Дэлхийн хамгийн ажилсаг болон залхуу ард түмнүүд
Хүн төрөлхтөн жил ирэх тусам суугаа амьдралын хэв маягтай болж байгааг эмч нар сануулсаар байна.
2015.03.23

Дэлхийн хамгийн ажилсаг болон залхуу ард түмнүүд

2008 онд Forbes сэтгүүлийн гаргасан рейтингээр Дэлхийн хамгийн хөдөлмөрч ард түмнээр өмнөд  солонгосчууд шалгарчээ.  Forbes сэтгүүл тус шалгаруулалтыг гаргахдаа 32 орны иргэдийн хөдөлмөрийн чадавхийг жилд ажиллах цагийн дунджаар тооцож гаргажээ. 

Өмнөд солонгосчууд жилийн 2 357 цагийн үзүүлэлттэй тэргүүн байрт оржээ.  Ихэнх хүмүүс 7 хоногийн 6 өдөр ажиллах нь бараг хэвийн үзэгдэл.  Тэд карьерын төлөө богино хэмжээний амралт авахаас татгалздаггүй бөгөөд энэ нь жилд ердөө 3 өдөр үргэлжилдэг.

Өмнөд солонгосчууд чухам яаж ажилладагийг харуулахын тулд Forbes-ийнхон Ли нэртэй нэгэн хүний түүхийг өгүүлжээ.  Төрийн албан хаагч Ли өглөө болгон 05:30 цагт босоод усанд ордог, өглөөний цайгаа уудаг, унтамхай эхнэрээ үнсдэг, дараа нь галт тэргэнд сууж 2 цаг яваад Сөүлд хүрнэ. 08:30 болоход ажлын ширээний ард суугаад оройны 21:00 хүртэл ажилладаг.  Дараа нь дахиад хоёр цаг галт тэргээр гэр лүүгээ явна. Маргааш өглөө нь ахиад л давтагдана.  Лигийн гэр бүл гурван хүүхэдтэй ч тэдэнтэйгээ 7 хоногт нийтдээ 15 орчим минут л уулздаг.  Энэ бол Өмнөд Солонгост байдаг л үзэгдэл аж. 

Хоёр Солонгосын дайны дараа Өмнөд Солонгос нь дэлхийн ядуу орнуудын нэг байсан ч ухаалаг бодлого, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын тоонд оров.

Үүнтэй холбоотой Өмнөд Солонгост хүмүүс хэтэрхий их ажиллахаас сэргийлсэн хуулиуд батлагддаг.  Тухайлбал 2004 онд сургууль, компаниуд 5 өдрийн ажлын нормтой болжээ.  Гэвч компаний соёл гэдэг ойлголт маш нөлөөтэй байдаг учраас энэ мэтийн хууль голдуу цаасан дээр үлддэг. 

Аман хүзүүнд Грекүүд орж дунджаар 2050 цаг ажилладаг гэсэн дүн гарчээ.  Айргийн тавд Чехи, Унгар, Польш гэсэн Зүүн Европын гурван орон оржээ.

Америкчууд есдүгээр байранд оров. Их Британи 20 дугаар байранд орсон байна.  Судалгаанд оролцсон 32 орноос эцсийн байруудыг 1 390 цагийн үзүүлэлттэйгээр Норвеги, Герман, Голланд эзэлжээ.

Дэлхийн хамгийн хөдөлмөрч ард түмэн

Харин одоо хамгийн залхуу хүмүүс ямар оронд амьдардгийг сонирхоё. 2013 онд явуулсан судалгаагаар хамгийн залхуу ард түмэн Мальтийн аралд амьдардаг аж.  Хоёрдугаарт Африк тивийн Свазиланд улс оржээ. 

Гуравдугаарт Персийн булангийн баян орнуудын нэг, бүс нутагтаа нөлөөтэй Саудын Араб оржээ.

Эмч нарын багийн хийсэн судалгаагаар саудын арабчуудын 40 хувь нь таргалалттай.  Харин улсын өмнөд хэсэгт таргачуул цөөхөн. Валид аль-Бакр нэртэй эмчийн хэлснээр жил бүр 20 мянган хүн таргалалтаас болж нас бардаг гэнэ. Ялангуяа биеийн тамирын дасгал хийх боломжгүй эмэгтэйчүүд.

Хамгийн залхуу ард түмэн

Тэгвэл одоо хөдөлмөрч болон залхуу орнуудын эдийн засгийн байдлыг харьцуулъя. 2013 онд НҮБ-аас гаргасан тооцоогоор Өмнөд Солонгосын ДНБ 23 838 ам.доллар байсан бөгөөд дэлхийд 32 дугаар байрт оржээ. Харин Саудын Араб 24 246 ам.доллараар 30 дугаар байрыг эзэлжээ. Өмнөд Солонгосын хувьд хөдөлмөрч ард түмнээс гадна өндөр технологийн хөгжил эдийн засгийн хөгжлийн үндэс байдаг. Харин Саудын Араб зөвхөн нефтээр амьдардаг. Гадны мэргэжилтнүүдийг өндөр цалингаар ажиллуулж буцаад мөнгө олох дэд бүтцийн мега төслүүдийг хэрэгжүүлдэг. Харин уугуул иргэд өөрсдөө ажиллах эрмэлзэл тун муу. Тэгэхээр нефть дуусах юм уу, эсвэл хүн төрөлхтөн нефтнээс татгалзаж эхэлвэл яах вэ гэдэг асуудал зайлшгүй гарч ирнэ.