"Хүйтэн дайн 2" төсөл
Дэлхий дахинд зэвсгийн худалдаа 2005-2009 оны үетэй харьцуулахад 16 хувиар өсчээ.
2015.03.16

"Хүйтэн дайн 2" төсөл

Дэлхий нийтийн асуудлыг судалдаг Стокгольмын институт (SIPRI) дэлхийн улс орнууд хэрхэн зэвсэглэж буй талаарх 2015 оны илтгэлийг олонд танилцуулав. 

Дэлхийн хамгийн том зэвсэг нийлүүлэгчид болон тэдний гол үйлчлүүлэгчид

Хамгийн их зэвсэг нийлүүлдэг орноор АНУ шалгарч, аман хүзүүнд ОХУ оров.

АНУ-ын зэвсгийн нийлүүлэлт сүүлийн 4 жилийн дотор 23 хувиар өсч дэлхий дээрх зэвсгийн 31 хувийг нийлүүлдэг болжээ. Америкийн зэвсгийг худалдаж авдаг 94 орон байна. Худалдан авагсдын 32 хувь нь Ойрхи Дорнодын орнууд.

ОХУ-ын зэвсгийн экспорт 37 хувиар өсч дэлхийн нийт зэвсгийн 27 хувийг нийлүүлдэг болжээ. Худалдан авагч орны тоо 56. Үүнээс Оросын зэвсгийн 60 хувийг Энэтхэг, Хятад, Алжир улсууд худалдаж авчээ. 

2010-2014 онд Хятадын зэвсгийн үйлдвэрлэл 143 хувиар өсчээ

Экспортолсон зэвсгийн хэмжээгээр саяхныг хүртэл есдүгээр байр эзэлж байсан Хятад улс энэ удаа гуравдугаар байрт оров. 2010-2014 онд хятадууд зэвсгийн үйлдвэрлэлээ 143 хувиар өсгөснөөр өнөөдөр дэлхий дээрх зэвсгийн 5 хувийг нийлүүлдэг болжээ. 

Европын холбооны улсуудын экспортын зэвсэг 5 жилд 16 хувиар буурч нийлбэр дүнгээрээ ОХУ, АНУ-аас ч бага болов.

Дэлхий дахинд зэвсгийн худалдаа 2005-2009 оны үетэй харьцуулахад 16 хувиар өсчээ.  АНУ, ОХУ, Хятад, Герман, Франц гэсэн 5 том зэвсэг үйлдвэрлэгч орон нийт зэвсгийн зах зээлийн 58 хувийг эзэлж байна. 

Дэлхийн хамгийн том зэвсэг худалдан авагч нь Энэтхэг

2010-2014 онд хамгийн их зэвсэг худалдаж авсан орноор Энэтхэг, Саудын араб, Хятад, АНЭУ, Пакистан шалгарчээ.

Персийн булангийн арабын орнуудын зэвсгийн импорт 71 хувиар өсчээ

Европын орнууд өмнөх үеэс 36 хувиар бага зэвсэг авсан байна. Ингэснээр дэлхий дээр импортлогдсон нийт зэвсгийн дөнгөж 12 хувийг худалдаж авчээ. Харин Персийн булангийн Арабын орнуудын Хамтын ажиллагааны Зөвлөлийн гишүүн орнуудын зэвсгийн импорт 71 хувиар өссөнөөр Ойрхи Дорнодод нийлүүлсэн зэвсгийн 54 хувийг худалдаж авчээ. Харин дэлхийн хэмжээний импортоос 22 хувийн зэвсгийг өөртөө авсан байна.

Улс орнуудын цэрэг дайны зардлыг судалсан SIPRI-ийн дараагийн илтгэл 4 дүгээр сарын 13 нд хэвлэгдэнэ.