Назарбаевын "гэгээн зам"
Фото: Шамиль Жуматов / Reuters
2015.03.09

Назарбаевын "гэгээн зам"

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев “Нурлы жол” (гэгээн зам) нэртэй эдийн засгийн шинэ бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн тухайгаа зарласан.  Ашигт малтмалаас олсон олон сая тэрбумын орлогыг тээврийн дэд бүтэц, нийгмийн хамгааллын хөтөлбөрүүд, орон сууц болон бусад төсөлд зарцуулахаар болжээ. Назарбаевын үзэж буйгаар “Нурлы жол” нь дэлхийн эдийн засаг хямралын байдалтай байх ойрын жилүүдэд Казахстаны эдийн засгийн хөдөлгүүр болох аж. Шинэчлэл эдийн засагт төдийгүй, төрийн амьдралд ч өрнөнө. Саяхан “ээлжит ээлжит бус” ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлаж 2015 оны 4 дүгээр сарын 26 нд явуулахаар болсон.  Нэр дэвшигчид хэдийнэ тодорч эхэлсэн. Тэртэй тэргүй Назарбаев ялах нь тодорхой учраас түүнд ард түмнээ “гэгээн замаар” хөтлөх томхон ажил тулгараад байна. 

Ээлжит бус сонгууль явуулах саналыг анх Ардын Ассамблейн Зөвлөл гаргав. Дараа нь ерөнхийлөгч зарлиг гаргаж энэ сонгуулийг дараа сарын 26 нд явуулахаар болжээ.  Зөвлөл уг саналыг гаргасан шалтгаанаа хэлэхдээ 2016 онд товлогдсон байсан ерөнхийлөгчийн сонгууль нь парламентын сонгууль болон эдийн засгийн хүндрэлтэй давхцаад байсан гэж тайлбарлажээ. 

Ээлжит бус сонгууль явуулах саналыг бараг бүх улс төрийн нам, олон нийтийн байгууллага,  хөдөлмөрийн хамт олон, бүх түвшний депутатууд, сенаторууд болон бусад эрх мэдэл бүхий хүмүүс дэмжсэн байна. Үндсэн хуулийн зөвлөл ч гэсэн явуулахгүй байх үндэс байхгүй гэж үзжээ. Назарбаев өөрөө болохоор Парламентын сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт хийх нь Үндсэн хуулинд харш гэсэн тайлбар хийсэн. Гэхдээ яагаад парламентын сонгуулийг наашлуулж, эсвэл ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулж болоогүй юм бол гэдэг нь ойлгомжгүй. Ямартаа ч Назарбаев хэргийг хойш тавилгүй дахин сонгогдохоор шийдсэн бололтой.

Казахстаны хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй субъект нь албан ёсны бүртгэлтэй олон нийтийн байгууллага. Түүнчлэн иргэн ч бас бие даан нэр дэвших боломжтой. 3 дугаар сарын 4-ний байдлаар Аскар Сыргабаев, Сафиолла Алдажанов, Лимана Койшиева, Бахыт Абдукаримов, Сухраб Аминжанович гэсэн таван хүн бие даан нэрээ дэвшүүлжээ. Ажиглагчдын хэлж буйгаар эдгээр хүмүүс олон нийтэд танигдаагүй, төрд өндөр албан тушаал хашиж байгаагүй. 

Ер нь хуучны соц улсуудад сонгууль нэг иймэрхүү маягаар явагддаг. Тухайлбал Узбекистанд зах дээр трико зардаг нөхөр Ерөнхийлөгчийн сонгуульд “хүчээ үзэж” байх жишээтэй. 

Назарбаев одоохондоо нэрээ бүртгүүлээгүй.  Түүний гол өрсөлдөгч нь “Табигат” намын төлөөлөл экологич Мэлс Елеусизов. 2011 оны сонгуулиар тэр 1,15 хувийн санал авсан.  Елеусизовын хувьд ялах нь гол биш, харин сонгуулийг ашиглаад улс оронд экологийн асуудал ямар байдалд хүрээд байгааг хүмүүст ярьж өгөх нь чухал.

Өөр нэг өрсөлдөгч, Эх орончдын намын дарга Гани Касымов нь Назарбаевын гэгээн замд саад болохгүй байхаар шийдсэн бололтой. 2011 оны сонгуулиар тэр 1,36 хувийн санал авсан болохоор дахиж энэ алхамаа давтахыг хүссэнгүй.  Харин Назарбаев 95,55 хувийн санал авсан. 

Гэгээн замд хүргэх бодлогыг зарласан ч судлаачдын харж буйгаар Казахстаны улс төрийн амьдралд шинэ салхи орох нь тун эргэлзээтэй. Угаас Дундад Азийн бүгд найрамдах улсуудад “улс төрийн өндөр настнууд” олон байдаг. 

Эдүгээ 74 настай, Казахстаныг бараг 25 жил удирдаж буй Назарбаев гэнэтхэн яагаад сонгуулийн товыг наашлуулах болов гэдэг нь сонирхолтой.  Узбекистаны Ислам Каримов ч мөн адил. Хараад байхад энэ хоёр хүн үнэндээ казахчууд, узбекчуудыг гэгээн замаар хөтлөхдөө биш, залгамжлагчиддаа эрх мэдлээ шилжүүлж өгөх бэлтгэлээ эхэлсэн гэдэг нь харагдаж байна.

Тэдний залгамжлагч хэн байх нь чухал бус. Ямартаа ч эрх мэдлээ өвлүүлэх энэ үйл явц маш хүнд нөхцөлд явагдана. Оросод хямрал нүүрлэсэн нь Дундад Азийн улсуудад нөлөөлж эхлэв. Хөвөн даавуу, нүүрс устөрөгчийн үнэ унаж, Лалын улсын аюул газар авав.  Орос, Америк хоёр сөргөлдөөнд орсон энэ нөхцөлд ямар ч алдаа хийж болохгүй.