Шугаман бус дайн
Жилийн өмнө хэн ч Украйны хямрал ийм түвшинд хүрнэ гэж төсөөлөөгүй байв. Байдлаас харахад олон улсын харилцаа шугаман бус хөгжлийн шатанд шилжлээ гэж болно. Ийм нөхцөлд жижигхэн чулуу ч хөдлөхөд уул нурж, өнөөдөр боломжгүй санагдаж байсан зүйл маргааш гэхэд дадал зуршил болдог. Зах зээлийн суурь хүчин зүйлд яльгүй өөрчлөлт гарахад нефть, рублийн үнэ навс унав.
Украйнд болж буй дайн бол дэлхийн хамгийн анхны шугаман бус дайн. Дундад зуун, 19 дүгээр зууны дайнуудад голдуу хоёр тал тулалддаг байв. Энэ нь хоёр үндэстэн, эсвэл хоёр улс. Харин өнөөдөр дөрвөн тал хоорондоо үзэлцэж байна. Ингэхдээ хоёр нь хоёрын эсрэг, гурав нь нэгийн эсрэг биш, бүгдээрээ бүгдийн эсрэг.
Украйны шугаман бус дайны талаар тодруулж яръя. Дайны талаарх уламжлалт ойлголтын үүднээс харахад Оросууд мөргөлдөөнд шууд оролцохгүй байгаа нь хачирхалтай санагдаж байгаа ч шугаман бус хандлагын үүднээс энэ бол зөв стратеги. Биологийн хуулиар тайлбарлавал хоёр популяци тэмцэлцэхэд эцсийн дүнд анхнаасаа сул дорой байсан нь ялчих тохиолдол бий. Яагаад гэвэл хүчирхэг тал нь ялалтанд хүрэх гээд хэтэрхий их энерги зарцуулдаг (үзэл суртлын илүүдэл, хэтэрхий их зардалтай компанит ажлууд). Харин сул дорой нь хэдийгээр удаан ч аажмаар түрүүнд нь гардаг.
Ийм байдлаар дэлхийн гол тоглогчид улс төр, эдийн засгийн үйл явцад шугаман бус аргаар нөлөөлөхийг хичээж байна. Дэлхийн нөхцөл байдал тэртэй тэргүй тогтворгүй байна. Өнгөцхөн харахад бүх зүйл хэвийн мэт санагдавч бодит байдал санаснаас ч дор. Улс төрийн нөхцөл байдлаас үүдээд дэлхийн эдийн засгийн томоохон тоглогчид аюулгүйн арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал дэлхийн хеж фондын (хөрөнгө оруулалтын сангийн нэг хэлбэр) топ менеджерүүд Шинэ Зеланд мэтийн алслагдсан орнуудын компаниудыг худалдаж авч байна. Яагаад гэвэл байдал эвгүйтвэл зугтахад бэлэн байхын тулд. Нийгэмд тэгш бус байдал улам газар авч байгаа ч Засгийн газруудын ажил уг үйл явцыг улам гүнзгийрүүлэхээс бус шийдэхгүй байна.
Аюулаас бултаж болох цорын ганц арга нь Ялтын гэрээний системээс цөөхөн боломжуудыг ашиглах.
Үүнтэй зэрэгцээд Барууны орнуудад хүчний арга хэрэглэх хандлага улам хүчээ авч байна. Энэ хандлага цагдан дарамтлах уламжлалт бүтцээс гадна хувийн болон хагас хувийн шинжтэй хүчний байгууллагуудаас үүсэлтэй. Эдгээр сөрөг үйл явцыг зогсоох нэг арга бий. Тухайлбал “шинэ маягийн” Ялтын гэрээ байгуулж болно.
Нийгэмд олон аюулын харанга дэлдэж байгаа ч Барууны улс төрийн систем нь энэ бүхэнд хатуухан хариу өгөх чадварыг анхнаасаа эзэмшээгүй. Барак Обама, Франсуа Олланд, Ангель Меркель гурвыг нийгмийн амьдралын хэв маягийг эрс өөрчлөх зоримог шинэчлэх хийнэ гэж төсөөлөхөд хэцүү. Барууны ертөнц бүрэн хэмжээний хямралд орж, удирдлагын уламжлалт арга барилууд үйлчлэхээ байсан цагт улс төрийн ширүүн дайчилгааг хийх боломж бүрдэнэ. Гэвч нийгэм эрс өөрчлөлтөд дургүй байдаг. Тухайлбал Их хямралын дараа өрнөсөн Рузвельтийн өөрчлөлтийг Америкийн улс төр, эдийн засгийн элитүүд үзэн ядаж байв. Орчин үеийн лидерүүдэд дайчлах байтугай хариу үйлдэл үзүүлэх ч чадал байхгүй, боломж ч байхгүй. Тиймээс одоо аюулаас бултаж болох цорын ганц арга нь Ялтын гэрээний системээс цөөхөн боломжуудыг ашиглах.