгүйдэл туйлдаа хүрэхэд нэг доллараар нэг байшин биш бүхэл бүтэн хорооллыг худалдаж авах боломжтой боллоо.
Хамгийн их баяжсан хүн бол Хуго Штиннес. Тэрээр дайны үед төрийн захиалгаар баяжсан аж. Хуго нь нүүрсний болон металлургийн боловсруулах үйлдвэр ажиллуулж гадаадад экспортолдог байв. Доллартай байсан тэр өөрийн бизнесийг тэлж өчүүхэн мөнгөөр бүхэл бүтэн цаасны үйлдвэр, нэхмэлийн үйлдвэр, нефтийн завод, сонины газар, кино студи худалдаж авав. Эцэст нь 3 мянган үйлдвэр, 4,5 мянган компани Хугогийн мэдэлд оржээ.
Гэвч инфляцийн галзуурал эцэс төгсгөлгүй үргэлжилвэл хувьсгал, нийгмийн хямралд хүргэх аюултай байв. Нөхцөл байдлаас гарахын тулд Төв Банкны захирлаар банкны мэргэжилтэн, эдийн засагч Ялмар Шахтыг томилжээ.
Шок ба тогтвортой байдал
Шахт маркийг шинээр гаргах төлөвлөгөө боловсруулав. Хуучин дэвсгэртүүдийг хууль бус хэмээн зарлалаа. Германы үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийн хөрөнгийг барьцаалж шинэ мөнгө гаргав. Төв банк харгис гэмээр мөнгөний бодлого явуулж мөнгө хэвлэх машиныг шаардлагагүй бол ашиглахаа болилоо. Нэг шинэ марк тэрбум хуучин марктай тэнцэж байв. Нэг доллар 4 маркийн үнэтэй болов.
Ялмар Шахт
1923 онд 11 дүгээр сарын 5 нд шинэ валюттай болсон талаар албан ёсоор зарлав. Валютын наймаагаар баяжиж байсан хүмүүсийн хувьд жинхэнэ шок боллоо. Олонхи нь дампуурав. Хугогийн эзэнт гүрэн унаж олон мянган компаниа ажиллуулах шинэ мөнгөгүй болов. Гэхдээ энгийн иргэд Шахтын бодлогыг алга ташин хүлээж авлаа. Удалгүй мөнгөний ханш тогтворжив.
Германы санхүүгийн систем эрүүлжсэн нь олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татав. Түүнээс гадна ялагч орнууд эцэс төгсгөлгүй шунахаа больж шаардах төлбөрийн хэмжээгээ багасгав. Эдийн засаг тогтворжиж шинэ маркийн ханш 1948 оныг хүртэл үргэлжилсэн юм.
Дэлхийн нэгдүгээр дайны төлбөрийг Герман улс 100 жилийн турш төлжээ. Хамгийн сүүлд 2010 онд Меркелийн Засгийн газар сүүлчийн 70 сая еврогийн өрийг барагдуулжээ.