Швед улс Оросын аюулаас сэргийлж арал дээр цэрэг байршуулна
Шведийн Батлан хамгаалах яам Оросын зүгээс ирэх аюулаас сэргийлэх үүднээс Латви, Швед улсуудын дунд Балтийн тэнгист байрлах Готланд арал дээр цэрэг байрлуулах шийдвэр гаргажээ. Энэ алхам нь Стокгольмийнхон ОХУ дайрч магадгүй гэдэгт итгэсэн гэдгийг илтгэж байна.
Ирэх сард Готланд арал дээр тэндээс 10 жилийн өмнө явсан Шведийн цэргүүд эргэн ирж магадгүй боллоо. Батлан хамгаалахын сайд Петер Хультквистын хэлснээр стратегийн түшиц газар болох Готланд арал дээр 150 цэргээс бүрдсэн хэсэг байрших ажээ. Түүнээс гадна Швед улс Балтийн тэнгисийн орчим дахь хээрийн сургуулилтын давтамжийг ихэсгэхээр болов. Сайдын хэлснээр цэрэг байрлуулах шийдвэр нь Шведийн тусгаар тогтнолыг бэхжүүлэхийн төлөө хийсэн алхам ажээ.
Готланд бол Шведийн хамгийн том арал. Балтийн тэнгист чухал байрлалд байдаг ч 2005 оноос хойш тэнд нэг ч цэрэг байсангүй.
Готланд арал
Шведийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх тухай яриа нь үнэндээ дипломат заль гэдгийг Оросын хэвлэлүүд онцолж байна.
Швед нь НАТО-гийн бүрэлдэхүүнд байдаггүй орон. Сүүлийн үед Латви, Литви, Эстони гэсэн Балтийн тэнгисийн гурван орон Готланд арал дээр цэрэг байршуулахыг Шведээс хүсэх болсон юм.
Эстоны төрд өндөр албан тушаал хашдаг, нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснээр Орос улс Балтийн орнуудыг агшин зуур эзэлж чадах учраас Готланд арал нь маш чухал байршил ажээ.
Шведийн Батлан хамгаалахын сайд Петер Хультквист
Арал руу цэрэг илгээхээс гадна Шведийн Засгийн газар орон нутгийн өөрийгөө хамгаалах хүчний тоог 22 мянган хүнд хүргэх бодолтой байна.
Швед улс нийтдээ 6,2 тэрбум швед крон буюу 717 сая долларыг батлан хамгаалахад зориулахаар болжээ.
Аливаа асуудалд төвийн байр суурь эзэлдэг Шведийн эрх баригчдыг ОХУ-ын Украйн, Балтийн тэнгис дэх үйлдлүүд түгшээх болов. Тэд Оросын нисэх хүчинг хил хязгаар зөрчсөн хэмээн буруутгаж, эргийн дагуух усанд Оросын шумбагч онгоц хайдаг болжээ.