Германыг Европын холбооноос хөөж гаргах хэрэгтэй
Өнгөрсөн жил Германы гадаад худалдааны тэнцэл 217 тэрбум еврод хүрч рекорд тогтоов. Ингэснээр Герман Хятадын дараа хоёрт орох экспортлогч боллоо. Зарим шинжээчдийн үзэж буйгаар энэ нь Европын эдийн засгийн зогсонги байдлын дэргэдэх гялалзсан од, өсөлтийн зүтгүүр болгон харагдуулж байна. Гэтэл үнэн хэрэгтээ Германы өсөлт нийт Европын холбооны асуудал болоод байгаа аж. Өөрөөр хэлбэл Герман улс Европын эдийн засгийг бэхжүүлэхийн оронд сульдааж байна. Евро бүсэд тус хүргэе гэж байгаа бол Герман улс Европын холбооноос гарах хэрэгтэй.
Нийгэмд иймэрхүү санаа цухалзах үед Германчуудын өгөх хариулт бэлэн. Тэд Германы эдийн засаг өрсөлдөх чадвар сайтай учраас худалдааны тэнцэл өндөр гардаг, хүмүүс Германы чанартай барааг худалдаж авахыг хүсдэг учраас өөр арга байхгүй гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл ЕХ-ны бусад улсууд хувийн тоглолт хийхээ больж Германтай адил замаар явах ёстой болж байна.
Аль 1817 онд эдийн засагч Давид Рикардо (David Ricardo) худалдааны хөгжлийн үндэс нь харьцангуй давуу тал болохоос туйлын давуу тал биш гэдгийг хэлсэн. Тухайн орон сайн хийдэг зүйлээ экспортолж, муу хийдгээ импортлох хэрэгтэй. Бүх барааг сайн хийх чадвартай байлаа гээд бүгдийг хийх ёстой гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл экспортоос маш их хэмжээний орлого олдог орон мөнгөө үрэлгүй хадгалдаг, шинэ зүйлд зарцуулалгүй хав дардаг ёс хаана ч байхгүй.
Нэгдсэн валюттай нөхцөлд Европын холбооны улсууд бие даасан мөнгөний бодлого явуулах боломжгүй
Европын хямралыг өрийн хямрал гэж нэрлэдэг ч үнэндээ Европын холбоо гадаад өр бус, дотоод өрийн асуудалд орчихоод байгаа. Германы худалдааны тэнцлийн илүүдэл, бусад Европын холбооны улсуудын өр хоёр бол нэг зоосны хоёр тал. Герман улс байнга мөнгө хуримтлуулж, хуримтлуулсан мөнгөө зээлдүүлж ирсэн. Харин зээл авсан орон эргээд Германы барааг авч таарна. Герман улс хураасан мөнгөөрөө дотоодын хөрөнгө оруулалт хийх дургүй.
Улс болгон өөрийн гэсэн мөнгөний бодлоготой байдаг. Гэвч нэгдсэн валюттай Европын холбооны улсуудын хувьд ийм бодлоготой байх боломжгүй. Ийм нөхцөлд зээл авсан орнууд бүсээ чангалж, хамгаа шавхан өрөө төлөхөөс өөр аргагүй болов. Зээлдэгч орнууд Германаас бараа худалдаж авахаа багасгав. Ялангуяа Португали, Ирланд, Итали, Грек, Испани зэрэг орнуудын Германтай хийх худалдаа эрс багасав. Ингэснээр Европын холбоо зөвхөн өөрийн хүчээр хямралаас гарч буй сэтгэгдэл төрөв.
Гэвч Евро бүс гацаанд оров. Гишүүн орнууд хоёр чиглэлд урагшлах хэрэгтэй байсан ч нэгдсэн валюттай учир зөвхөн тэргүүлэгч орны заасан замаар явахаас аргагүй болов. Германы жишгээр бол Европын холбоо бага зарцуулж их хуримтлуулах хэрэгтэй болж байна.
Нэг талаар Германы хүн ам хөгширч буй учраас мөнгө хуримтлуулах гэж хүсч буйг буруутгах аргагүй. Гэвч дотоодод мөнгө хэрэгтэй байгаа нөхцөлд энэ хуримтлалыг гадагш зээл болгон өгч таарахгүй. Герман улс дотоодод зарцуулах мөнгөнөөсөө танаж бий болгосон хуримтлалаараа Европын холбоон дахь худалдааны тэгш бус байдлыг улам өөгшүүлэн дотоод, гадаадад зээл олгож байгаа нь өсөлт биш, хүмүүсийн тархийг угаасан хэрэг юм. Германы өсөлт бол бусад улсуудын өр. Энэ нь Германд ч тэр, нийт дэлхий дахинд ч тэр хол явахгүй стратеги.