Иран, Саудын Араб: Хэн нь хэнийгээ вэ?
Бүс нутгуудад хилийн маргаан дахин сэргэлээ
2015.03.21

Иран, Саудын Араб: Хэн нь хэнийгээ вэ?

Хилийн маргаан олон улсын харилцааны үйл явцад чухал үүрэгтэй. Хүйтэн дайны дараагаас нэг хэсэг газар нутгийн маргаан намжсан ч өнөөдөр дахин хүчээ авав. Хилийн будлиантай асуудал Ойрхи Дорнодоос хар Африк хүртэл, Украйнаас Ливи хүртэл сэргэж өдөр болгоны олон улсын мэдээний сэдэв болов.

Саяхныг болтол хилийн дархан байдлыг олон улсын эрх зүйд хэзээ ч зөрчигдөхөөргүй зарчим гэж ойлгож ирсэн. Хүйтэн дайны үед газар нутгийн хил гэхээсээ илүү социализм, капитализм гэсэн үзэл суртлын хил оршиж байв.  Энэ нь хөндлөнгийн хүчээр бус өөрийн хүчээр нурж унах тавилантай хил хязгаар байлаа.

Берлины хана нурж, ЗХУ задарснаар Орос орон өөрийн нөлөөллийн хүрээг тогтоон барих чадалгүй болов. АНУ-ын хувьд хол ойрын стратегийн ач холбогдолтой болон холбогдолгүй орнуудад элдвийн зүйл болох вий гэж санаа зовох явдалгүй болов. Зөвлөлтийн нөлөө арилсан болохоор Латин Америкийн орнууд зүүн тийш алхам хийхэд Вашингтон саад хийсэнгүй.  Өмнө нь Хаант Оросын харьяанд байсан, гэхдээ Зөвлөлтийн бүрэлдэхүүнд ороогүй ч түүний нөлөөнд байсан орнуудыг холдон явахад оросууд юм хэлсэнгүй.

Хүйтэн дайны дараагийн 10 жилд хилийн дархан байдал бат бөх мэт санагдаж байлаа.  Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудын болон Югославийн хил хязгаар хэзээ ч зөрчигдөхгүй гэж хүмүүс боддог байлаа.

Гэтэл Косовагийн хэрэг дэгдэж нэгэн үе Сербийн газар нутаг байсан энэ хэсгийн хил хязгаарын дархан байдал албанчуудын үндсэрхэг тэмүүлэлтэй халз тулгарав. Эртний түүх давтагдах нь тэр. 

Хилийн маргаанаас үүдэлтэй бүс нутгийн эмх замбараагүй байдал дэлхийн эмх замбараагүй байдал болон хувирах цаг ойрхон байна.

Хил гэж ер нь юу вэ?  Энэ бол тухайн үндэстний соёл, эдийн засаг,  шашин, цэрэг дайны нөлөөг тодорхойлсон зааг. Энэхүү зааг түүхийн туршид том гүрнүүдийн хүсэл сонирхол, хөршүүдийн хүчний харьцаанаас хамаараад байнга өөрчлөгдөж иржээ. 

Шинэ зууны эхээр ОХУ хөл дээрээ босч алдсанаа эргүүлж авахыг хүсэх болов. Эхлээд Өмнөд Осетийг авч, дараа нь Крымийг харъяандаа оруулав. Орчин үеийн Ливид хагарлын хуучин шугам сэргэв. Малигаас Нигер хүртэл, Төв Африкаас Кот-д’Ивуар хүртэлх газарт колонийн өмнөх хил хязгаар амилж колонийн дэглэмээр тогтоосон хил ганхаж эхэллээ. Энэ үйл явцад лалын хэт үзэлтнүүд гол үүрэг гүйцэтгэж байна.  Эцэст нь АНУ Иракийг бужигнуулж, Арабын хавар шуургалсны дараа Лалын хоёр том урсгал хил хязгаарыг шинээр тогтоохыг зорьж эхэллээ.

Цөөнх болсон шийтүүд Ираны тусламжтай байр сууриа бэхжүүлэх санаа өвөрлөж байгаа. Олонхи болсон суннитууд Персүүдэд олсноо алдахыг мэдээж хүсэхгүй. Барууны ертөнц Африк, Европ, Ойрхи Дорнод гэсэн гурван фронт дээр гэнэтийн дайралтад өртөв. 

Лалын ертөнцөд Иран, Саудын Араб гэсэн хоёр хүч тэмцэлдэж байна.

Америкчуудын хувьд эзэнт гүрний дурсамждаа автсан Орос улс Европод шинэ дайн үүсгэх, эсвэл лалын хэт үзэлтнүүд Ойрхи Дорнодод ялалт байгуулах нь хэтэрхий аюултай.  Харин яагаад Ливи, Нигерийн бутрал,  Украйны хагарал, шийтүүдийн сэргэлт Америкийн сонирхолд харшилж байна вэ гэдэг нь ойлгомжгүй.

Энэ асуултад Америк, Европ хоёр өөр өөрөөр хариулж, өөр өөр шийдвэр гаргадаг. Европын орнуудын хувьд далайн эргийн нөгөө талаар орших Африк тив тогтвортой байх нь чухал. Америкчууд жүжиг тавьж Ираныг Саудын Арабаас илүүд үзэх болов. Гэтэл европчууд Саудын Арабыг дэмжиж байгаа. Яагаад гэвэл Европын ойролцоо Иран гэсэн ганцхан эзэн байх нь аюултай.  АНУ Оросын талаар Европыг бодвол хатуу байр суурьтай. Учир нь олон улсын тавцанд Орос гэсэн өрсөлдөгчтэй байхыг хүсэхгүй. Азид өрсөлдөгчгүй байх нь Европын орнууд сайхан амьдрахаас илүү чухал.

Хилийн маргаанаас үүдэлтэй бүс нутгийн эмх замбараагүй байдал дэлхийн эмх замбараагүй байдал болон хувирах цаг ойрхон байна.