Манай гаригийн хамгийн амбицтай ерөнхийлөгч
Орчин үеийн Туркийн тухай олонтаа ярих болж. Оросын эсрэг хоригт нэгдээгүйгээр зогсохгүй Путинтай харилцаагаа улам зузаатгасан нь Америк, Европыг өдсөн хэрэг болов. Ерөнхийлөгч Эрдоган улс орноо бүс нутгийн хэт гүрэн болгохыг хүсч, аварга төслүүдэд мөнгө хайрлахгүй байна.
Реджеп Тайип Эрдоган нь Турк улсыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн хувиар 10 орчим жил удирдаж байна. Түүний үзэж буйгаар Турк улс бүс нутаг, олон улсын улс төрийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэх ёстой аж.
Өрсөлдөгчид нь түүнийг мега төслүүдэд хэтэрхий их мөнгө цацаж байна гэж буруутгадаг. Босфорын хонгил, Анкара дахь Ерөнхийлөгчийн ордон аль хэдийнэ баригдсан. Хар Тэнгисийг Мармарын тэнгистэй холбосон суваг төслийн шатанд явж байна.
Машинист ерөнхийлөгч
13 км үргэлжлэх Мармарын хонгилын 1,5 км орчим зам Босфорын хоолой доогуур өнгөрдөг. Хонгилыг уржнан намар орчин үеийн Турк улс байгуулагдсаны 90 жилийн ойгоор ёслол төгөлдөр нээсэн билээ.
Хамгийн гүнд тооцогдох энэхүү усан доорх хонгилыг барихад 3 тэрбум доллар зарцуулжээ. Хонгилоор зорчигч болон ачааны галт тэргүүд явдаг.
Мармарайн хонгилыг 2004 онд барьж эхлээд 5 жилийн дараа дуусгах ёстой байсан ч гэнэтийн саад тулгарчээ. Хонгил ухах замд Дундад зууны үеийн хэдэн арван хөлөг онгоцын үлдэгдэл, МЭӨ 7000 жилийн гэгдэх хотын туурь олдсон байна.
Мармарайн хонгил нь хүчтэй газар хөдлөлтийг тэсч гарна гэж Туркийн эрх баригчид үзэж байна. Хонгилын нээлтэн дээр Туркийн Тээврийн сайд Бинали Йилдирим 9-10 баллын газар хөдлөлт болсон ч хонгилд багахан хэмжээний ус шүүрнэ гэж хэлжээ.
Босфорын хоолой доогуур Стамбулын зүүн, баруун хэсгийг холбох санааг хамгийн анх султан нэгдүгээр Абдул-Меджид (1839-61) гаргаж байжээ. Тэрээр 1860 онд Францын архитекторт энэ ажлыг даалгаж байсан ч тэр үеийн техникийн хүчин чадлаас болж төсөл биелэх боломжгүй болжээ.
“Харин бид 150 жилийн мөрөөдлийг биелүүллээ” хэмээн хонгилын нээлтийн үеэр машинистын ажлыг түр зуур хийсэн ерөнхийлөгч Эрдоган хэллээ.
Хоёр тэнгисийн хооронд
Эрдоганы амбицийг илтгэх өөр нэгэн мега төсөл бол Босфорын хоолойн хажуугаар өнгөрч Хар тэнгис, Мармарайн тэнгисийг холбох суваг юм. Энэхүү аварга сувгийн хоёр талд нь нэг нэг хот байгуулна. Ингэснээр Стамбулын Европын хэсэг нь хоёр тэнгисийн хоорондох арал болж хувирна.
Сувгийн урт 43 км, өргөн нь 400 м, гүн нь 25 м. Суваг 6 гүүрийг нэгтгэнэ.
Сувгийн гол зориулалт нь ачааллаараа дэлхийд 4 дүгээрт орох Босфорын хоолойн ачааллыг багасгах. Ирээдүйн сувгаар Мармарайн тэнгисээс Хар тэнгис рүү орох аварга хөлөг онгоцууд өнгөрнө. Сувгийн эрэг дагуу хагас сая хүн амьдрах зургаан давхар байшингуудыг хэдэн зуугаар нь барина. Түүнээс гадна цэцэрлэгт хүрээлэн, бизнес төвүүд, хотын гурав дахь онгоцны буудлыг барих аж. Бүх барилгыг Селжук маягийн стилээр барина. Туркийн хэвлэлүүдэд бичсэнээр төслийн урьдчилсан төсөв 10 тэрбум доллар.
“Султан” Эрдоганы харш
Туркийн ерөнхийлөгч ард түмнээ бодохоос гадна өөрийгөө эрхлүүлэхээ ч мартсангүй. Түүнд зориулж Анкарагийн захад ордон барьжээ. Эрдоганд байдаг шиг тансаг харш дэлхийн аль ч төрийн тэргүүнд байхгүй. Эрдоган татвар төлөгчдийн 615 сая доллараар хувийн харш бариулсныг олон хүн шүүмжилдэг ч Эрдоган “энэ ордон минийх биш, ард түмнийх” гэж хариулдаг .
Түүний ордон 1150 өрөөтэй, 280 м/кв талбайтай.
Эрдоган шинэ ордондоо ерөнхийлөгч болонгуутаа өнгөрсөн оны наймдугаар сард нүүж орсон.
Ордныг барихад Эрдоган биечлэн оролцож зарим хэсгийн зургийг өөрөө гаргажээ. Ордны хийц нь селжук, хятад маягийг хослуулсан байна. Тасалгаануудыг барихад хамгийн өндөр сортын гантиг чулууг хэдэн мянган тонноор нь ашиглажээ. Хамгийн үнэтэй торгон обойг угаалгын өрөө, бие засах өрөөнд хүртэл хэрэглэжээ.
Ордныг хэдэн мянган цагдаа хамгаалдаг. Ерөнхийлөгчийн шинэ ордныг хамгаалахын тулд цагдаагийн хоёр шинэ хэсгийг байгуулжээ. Харин хуучин ордныг 450 цагдаа хамгаалж байсан юм.
Эрдоганы Ордон Обамагийн Цагаан ордноос 30 дахин том, Версалийн ордноос 4 дахин том.
Тиймээс Эрдоган өөрийн амбицаар Версалийг барьсан 14 дүгээр Людовикийг давж гарав. Туркууд Эрдоганыг орчин үеийн “султан” гэж нэрлэдэг.