Эрүүгийн хэрэгт татагдсан ерөнхийлөгчид
Францын ерөнхийлөгч асан Николя Саркози
2015.03.19

Эрүүгийн хэрэгт татагдсан ерөнхийлөгчид

Михаил Саакашвили (1967), Гүржийн ерөнхийлөгч асан (2004-2013)

Саакашвили болон түүний хамсаатан дөрвөн түшмэл 2007 оны 11 дүгээр сард жагсаалыг хүчээр тараасан,  “Имеди” телевизийн байрын сүйтгэсэн, бусдын хөрөнгийг хууль бусаар эзэмшсэн хэрэгт буруутгагдсан.  Гүржийн хуулинд зааснаар тэд 8 жилийн ял авах ёстой. 

Түүнчлэн Саакашвилийг албан тушаалаа ашиглаж 2005 онд Гүржийн парламентын гишүүн Валерий Гелашвилиг зодсон хэрэгт буруутгадаг.  Төсвийн мөнгийг шамшигдуулсан хэрэг ч түүнд хамаатай. 

Михаил Саакашвили Гүржийн парламентад үг хэлж байна.

Николя Саркози (1955), Францын ерөнхийлөгч (2007-2012)

Саркози авлигын хэрэгт холбогдсон ч Парисын давж заалдах шатны шүүх хэргийн мөрдөлтийг зогсоожээ. Түүнийг мэргэжлийн нууцад хамаатай мэдээллийг хувьдаа ашигласан хэмээн буруутгаж байв.

2012 оны хавар Саркозийг Ливийн дарангуйлагч агсан Каддафи санхүүгээр дэмжиж байсан тухай шуугиан дэгдэв. Францын Mediapart сонин Ливийн лидер нь 2007 онд Саркозийн сонгуулийн кампанит ажилд 50 сая евро өгсөн тухай баримтыг нийтэлжээ.  Мөрдөн шалгах ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. 

Үүний хажуугаар хахууль өгсөн, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэг ч бий.

Жак Ширак (1932), Францын ерөнхийлөгч асан (1995-2007)

2011 онд Францын шүүх Жак Ширакт хоёр жилийн тэнсэн ял өгчээ. Түүнийг Парис хотын дарга байхдаа зориулалтын бус орон тоонууд үүсгэсэн хэргээр буруутгав. Шүүхийн шийдвэрээр Ширак нь “олон нийтийн хөрөнгийг шамшигдуулсан” гэсэн дүгнэлт гарчээ. Хоёр ч удаа Францын ерөнхийлөгчөөр ажилласан Ширак шүүхэд дуудагдсан тус улсын анхны ерөнхийлөгч болов.

Николя Саркози, Жак Ширак нар

Альберто Фухимори (1938), Перугийн ерөнхийлөгч (1990-2000)

Перугийн ерөнхийлөгч асан Альберто Фухимори 2009 онд авлига болон  бусад хэргээр 25 жилийн ял авчээ. 2014 оны 11 сард Перугийн Дээд шүүх хэргийг дахин авч үзэхээс татгалзав.

Фухимори 10 жил ерөнхийлөгч байхдаа олон жил ард түмнийг айдас дор байлгасан зүүний "Сендеро Луминосо" ("Гэгээн зам") бүлэглэлийг бараг бүрэн дарж чадсан юм. Гэвч шүүхийн мөрдлөгөөр тэр авлигын хэрэгт холбогдож багаар бодоход 200 сая доллар завшжээ. Түүнчлэн Сендерын бүлэглэлийн зарим гишүүдийг шүүх хуралгүй цаазалсан, бусдын утасны яриаг чагнасан,  сэтгүүлч, бизнесмен, улс төрчдөд хахууль өгсөн хэрэг нэмэгдэв. 

Альберто Фухиморигийн шүүх хурал

Чарльз Тейлор (1948), Либерийн ерөнхийлөгч (1997-2003)

Чарльз Тейлорыг 2006 онд Нигерийн нутаг дэвсгэрт баривчилжээ. Ингэснээр Тейлор нь олон улсын шүүхэд дуудагдсан Африкийн анхны ерөнхийлөгч болов. Түүнийг шүүх ажиллагаа 2007 онд эхэлж 2011 онд дуусчээ. Тейлор Либерийн ерөнхийлөгч байхдаа 1991-2002 онд хөрш Сьерра-Леонд үргэлжилсэн иргэний дайнд тус улсын алан хядагч бүлгийг дэмжиж, зэвсэглэж байсан нь мөрдөн байцаалтын явцад илэрчээ. Хувьсгалын нэгдсэн фронт нэртэй Сьерро-Леоны алан хядагч бүлгийн гол зорилго нь алмаазын ордыг эзэмших байв.

Ялын тогтоолд бичсэнээр Тейлор нь Сьерро-Леоны энгийн иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, эрүүдэн шүүсэн,  хүчирхийлсэн, хүүхдүүдийг дайны үйл ажиллагаанд татан оруулсан ажээ.  2012 оны тавдугаар сард болсон Гаагийн олон улсын шүүх хурлаар Тейлорыг 50 жилийн хорих ялаар шийтгэжээ.

Чарльз Тейлор

Войцех Ярузельский (1923). Польшийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч (1989), Ардчилсан Польш улсын анхны ерөнхийлөгч (1990).

1990 оноос хойш түүнийг хэд хэдэн удаа шүүх оролдлого гарч байв. Войцехийг 1970 оны жагсаалд оролцогчдыг буудаж тараасан,  1981 онд цэргийн байдал зарласан хэргээр буруутгасан юм. Гэвч шүүх байгууллагын үйл ажиллагаанаас болж түүнд ял тулгах ажил бүтэлгүйтдэг байв. Гэсэн ч 2006 онд Войцех болон түүний хамсаатнуудыг Үндсэн хууль зөрчсөн хэрэгт буруутгажээ.

2008 оны  есдүгээр сард шүүх ажиллагаа эхлэв. Шүүх түүнийг гэмт хэрэг үйлдэх зорилготой гэмт хэргийн бүлэглэл зохион байгуулсан хэрэгт буруутгав. 

2011 оны наймдугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар Войцехийг өөрийн шүүх хуралд ирэхгүй байх эрхийг өгчээ. Шүүхийн шийдвэрээр 88 настай Войцехийг 1970, 1980 оны хэрэгт холбоотой хүмүүсийн жагсаалтаас хасав. 

Войцех Ярузельский

Хорхе Рафаэль Видела (1925), Аргентины ерөнхийлөгч асан (1976-1981)

Хорхе хуурай замын цэргийн командлагч байхдаа дарангуйллын дэглэм тогтоожээ. Сөрөг хүчнийг харгислан дарсан нь “бохир дайн” гэсэн нэрээр түүхэнд үлджээ.  Ойролцоогоор тэр 30 мянган хүний амийг хөнөөсөн байна.

1985 онд Аргентины шүүх Хорхег насаар нь хорих ялаар шийтгэв.  Гэвч 1990 онд ерөнхийлөгч Карлос Менем дарангуйлагчийг өршөөв. 1998 онд улс төрийн гэмт хэрэгтнүүдийн хүүхдүүдийг хүчээр үрчлүүлсэн хэргээр баривчлах шийдвэр гарав.  Гэтэл өндөр настай гэсэн шалтгаанаар гэрийн хорионд байлгах ялаар шийтгэв. 2006 онд Менемийн өршөөлийг Үндсэн хууль зөрчсөнд тооцож мөрдөх ажиллагаа дахин эхлэв. 2008 онд Хорхег дахин баривчилж цэргийн шоронд хийв. 2010 онд хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө насаар нь хорих ялаар шийтгэжээ.

Хорхе Рафаэль Видела