Хятадад хоригдлуулыг хүчээр эрхтний донор болгодог байжээ
Хятадад цаазын ял сонссон төдийгүй, ялын хугацаатай хоригдлуудыг хүчээр эрхтний донор болгодог байсан тухай дуулиан дэгдэв
2015.03.20

Хятадад хоригдлуулыг хүчээр эрхтний донор болгодог байжээ

Хятадын эрх баригчид нэгэн дуулиантай мэдэгдэл хийв. Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах төвийн захирал төрийн аюулгүйн албаны дарга асан Чжоу Юнканийг амьд хүмүүсийг донор эрхтний агуулах болгосон гэж хэллээ. 

Хятадын Эрхтний донорын асуудал хариуцсан хорооны дарга Хуан Цзефугийн мэдэгдэл үүнээс өмнө Хятадын Коммунист намынхны нууж байсан зүйлийг албан ёсоор илчлэв. Хятадад цаазын ял сонссон хэрэгтнүүд төдийгүй энгийн хоригдлууд хүртэл эрхтнээ өгөхөөс аргагүй болдог байжээ. 

Си Цзиньпин өнгөрсөн зун Чжоу Юнкан, түүний нөхдийг авлигын хэргээр баривчилсан. Тэдний дунд Коммунист намын дарга асан Цзян Цзэминийн талын хүмүүс ч бий.  Чжоутай хамт баригдсан хүмүүсийн дотор Фалуньган хэмээх шашны урсгалыг дагагчдыг мөрдөж мөшгөж байсан нөхдүүд байгаа. 

Шинжээчид тусгай мөрдлөгө явуулж Фалуньганы дагагчид нь 2000 оноос хойш донор эрхтний гол эх сурвалж болж байсныг тогтоожээ. 

Фалуньганы олон арван мянган дагагчдыг эрхтнийг нь авахын тулд цаазалсан байна. Хамгийн аймшигтай нь золиосонд гарсан хүмүүс амьд байхад эрхтнийг биеэс нь хүчээр салган авдаг байжээ. Ийм замаар донор эрхтнийг харьцангуй шинэ байдлаар “нийлүүлдэг” байж.

Эрхтний наймааны хар зах зээл

Өөрийгөө баатар болгож харуулсан нь

Хуан Цзефу хэлснээр тэр нөхдийн хамт Хятад улс дахь эрхтэн шилжүүлэн суулгах гэмт хэргийн системийг шинэчлэх гэсэн боловч юу ч хийж чадаагүй гэнэ.  Тэрээр: “Хятадад анагаах ухааны энэ салбар маш бохир болсон” гэж хэлжээ. Түүний үгээр Аюулгүйн албыг Чжоу Юнкан толгойлж байх үед л ийм бизнес цэцэглэсэн аж. 

Үнэндээ Хуан Цзефу нь өмнөх Засгийн газрын үед Улс төр, хуулийн комиссын дарга, Коммунист намын Улс төрийн товчооны байнгын гишүүн байсан учраас хэн, хаана, юу хийснийг мэдэж байх учиртай.  Тэгэхээр тэр өөрөө энэ хэрэгт холбоотой байх магадлал өндөр.  Си Цзиньпины авлигын эсрэг кампанит ажлын далимаар бүх бурууг Чжоу Юнканд тохох гэсэн хүмүүс цөөнгүй байна гэсэн үг. 

Цэргийнхний оролцоо

Өмнөх Засгийн газрын үед Хятадын армид хоёр дахь хүн байсан генерал Сюй Цайхоу гэж хүн бий. Саяхан гарсан мэдээллээр энэ хүн эрхтэн шилжүүлэх салбарын бохир хэргийг удирдаж байсан ажээ.  Тэрээр хоригдлуудаас эрхтнийг нь авахдаа хамгийн чухал эрхтнүүдийг авч дуусах хүртэл амьсгаа хураалгаж болохгүй гэж тушаадаг байжээ.

Энэ мэдээллийг цэргийн эмнэлгийн нэгэн нэртэй мэс засалч Хонконгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.  Үүнээс  хэд хоногийн дараа Сюи Цайхоу хорт хавдраар нас барсан тухай хэвлэлээр зарласан.  Тэгэхээр тэр яагаад авлигын хэрэгт сэжиглэгдсэнээс хойш жилийн дараа нас барав гэдэг нь сонирхолтой. Түүний үхлийг хүссэн хүмүүс байна гэсэн үг.

Чжоу Юнкан, Сюй Цайхоу нар нь Хятадын Коммунист намын дарга асан Цзян Цзэминий талын хүмүүс бөгөөд даргынхаа заавраар Фалуньгуны гишүүдийг мөшгөж эрхтнийг нь хүчээр авдаг байж. 

Си Цзиньпин 2012 оны сүүлээр Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсноос хойш Чжоу, Сюй тэргүүтэй Цзян Цзэминий фракцийн хүмүүсийг төрийн аппаратаас цэвэрлэж эхэлсэн юм.