Нөхөр ч биш, дайсан ч биш
ОХУ-ын В.Путин, Их Британы Ерөнхий сайд Дэвид Кэмерон нар Сочийн Олимпийн үеэр
2015.03.02

Нөхөр ч биш, дайсан ч биш

Орос, Их Британы харилцаа угаас сайн байгаагүй.  “Литвиненкогийн хэрэг”, Украйны талаархи эсрэг байр суурь, Англичуудын АНУ-ын далбаанд орсон байдал зэргээс болж Москва, Лондонгийн харьцаа тааруу явж ирсэн. Түүнээс гадна Их Британий иргэдийн талаас илүү нь хамгийн их дургүй орон нь ОХУ гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч ийм хүйтэн хөндий байх нь хэн хэндээ ашиггүй.

Орос, Их Британий харилцаа муудахаар ямар нэгэн тагнуулын дуулиан гардаг. Саяхан гарсан тагнуулын маргаан нь гурав дахь удаагийн тохиолдол боллоо. 1963 онд ЗХУ-ын талд ажиллаж байсан “Кембриждийн тав”-ын хэрэг гарсан. 1971 онд Лондон Зөвлөлтийн 105 дипломатыг албадан гаргасан. 1985 онд КГБ, Оросын Тагнуулын төв газрын 31 ажилтан Их Британийг орхисон билээ. 

Өнөөдөр Английн улс төрийн хүрээнд сонирхолтой амьдрал буцалж байгаа. Ээлжит парламентын сонгууль ойртож буй энэ үед улс төрчид сонгогчдод тал засахын тулд өдөөн хатгасан янз бүрийн мэдэгдэл хийж байна. Ерөнхий сайд Дэвид Кэмерон ч энэ уралдаанд оролцож консерваторуудыг ялалтад хүргэнэ гэж зүтгэж байна. Тэрээр Их Британийг Европын холбооноос гаргах бүх нийтийн санал асуулгыг явуулна гэж амлажээ.

Батлан хамгаалахын сайд Майкл Фэллон Оросыг Исламын бүлэглэлтэй адилтган үзжээ.

Ирээдүйн сонгууль Кэмероны Орост хандах хандлагад ч нөлөөлөв. 56 хувь нь Оросод дургүй Англичуудын талд тэр орохгүй байхын аргагүй. Бүр  Хойд Солонгос, Иранаас ч илүү дургүй. Батлан хамгаалахын сайд Майкл Фэллон Оросыг Исламын бүлэглэлтэй адилтган үзжээ.

Украйны хямралыг зохицуулахад Их Британи оролцохоос татгалзсанд олон нийт дургүй байна. Английн хэвлэлүүд Их Британи Европ дахь лидерийн байр сууриа Герман, Францад алдсанд Засгийн газраа буруутгасан.

Харин Оросын хувьд Их Британи нь тийм ч аюултай өрсөлдөгч биш. Кремлийн эрх баригчид Лондонг АНУ-ын гадаад бодлогыг дамжуулагч маягаар хүлээж авдаг. Их Британий санаачлагаар Европын холбоо Оросын эсрэг бодлого явуулж эхэлсэн. Английн хэд хэдэн иргэн осолдож амиа алдсан Боинг онгоцны сүйрлийн дараа Их Британи бүр ч идэвхтэй болсон. 

Дэвид Кэмерон Оросын эсрэг хандлагаар сонгогчдыг татахыг хичээж байна.

Өнөөдөр Их Британи Украйнд зэвсэг өг гэж Европыг ятгахгүй байна. Учир нь дотоод улс төрийн амьдралд эсрэг хандлагууд бий болжээ.  Нэг талаас Украйнд зэвсэг өгөх Америкийн шугамыг дэмжигчид парламентын танхимд бий.  Гэхдээ нөгөө талаас Оростой зөөлөн харьцахыг сануулж буй хүмүүс байна.  Их Британий Тусгаар тогтнолын намын (UKIP) лидер Найджеп Фараж Европарламентад үг хэлэхдээ “Исламын улстай хийж буй дайнд В.Путин бидэнтэй нэг тал. Иргэд рүү чиглэсэн үндсэн аюул юу болохыг бид ухамсарлах ёстой. Украйнд дайны тоглоом тоглохоо больж Сири, Ирак, Кени, Нигери зэрэг нөхцөл хүндэрсэн орнуудад туслах хэрэгтэй. Ямар хандлагатайгаас үл хамааран Путиныг өдөөн хатгахаа больё” гэж хэлжээ. 

Олон нийтийн санаа бодлыг даган өөрчлөгддөг, тодорхой байр суурьгүй, АНУ-ын амыг харсан байдал ирээдүйд стратегийн алдаанд хүргээд зогсохгүй, дэлхий дахинд Лондонгийн нэр хүнд ганхахад хүргэх аюултай. Москва, Лондон хоёр энхийн цагт хэзээ ч дотно холбоотнууд байгаагүй ч Наполеоны эсрэг дайн, Дэлхийн 1,2 дугаар дайн зэрэг хүнд хэцүү дайны өмнөхөн нэг талд ордог.  Британий Эзэнт гүрний үе өнгөрч, ЗХУ задран унасны дараа Орос, Англи хоёрт өрсөлдөх талбар үлдээгүй ч хамтран ажиллах боломж бий.  Тухайлбал Москва, Лондон хоёр Европын холбооны хөгжил, түүн дэх Германы нэг талын оролцооны тухайд санал нэгддэг.