Хятад, Хойд Солонгосын харилцаа яагаад муудав?
Хятадын дэд дарга Ли Юаньчао, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун
2015.03.13

Хятад, Хойд Солонгосын харилцаа яагаад муудав?

 Олон жилийн турш Хятад улс Хойд Солонгосын гол ивээн тэтгэгч байсаар ирсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд Бээжин, Пхеньяны харилцаа илт хүйтэрч эхэлсэн. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, улс төр, эдийн засгийн хэтэрхий хуучинсаг систем хятадуудад таалагдсангүй. Хоёр орны тэргүүнүүд ч нэг нэгнээ таашааж үздэггүй.  Үүний нэг илрэл болж Хятадын дарга Си Цзиньпин Пхеньянд очихоосоо өмнө Сөулд айлчилсан Хятадын анхны дарга болов. Ким Чен Ун ч бас засгийн эрхэнд гарснаасаа хойших анхны айлчлалаа Бээжинд биш, Москвад хийх янзтай. Тиймдээ ч Хойд Солонгос ОХУ-ыг санхүүжилтын нэгэн эх үүсвэр хэмээн харж байгаа бололтой. 

Хятад, Хойд Солонгосын харилцаа муудсан шинж тэмдэг 2012 оны зунаас ажиглагдах болсон. 

Нарийн учрыг нь мэдэхгүй хүнд энэ нь сонин санагдана. Яагаад гэвэл Хятад улс Хойд Солонгосын гадаад худалдааны дөрөвний гурвыг эзэлдэг хамгийн том худалдааны түнш төдийгүй энэ салбарт бараг л цорын ганц монополь. Сүүлийн 7-8 жилд Хойд Солонгост хүнс, хүмүүнлэгийн тусламж өгдөг цорын ганц улс нь Хятад болсон. Дээр нь Бээжингээс бараг бүх хөрөнгө оруулалт хийгдэж байсан.

2013 оны хоёрдугаар сард Хойд Солонгосчууд ээлжит цөмийн туршилт явуулахдаа Хятадын сануулгийг хайхраагүй нь тэдний харилцаанд огцом эргэлт гаргажээ. Ким Чен Ун нагац ах Чан Сон Тэкийг баривчлахад ч Бээжин сайшаагаагүй. Учир нь Чан Сон Тэк нь Хятадтай ойр байж эдийн засгийн асуудлыг хариуцдаг байв. Үүний дараа Хойд Солонгосын хэвлэлүүдэд хууль бус хөнгөлөлт эдэлсэн хэмээн Хятадыг шүүмжилсэн материалууд гарч эхэлсэн.

Ким Чен Ир, Ху Жиньтао нарын үед хоёр улсын харилцаа харьцангуй сайн байв.

Хэргийн учир зөвхөн үүнд байсангүй. “Сияны бүлэглэлийн хэрэг” гэж бий. Сиян нь Хойд Солонгост төмрийн хүдэр олборлох уурхай барих төсөлд 40 сая доллар зарцуулсан уул уурхайн компани юм. Барилгын ажил дууссаны дараа уурхайн тоног төхөөрөмжийг хурааж, Хятадын ажилчдыг хөөж гаргажээ.  Гэвч Хятадууд ямар нэгэн хариу үйлдэл хийсэнгүй. 

Эцэст нь 2014 оны эхэнд  Хятадын Засгийн газар улсын төсвөөс санхүүжүүлж байсан Хойд Солонгосын дэд бүтцийн төслүүдийг царцаах шийдвэр гаргажээ. Ингэснээр  Манжуураас Хойд Солонгосын хилийн хот Расон руу чиглэсэн цахилгаан дамжуулах шугамын төсөл зогсов. Түүнчлэн бараг 90 хувийг нь бариад байсан Ялуцзян мөрний гүүр усан дундах багана болж хоцров.

Гэхдээ орон нутгийн болон хувийн өмчит үйлдвэрүүд хөрөнгө оруулалтаа зогсоосонгүй. Хэрэв Хятадын аль нэгэн хувийн компани Хойд Солонгост хөрөнгө оруулах хүсэлтэй бол Засгийн газар саад болохгүй ч дэмжлэг үзүүлэхгүй.

Ялуцзен голын дутуу баригдсан гүүр.

Хөрөнгө оруулалт царцааснаар хэрэг төгссөнгүй.  Умардын эсрэг мэдэгдлийг Хятадын дипломатууд, эрх баригчидтай холбоотой шинжээчид үе үе хийдэг ч олны өмнө ярьдаггүй.  Хятадын чөлөөнд гарсан генерал Ван Хунгуан «Жэньминь жибао» холдингийн нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “хэрэв Хойд Солонгос дотоод хямралтай тулгарч, эсвэл Өмнөдтэй мөргөлдөж эхлэвэл Хятад улс тусалж чадахгүй” гэж хэлжээ. 

Дипломат харилцаа ч зогсонги байдалд орлоо.  Айлчлалын тоо эрс багасаж, заримдаа Хойд Солонгос Хятадын төлөөлөгчдийг хүлээж авахаас татгалздаг болов. Хойд Солонгос байгуулагдсаны ойн өдрөөр Бээжингээс ирүүлсэн мэндчилгээг сонинууд хамгийн сүүлийн нүүрэнд хэвлэв. Харин Путинаас ирсэн мэндчилгээг тэргүүн нүүрэндээ тавив. Си Цзиньпин өнөөг хүртэл Пхеньянд айлчлаагүй байна.

Хятадын дарга Си Цзиньпин, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Хын Хе нар. Хятадын даргын айлчлалын үеэр. 2014 он.

Нэг үгээр хэлбэл Хятад, Хойд Солонгосын харилцааны хямрал ил болов. 1992 онд Пхеньян, Бээжин хоёр Хятад улс Өмнөд Солонгостой албан ёсны дипломат харилцаа тогтооход сүрхий маргалдаж байв.

Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн гүрэн болох Хятад улс нь цөмийн зэвсэгтэй болох гэж хүссэн орон болгоныг таашаадаггүй нь мэдээж.  Хойд Солонгос нь  эхлээд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд гарын үсэг зурснаа дараа нь шаардлагатай технологи олж авангуутаа гэрээнээс гарсан дэлхийн цорын ганц улс юм.

Түүнээс гадна Умардын цөмийн туршилтууд Хятадын хилийн шугамын орчим таагүй байдал үүсгэж АНУ-ын цэргийн хүч Зүүн Азид орж ирэх нөхцлийг бүрдүүлдэг. 

Хойд Солонгосын хувьд олон арван жилийн туршид хоорондоо өрсөлдөгч хэд хэдэн спонсортой байх бодлого барьж ирсэн. Энэ нь тэдний зөрчилдөөн дээр тоглох боломжийг олгодог байв. Эдийн засгийн хувьд Хятадаас бүрэн хараат байхыг Пхеньян хүссэнгүй. 

Нэмж хэлэхэд Бээжингийн хувьд Умардаас Өмнөд нь илүү чухал гэдгийг Хойд Солонгосын эрх баригчид сайн ойлгож байгаа.  Хятадын Өмнөд Солонгостой хийдэг гадаад худалдаа Хойд Солонгостой хийдгээс 40 дахин их. Бээжингийнхэн  Өмнөдтэй ойртсоноор тэндхийн Америкийн нөлөөг багасгахыг зорьж байгаа.