Дэлхийн 154 сэтгүүлчийн хамтран хийсэн эрэн сурвалжлага
Энэ системд дэлхийд хоёрдугаарт орох банкны групп Британий “HSBC” банк оролцоод зогсоогүй, Швейцарт байрлах охин компани HSBC Private Bank-аар дамжуулан татвараас бултах системийг улам төгөлдөржүүлж байв.
2015.02.10

Дэлхийн 154 сэтгүүлчийн хамтран хийсэн эрэн сурвалжлага

Францын “Le Monde” сонин хамгийн дуулиантай гэгдэх нэгэн эрэн сурвалжлагынхаа эхний хэсгийг олонд дэлгэж байна. Парис, Вашингтон, Брюссель, Женевын хамтын зүтгэлээр татвараас бултах дэлхийн хэмжээний нууц системийг дэлгэв. Энэ системд дэлхийд хоёрдугаарт орох банкны групп Британий “HSBC” банк оролцоод зогсоогүй, Швейцарт байрлах охин компани HSBC Private Bank-аар дамжуулан татвараас бултах системийг улам төгөлдөржүүлж байв.

Le Monde сонин HSBC банкийг байгуулагдсан цагаас үйл ажиллагааг нь мөрдөж эхэлжээ. Ноднин сонины редакци дэлхийн банкнуудын 2005-2007 оны гүйлгээний баримтуудыг олж авсан байна.  Энэ баримтууд нь дэлхийн хэмжээнд санхүүгийн ямар том далд систем ажилладагийг гэрчилж байна.  Үүний дараа тус сонин өөрийн мэдээллээ Олон улсын сэтгүүлчийн эрэн сурвалжлагын байгууллагаар дамжуулж 60 гаруй хэвлэлийн байгууллагад тараажээ.  Энэ дуулиантай хэрэг олон улсын банкны системд хүнд цохилт өгөөд зогсохгүй Холливудын нэрт жүжигчин Жон Малковичаас эхлээд Мароккогийн хаан Мухаммедыг хүртэл сандаргах нь зайлшгүй.

Мөрдөгчдийн мэдээлж буйгаар 2006.11.09-2007.03.31 ний хооронд HSBC банкны Женев дэх тооцооны төвөөр 100 мянган хувь үйлчлүүлэгч, 20 мянган оффшор компаний нийтдээ 180,6 тэрбум евро дамжсан байна. Чухам энэ үед Эрве Фальчиани гэгч HSBC Private Bank-нд өмнө ажиллаж этгээд тус банкнаас тооцооны цахим баримтуудыг авч гарсан байна.

2008 оны эцсээр Фальчиани хулгайлсан баримтуудаа эхлээд өндөр үнээр зарах гэж оролдсон ч дараа нь бодлоо өөрчилж Францын татварын албанд дамжуулж өгчээ.  2009 оны эхнээс Францын хуулийн байгууллагууд “Фальчианий бүртгэл” нэртэй энэ хэргийг мөрдөж Францын иргэншилтэй 3000 хүнийг татвараас зайлсхийж HSBC Private Bank-д хөрөнгөө нуусан хэргээр сэжиглэж эхэлсэн ч энэ нь дээрх хэргийн зөвхөн өчүүхэн хэсэг байжээ. Татвараас зугтсан хүмүүс мөнгөө нуухад HSBC Private Bank өөрөө тусалж байсан байна.  Хэрэг нэгэнт иймдээ тулсан болохоор HSBC Private Bank нь хуулийн этгээдийн хувьд хууль бус санхүүгийн үйл ажиллагаа явуулсан, татвараас нуусан мөнгийг угаасан хэрэгт буруутгагдаж таарна. 

HSBC Private Bank оффшор бүсдээ Францын иргэдийн 5,7 тэрбум еврог нууж байв. Хэргийн мөрдөлтөд нэгдэж орсон Францын Сангийн яам зөвхөн 62 хүнд холбоотой материалыг хуулийн байгууллагуудад хүргүүлсэн. (Эдгээр 62 хүний дотор “Nina Ricci” группын өв залгамжлагч цохиж яваа бөгөөд Парисад хэдхэн хоногийн дараа шүүх хурал нь эхэлнэ). Харамсалтай нь “Фальчианий бүртгэл”-д байсан француудын олонхи нь өөрийн мөнгөө хуулийн хамгаалалтад оруулж амжсан байна.

Джон Малкович

2014 оны нэгдүгээр сарын сүүлээр le Monde сонин хэргийн мөрдөн байцаалтын талаар анхны өгүүллийг нийтлэв. Гэвч гүнзгий анализ хийж чадсангүй.  Хэдхэн өдрийн өмнө Парисын редакцид нэрээ нууцлахыг хүссэн нэг хүн ирж нэгэн флаш өгчээ.  Флашанд байрлах баримтуудыг  Францын хуулийн байгууллагууд 2009 оноос “Фальчианий бүртгэл”-д суурилан маш нууц байдалд цуглуулж байсан бөгөөд заримдаа улс төрийнхний зүгээс шахалт ирдэг байжээ.

Харин одоо “Фальчианий бүртгэл”-д хэн хэн орсныг сонирхоё.  Зэвсэг, хар тамхины наймаачид, алан хядагч бүлгүүдийн санхүүчид, спорт, шоу-бизнесийн одууд, эдийн засгийн нэртэй зүтгэлтнүүд.  Тэдний ихэнх нь Щвейцарьт мөнгөө нуухыг хүсчээ. Олон улсын эрх зүйн үүднээс үзвэл мөнгөө нуух энэхүү харилцаа хууль бус гэдэг нь тодорхой. Жагсаалтад орсон хүмүүсийн дунд цалингаа бүртгүүлээгүй францын мэс засалчид, Бельгийн үнэт эрдэнэсийн худалдаачид гээд олон янзын хүн бий. Түүнчлэн Европод нацизмын давалгаа эхэлвэл өмч хөрөнгөө Щвейцарт найдвартай хадгалахыг зорьсон еврейн гэр бүлүүд ч байна.

Оффшор бүтцүүд

HSBC Private Bank нь хууль бус үйлчилгээгээ өөрөө санал болгож Панам, Британий Виргиний арлуудад байрлах оффшор бүсүүдэд нууж өгч тусалдаг байв.  Энэ нь үйлчлүүлэгчид Европт байдаг хэд хэдэн төрлийн татвараас зайлсхийх боломжийг олгож байв. Тухайлбал Европын холбоо 2005 оноос хойш мөнгөн хуримтлалын татвар авдаг болсон юм. Мөрдөгчид мөнгө нуусан үйлдлийг эд зүйлийн баримтаар нотолж байна.

le Monde сонин дээрх хэргийг уг үндсээр нь гаргаж тавихын тулд 47 орны 55 хэвлэл мэдээллийн хэрэгсэл, 154 сэтгүүлчтэй хамтарсан эрэн сурвалжлага хийжээ.

HSBC Private Bank, Щвейцарийн улс төр, шүүхийн эрх баригчид Францын хуулийн байгууллагын дэлгэж тавьсан баримтуудыг няцааж байгаа бөгөөд анхнаасаа ямар ч баримт хулгайлагдаагүй гэж мэлзэж байна.  2014 оны 12 дугаар сард Щвейцарийн холбооны прокурорын алба Эрве Фальчианиг эдийн засгийн тагнуул хийсэн, арилжааны болон банкны нууц задруулсан хэргээр буруутгаснаа зарласан. 

Гэвч сэтгүүлчид, мөрдөгчдийн гарт мөнгөө нууж байсан хүмүүсээс өөрсдөөс нь авсан нотолгоо байгаа аж. HSBC Private Bank-ийн хувьд дэлхийн тавцанд нэр нүүрээ алдаж сүйрэхгүйн тулд Францын шүүхийн байгууллагуудтай тохиролцоо хийхийг оролдож байна.