2012.04.23
Лу.Гантөмөр: Хоёр сонгууль нэг өдөр явна
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Лу.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрөгч баасан гаригт хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас “Нийслэлийн ИХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах боломжтой, аймгуудынхыг бол намар явуулна” гэдэг байр суурь гаргасан байна лээ. Үүнийг одоо буулт гэж үзэх үү? Аймаг, нийслэлийн ИХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулна гэсэн Ардчилсан намын бүлгийн байр суурь юу болсон бэ?
-Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь явуулдаг болъё гэж их олон жил ярьж байгаад шийдвэр нь 2008 онд гарсан юм, УИХ-аар хууль баталчихсан. Энэ байр суурь саяхныг хүртэл хадгалагдаж байсан. Өнгөрөгч оны сүүлээр УИХ-ын сонгуулийн хуулийг шинээр батлах хүртэл энэ хоёр сонгуулийг салгах тухай хэн ч ярьж байгаагүй. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг УИХ-аар баталсны дараачаас эхлэн МАН-ын бүлгийн зарим гишүүд “Энэ хоёр сонгууль салах ёстой” гэдэг мэдэгдлийг хийж эхэлсэн. Манай намын бүлгийн хувьд энэ мэдэгдэлтэй холбоотой нэг л зүйлийг удаа дараа хэлж байгаа. Энэ сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй хүн нь Монгол Улсын Ерөнхий сайд. Бусад хүмүүс өмнөөс нь санаа зовж, дуугарах ёсгүй гэж. Тэгээд Ерөнхий сайд Төрийн байгуулалтын байнгын хороон дээр “Хоёр сонгуулийг салгаж явуулаач ээ, зохион байгуулж чадахгүй нь ээ” гэж албан ёсоор хүсэлт тавьсан. Түүний дараа манай намын бүлэг хуралдаад “Үнэхээр хүндрэлтэй байна, зохион байгуулж чадахгүй гэж байгаа бол аймаг, нийслэлийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулья, сум дүүргийн сонгуулийг дараа нь явуулж болох юм” гэдэг буулт хийсэн.-Ингэхэд яагаад хүчин төгөлдөр байгаа хуулийг хэрэгжүүлэхийн тулд аль нэг намын бүлэг нь нөгөөдөө буулт хийх ёстой юм? Хууль хэрэгжүүлэх чинь хоёр намын дур зоргын асуудал биш шүү дээ?
-УИХ-ын 48 гишүүн гарын үсэг зураад өргөн барьчихсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байгаа. Энэ хуулиар сум, дүүргийн ИХ-ыг нам бус болгоё гэсэн юм. Сум, дүүргийн ИХ улс төрийн намуудаас, ялангуяа парламентад суудалтай намуудаас хамааралгүй, цэвэр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болж төлөвших ёстой. Улс төрийн намуудад, эсвэл тэдний тодорхой төлөөлөгчдөд үйлчилдэг байгууллага баймааргүй байна, орон нутгийн бие даасан байдал цаашдаа Монгол Улсын хөгжлийн гол түлхүүр нь болох юм гэж үзээд ийм хууль өргөн барьсан. Хуулийн төслийг 48 гишүүн өргөн барьсан гэдэг нь энэ хуулийг батлах хүсэл эрмэлзэл уг нь УИХ-д байсан гэж ойлгож болно. Аймаг, нийслэлийн сонгуулийг сум, дүүргийн сонгуулиас салгая гэдэг нь МАН-ын бүлгийнхний яриад байгаа шиг том, багаар нь ялгаж байгаа хэрэг ерөөсөө биш. Аймаг, нийслэлийн сонгууль дээр эхний ээлжинд улс төрийн намуудын оролцоог үлдээе, сум, дүүргийг бол цэвэр нутгийн өөрөө удирдах ёсны бие даасан байгууллага болгоё гэсэн санаачилга. Энэ санаачилга дээр үндэслээд аймаг, нийслэлийн сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг явуулья, улс төрийн намууд нь УИХ болон аймаг, нийслэлийнхээ сонгуульд оролцоод яваг. Харин энэ завшаандаа сум, дүүргийн Засаг даргыг яаж томилох вэ гэдгээр ард нийтийн санал асуулга явуулья. Үүнийг Монголын ард түмэн дэмжинэ гэдэгт бид эргэлзэхгүй байна. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг бие даалгая, нам бус болгоё гэдэг санаачилга энэ сонгуулийн үеэр дэмжигдэх юм бол шинээр байгуулагдах УИХ Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг баталья. Ингэснээр Монголын улс төр нэг мөр зөв системдээ орно. Ийм л учраас бид аймаг, нийслэлийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулья гэдэг саналаа УИХ дахь МАН-ын бүлэгт хүргэсэн. Энэ бол саяхны үйл явдал. Харамслтай нь МАН-ын бүлэг бидний энэ саналыг хүлээж авахгүй гэдэг шийдвэр гаргалаа. Тиймээс бид одоо бүх асуудал одоогийнхоо хуулиар явна аа гэдэг байр сууриа дахин илэрхийлсэн.
-Хэлэлцүүлгээс завсарлага авч уу?
-Тийм. Завсарлага авна гэдэг нь үндсэндээ одоогийн хуулиа хамгаална, хуульд өөрчлөлт оруулах тухай яриа байхгүй гэсэн үг. Аймаг, нийслэлийн сонгууль дээр эхний ээлжинд улс төрийн намын оролцоо байх ёстой гэдэг дээр 48 гишүүн гараа өргөчихөөд байна шүү дээ. Тийм байхад яагаад аймгийн сонгуулийг хойшоо татах гээд байгаа юм бэ гэдэг асуудал үүснэ биз дээ. МАН сумын, дүүргийн ИХ-ыг улс төрийн намын нөлөөллөөс гаргахыг зөвшөөрөхгүй байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр гарын үсэг зурсан нөгөө 48 гишүүн маань байна уу, үгүй юу.
-48 гишүүний бараг тал хувь нь МАН-ын гишүүд. Тэр гишүүдээсээ нэг бүрчлэн байр суурь нь өөрчлөгдсөн эсэхийг асууж үзсэн үү?
-Бид нэг бүрчлэн гишүүдтэй уулзаад тодруулаад явах боломж хомс. Гишүүдийн хувьд бол дэмжсэн. Гэтэл МАН-ын барьж байгаа чиглэл нь орон нутагт улс төрийн талцлыг хадгалъя гэдэг л үнэр үнэртэж байна. Гарын үсэг зурж, өргөн барьсан хуулийг бол улс төрийн намуудас асуугаагүй шүү дээ. УИХ-ын гишүүд иргэдээсээ асуугаад, иргэд “Бид суман дээр улс төржиж залхлаа, дарга нарт үйлчилж залхлаа. Өөрсдийнхөө төлөө, сум, дүүргийнхээ хөгжлийн төлөө амьдарья л даа. Бид эндээ өрсдөө шийдвэрээ гаргаж сурна, чадна. Та нар үүнд битгий оролц л доо” гэж хэлж байна. Иргэдийн энэ санал дээр л тулгуурлаж өргөн барьсан хууль.
-Тэгэхээр МАН-ын бүлгээс тавьж байгаа “Нийслэлийн сонгуулийг УИХ-ынхтай хамтатгая, аймгийнхаа сонгуулийг хойшлуулья” гэдэг саналыг танай намын бүлэг хүлээж авахгүй гэсэн үг үү?
-Үгүй. Сонгууль хуучин хуулиараа явна. УИХ, аймаг, нийслэл, сум дүүргийнх бүгд нэг өдөр явна. Хэрвээ МАН-ын бүлэг тийм болзол тавьж байгаа бол. Гарын үсэг зурсан 48 хүний өргөн барьсан хуулийг УИХ-ын дарга одоо болтол хэлэлцүүлэгт оруулахгүй байгаа. Энэ бол сүүлд Д.Лүнджээжанцан, З.Энхболд нарын өргөн барьсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөс хамаагүй өмнө өргөн баригдсан хууль шүү дээ. Тэр хуулийг төслийг одоо болтол хэлэлцүүлэгт оруулахгүй барьж байгаад зөвхөн МАН-ын дарга нарын хүсэл сонирхолд нийцсэн тэр хуулийг л хэлэлцүүлье гэж дайраад байгаа байхгүй юу. Тэгэхээр энд ямар ч шударга ёс алга. Ямар ч шударга зүйл байхгүй. Энэ хуулийн төсөл УИХ дээр орж ирээд шийдэгдчих юм бол аймаг, нийслэлийн сонгууль нь УИХ-ын сонгуультайгаа хамт яваад, улс төрийн намууд нь оролцоод явна. Сум, дүүргийн сонгуульд бол орон нутгийн иргэд нэрээ дэвшүүлээд сонгуульдаа оролцоно. Сонгууль зохион байгуулах ажлыг бол СЕХ буюу төрийн албан хаагчид хийдэг, иргэд зөвхөн нэрээ дэмшүүлээд л оролцоно шүү дээ. Энд ямар ч хүндрэл байхгүй.
-Гэтэл тэр сонгууль зохион байгуулах ёстой төрийн албан хаагчид, аймгийн Засаг дарга нар чинь “Бид орон нутгийн сонгуулийг зохион байгуулж чадахгүй нь ээ” гээд өргөх бичиг үйлдээд, Ерөнхий сайд руу гүйлдээд байдаг нь ямар учиртай юм? Эсвэл Ерөнхий сайд нь тэднээр бичиг үйлдүүлээд, гарын үсэг зуруулаад байгаа юм уу?
-Тэр бол өнөөдөр байгаа Иргэдийн хурлууд цэвэр ялсан намын мэдэлд байна гэдгийг л харуулж байгаа юм. Жишээлбэл, манай нам ялчихсан дөрвөн аймаг байгаа. Тэр дөрвөн аймгаас тийм бичиг ирээгүй л биз дээ, ирэхгүй. Тэд өөрсдийн хүсэл зоригоор тийм бичиг явуулахгүй. Бусад нь бол намын дарга нь “та нар ийм маягаар саналаа өг өө” гэж удирдамж өгөөд л тийм үйлдэл хийж байгаа юм. Үнэхээр орон нутгийн байгууллагууд “сонгуулиа хамтад нь явуулж чадахгүй” гэж байгаа бол яагаад манай нам ялсан аймгаас тийм бичиг ирэхгүй байгаа юм. Яагаад Хан-Уулаас, Сүхбаатар, Завханаас тийм бичиг ирэхгүй байна. Яагаад гэвэл тэнд хоёр сонгуулиа хамтад нь явуулья гэдгийг жинхэнээсээ бол иргэд нь дэмжээд байна шүү дээ. Асуудал нь зөв байна гэж үзээд, мөн чанарыг нь ойлгоод байна. Ялах ялагдахдаа биш, энэ хоёр сонгууль цуг явах нь төрийн зөв бодлого байна, салж явах нь төрийг гажуудуулаад байна шүү гэдгийг ойлгосон учраас. Ялангуяа Засгийн газрыг хүчгүйдүүлдэг зүйл бол орон нутгийн сонгууль шүү дээ. Засгийн газар эхний 100 хоногтоо юу ч хийж чаддаггүй, дахиад нөгөө популист шинж чанараа л хадгалдаг. Эхний 100 хоногтоо юу ч хийж чадаагүй Засгийн газар цаашдаа яаж ажиллах вэ. Популизмыг эхлүүлсэн л бол дуусан дуустлаа популизмаа хөөцөлдөөд л явж байгаа биз дээ. Хар л даа. 2000-2004, 2004-2008, 2008-2012 онд ямар байв. Засгийн газар нь байгуулагдсаныхаа маргаашнаас л орон нутгийн сонгуульд бэлтгэдэг. Сонгуульд бэлтгэж байгаа Засгийн газар гэдэг бол зүгээр л цуурхал тараадаг, худлаа амладаг, ажил хийсэн дүр эсгэдэг байхгүй юу. Жинхэнэ ажил хийх юм бол ард нь заавал гомдогсод гардаг, тээнэгэлзсэн хүмүүс бий болдог, эсэргүүцэлтэй тулгардаг. Үүнийг дөрвөн жилийн ажлын үр дүн, цаг хугацааны хүчин зүйлээр даван туулдаг. Тэгээд зөв ажил хийснээ нотлон харуулж, дараагийн сонгуульд оролцох нөхцөл бүрддэг байхгүй юу. Харамсалтай нь тэр боломжийг орон нутгийн сонгууль өгөхгүй байна. Яагаад гэвэл орон нутгийн сонгууль аравдугаар сард болох учраас улс оронд хэрэгтэй шийдвэр гэхээсээ илүү хүн болгонд таалагдсан зүйл л ярихыг бодно. Таалагдахгүй байсан ч “хэнийг ч гомдоохгүй” гэдэг зарчмаар л явна. Үнэндээ бол том ажил явуулахад хэн нэг нь гомддог л байхгүй юу. Сонгууль ойрхон байгаа үед тэр гомдлоо их томруулж хардаг, “энэ ажлыг хойшоо тавья, хийхгүй байя, зарлахгүй байя” гэдэг. Нөгөө хөтөлбөр нь ч дутуу гараад, ажлуудаа ч буруу эхлээд явдаг. Нэгэнт буруу хөл дээр боссон юм чинь дуусан дуустлаа л буруу ажилладаг. Уг нь аль ч улс орныг харахад Засгийн газар эхнийхээ 100 хоногт ямар ч шийдвэр гаргасан ард түмэн хүлээж авахад бэлэн байдаг. Мэдээж тодорхой хэсэг бүлгийн эсэргүүцэл бол заавал гарна. Гэтэл олонхи нь хүлээж авч байгаа шийдвэрийг гаргаад Засгийн газар нь цаашаагаа зөв явахын оронд хэнийг ч гомдоохгүй гэдэг байдлаар яваад дөрвөн жилд хийх гол ажлаа нураадаг. Үүнийг жишээ нь тэр бичиг ирүүлэхгүй байгаа аймаг, дүүргүүд бол ойлгож байна шүү дээ.
-Сонгуульд ялсаны хэрэг ч гарахгүй юм байна л даа?
-Ялсаны хэрэг гарахгүй байгаа биз дээ. Ардын нам ялсан, одоо хар л даа. Ямар хэрэг гаргав, ямар гавьяа байгуулав. Зоригтой шийдвэр гаргаагүй, юу ч хийж чадаагүй. Тэгж ярих юм бол энэ хоёр сонгуулийг зэрэг явуулах нь өнөөдөр эрх барьж байгаа хүмүүсийн хувьд түүхэн бахархал. Бид хоёр удаа болдог байсан улс төржилтийг нэг болгосон гавьяатай хүмүүс гэж арван жилийн дараа ам бардам яриад сууж байх ганц боломжийг ч ашиглаж чадахгүй байна шүү дээ. Өнөөдөр эрх барьж байгаа хүмүүсээс үл хамаараад өмнө нь баталчихсан хуулийг ч хэрэгжүүлж чадахгүй дальдчаад, тойрч зугатаад байгаа биз дээ.
-Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулна гэдэг хууль дөрвөн жилийн өмнө батлагдсан байхад МАН-ынхан яагаад тэр үед нь биш, одоо сонгууль тулсан хойно “хэрэгжүүлж чадахгүй” гэж хэлж байгаа юм бэ?
-Санаатай үйлдэл гэж үзэхээс өөр арга байхгүй. Уг нь энэ сонгууль зохион байгуулах чинь намын ажил биш шүү дээ. Төрийн байгууллага, албан хаагчид үүнийг зохион байгуулдаг юм. Монголын төрд өнөөдөр 160 мянган хүн ажиллаж байгаа. Хангалтай хүч. Энэ хүмүүс Монголын төрөөс цалин авдаг, төрийнхөө сонгуулийг зохион байгуулахад хэн ч сэтгэл хоргодохгүй, хоёргүй сэтгэлээр ажиллана. Би бол үүнд итгэлтэй байна. Яагаад гэвэл энэ төр байгаа учраас л тэр хүмүүс алба ажилтай, амь зуулгатай байгаа биз дээ. Тийм учраас төрийн жинхэнэ албан хаагчид бол сонгууль зохион байгуулах ажилд хангалттай оролцоно, зохион байгуулж чадна. Ганцхан үүнийг улс төржүүлээд, намын ажил мэтээр хараад байгаад л гол аюул байна.
-Тэгвэл танай намынхан МАН-ын бүлгийнхэнтэй хэрэлдэж байхаар төрийн албан хаагчид, Засаг дарга нарт шаардлагаа тавих ёстой юм биш үү?
-Бид Ерөнхий сайдтай л ярина шүү дээ. МАН-ын бүлэг бол хууль өөрчилнө гэдэг санал тавьсан, бид өөрчлөхгүй гэсэн. Өөрчлөхгүй бол болохгүй нь ээ гээд удаа дараа шахалт үзүүлсэн. Бид Ерөнхий сайдад асуулга тавьсан. Гэтэл Ерөнхий сайд нь бас “би энэ ажлыг хийж чадахгүй ээ” гэсэн. Сонгууль дөхчихсөн учраас бид энэ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавьж чадахгүй байна. Хоёрын хооронд хэдхэн сар үлдчихээд байхад огцруулаад яах юм.
-Ядахдаа сонгуулиа зохион байгуулчих Ерөнхий сайд хэрэгтэй байна шүү дээ, өөр өндөр шалгуур тавихаа больё?
-Ядаж сонгуулиа зохион байгуулаад хийчихээч, хийгээд өгөөч гэж л сануулаад, шахаад явж байна. Солиод хэн гарч ирэх юм. Гарч ирээд сонгууль зохион байгуулчих хүн МАН-д байхгүй. Сахил хүртээд шал дордоно гэдэг шиг сонгуулиа явуулж чадахгүй бол бүр аюул болно биз дээ. Хийх ёстой хүн нь ажлаа хийж чадахгүй байхад бид хариуцлага ярихгүй байгаа шалтгаан нь улс орны эрх ашиг байна даа гэж бодоод асуудалд хүлээцтэй, тэвчээртэй хандаж байна. Ерөнхий сайд нь чадахгүй гэхээр намынх нь бүлэгт “Тэгвэл УИХ-ын 48 гишүүнийн өргөн барьчихсан хуулийн төсөл байна, үүнтэй уялдуулаад нийсэл, аймгийнхаа сонгуулийг УИХ-тайгаа хамт явуулчих. Сум, дүүргийн сонгуулиа салгачихья” гэсэн. Энэ бол логиктой асуудал байхгүй юу. Сум, дүүргийн сонгуулийг улс төрийн намаас хамааралгүйгээр бүрэн бие даалгая, намар аравдугаар сард сонгуулиа хийе л гэсэн шүү дээ. Гэтэл МАН-ын бүлгийнхэн буцаагаад “тэгвэл нийслэлийг УИХ-тай хамтатгаад, аймгийн сонгуулийг намар явуулья” гэж байгаа бол дахиад гажуудал үүснэ.
-Аймгийн сонгуулийг намар явуулья гэдэгт ямар үндэслэл байгаа юм?
-Ямар ч үндэслэл байхгүй шүү дээ.
-Танайх нийслэлээ ав, манайх аймгуудаа авья гэж байгаа юм шиг, нэг төрлийн наймаархуу л юм харагдаж байна шүү дээ?
-Харин тийм. Бид бол илүү логиктой асуудал тавьсан. Ингэж шийдэх арга зам байна аа гэж. Гэтэл “ингэж шийдэхгүй ээ” гэж байгаа бол тэгээд одоо бүгдийг нь л цуг хий л дээ. Сонгуульд ороход бэлтгэж ядаад байх юм байхгүй. Нэр дэвшүүлэхэд ядах юмгүй, тэр хүмүүсийг оруулаад санал тоолох хэцүү биш. Аягүй амархан. Ийм амархан асуудлыг эвтэйхэн шийдээд явчихгүй зөрүүдлээд байна шүү дээ. Аль юм болгон дээр зөрүүдэлсэн болгоны аманд унаж явах юм, Ардчилсан намын бүлэг анхныхаа байр суурь дээр очсон. Сонгуулийг хуулийг өөрчлөхгүй, нэмэлт өөрчлөлтийг батлахгүй, өөрчлөх шаардлага ч алга, Засгийн газар ажлаа хий л гэж байна.
-Хоёр тусдаа хэсгийн хороогоо байгуулаад нэг өдөр сонгуулиа явуулна гэсэн үг үү?
-Хэсгийн хороо бол нэг л байна шүү дээ, бүртгэлийн ажил нь л хоёр тусдаа дэвтэр дээр явахаас биш. Оройн 20 цагт УИХ-ынхаа сонгуулийн санал хураалтыг хаачих, тэрнээс хойш орж ирсэн хүмүүс нь зөвхөн орон нутгийнхаа сонгуульд саналаа өгнө биз. Оройн 20.00 цагт УИХ-ын сонгуулийн санал хураалт дуусна гэдгийг бүх ард түмэн мэдэж байгаа. УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг 20.00 цагт бүгдийг нь лацдана, санал өгөөд дуусахад УИХ-ын сонгуулийн дүн гарчихна гэсэн үг, машинаар тоолох учраас. Тэгээд 22.00 цаг хүртэл орон нутгийнхаа сонгуулийн саналыг ав. 22.00 цагт санал хураалтаа хаагаад, саналынхаа хуудсыг гараараа тоолоод, 00 цагтаа байна уу, 01.00 цагтаа байна уу дүнгээ зарла. Өөр асуудал байхгүй.
-Тэгвэл өнөөдөр “Орон нутгийнхаа сонгуулийг явуулна” гээд ажил зохион байгуулаад, бэлтгэл хангаад явж байгаа аймгийн Засаг дарга, Иргэдийн хурал байна уу?
-Байгаа байлгүй дээ, бид тэр бүгдийг нэг бүрчлэн хянах аргагүй шүү дээ. Тэр хүмүүсийн хуулиар хүлээсэн үүрэгт ажил нь энэ. Өөрсдөө 2008 онд орон нутгийн сонгуульд орохдоо сонгуулийн хуулиа уншиж л орсон байж таарна. Сонгуулийн хуульд нь “2012 онд орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явна” гээд заачихсан байгаа, тэр заалтыг ойлгож сонгуульд орсон байгаа. Тэгээд одоо “Миний бүрэн эрх дуусаагүй” гээд гонгиноод байх шаардлага байхгүй. Хуулийн тэр нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм бол яах гэж сонгуульд орсон юм. Энэ хууль чинь буруу байна, би сонгуульд орохгүй гэж яагаад тэр үед хэлээгүй юм. Нэг ч хүн хэлээгүй шүү дээ.
-Нээрээ яагаад энэ үгээ дөрвөн жилийн өмнө хэлсэнгүй вэ, яагаад одоо хэлж байгаа юм бэ?
-Наад үгээ Сү.Батболдод хэлэх хэрэгтэй. Тухайн үед нь хэн ч юу ч яриагүй. Чадахгүй гэдгээ сонгуульд орохдоо л хэлэх ёстой байсан байхгүй юу. Би энэ орон нутгийн сонгуулийн хуулийг чинь зөвшөөрөхгүй байна аа, дараагийн сонгуулийг аравдугаар сард явуулахгүй бол энэ сонгуульд чинь орохгүй ээ, Иргэдийн төлөөлөгч болохгүй ээ гэж. Гэтэл бүгд зөвшөөрсөн л байхгүй юу. Дараагийн сонгуулийг хамт хийе, хамт хийхийг дэмжиж байгаа учраас би энэ сонгуульд орж байна гэж. Тэгж ороод ялалт байгуулаад ИХ-д сууж байгаа хүмүүс шүү дээ.
-Би 2012 оны орон нутгийн сонгуулийг зургадугаар сард УИХ-ын сонгуультай хамт явуулна, би энэ ажлыг зохион байгуулах үүрэгтэй гэж үү?
-Тийм. Засаг дарга нар, ИХ-ын дарга нар тэрийгээ мэдэж байгаа. Мэдээгүй ээ гэж байгаа бол ёстой нөгөө “унтчихжээ” гэдэгтэй л адилхан юм болно.
-Ер нь унтсан нь олон байдаг юм биш үү, одоо хараад байхад?
-Ийм марзан байдлаар цаашаагаа Монгол Улсын төрд зүтгэж болохгүй л дээ. Одоо ийм нэг хошин шог шиг юмандаа цэг тавих болсон. Цэг тавиад, жаахан ажил хэрэгч хэсэг нь ажлаа хийгээд явмаар байна.
-Танай намынхан ч яах вэ, сонгууль болно, хуулиараа явна л гээд байна. Гэтэл эрх барьж байгаа намын одоо барьж байгаа байр суурийг харахаар “Ер нь энэ жил сонгууль болох юм уу, үгүй юу” гэдэг эргэлзээ үүсээд байна шүү дээ, олон нийтийн дунд. Сонгууль болохгүй бол хариуцлагыг нь хэн үүрэх юм?
-Болж л таарна шүү дээ, болох хуультай юм чинь. Ер нь дээр дооргүй хууль зөрчсөөр байгаад одоо бүгдээрээ “энэ хууль ч хэрэгжихгүй дээ” гэж боддог болчихсон байна. Энэ бол аюул. Хуультай юм чинь хуулиараа л бүх юм явна.
-Хуулийг хэрэгжүүлдэг газар нь харамсалтай нь танай нам биш байна л даа?
-Аль ч улс төрийн нам биш, Засгийн газар л хуулиа хэрэгжүүлэх ёстой. Аймгийн удирдлагууд хуулиа хэрэгжүүлэх ёстой. Бид бол МАН муу гэж хэлэхгүй. Ерөнхий сайд хууль хэрэгжүүлэх ёстой, энэ нөхөр ажлаа хийх ёстой. Энэ Засгийн газарт асуудал байна, тэд ажлаа хийх ёстой. Иргэдийн хуралд асуудал байна, тэд ажлаа хийх ёстой. Түүнээс биш энэ чинь намын ажил биш шүү дээ. Намын бодлогыг төрийн ажилтай авчирч хутгаж байгаа бол тэр ажил хариуцаж байгаа хүмүүсийн л буруу. Намын боддогоор төрийн ажил явахгүй, ямар ч хуульд тийм юм байхгүй. Намын хүсэл эрмэлзлэлээр хууль хэрэгжүүлэхгүй гэж байгаа бол энэ гэмт хэрэг, төрийн эсрэг гэмт хэрэг.-Ц.Нямдорж сайд хүртэл саяхан хэлж л байсан. Би энэ ажлыг чинь аваад хоёрхон сар болж байна. Иргэний ухаалаг үнэмлэхийг хэвлэж чадахгүй ээ, өмнөх хүмүүстэй нь ярихгүй юу гэж?
-Чадахгүй биш, чадна. Хэвлэж чадна, тарааж чадна. Асуудал байхгүй.
-Чадахгүй гэдгийг нь хүлээж аваад хуучин үнэмлэхээрээ сонгуулиа явуулахаар яриад эхэллээ шүү дээ?
-Тийм юм байхгүй. Иргэний шинэ, ухаалаг үнэмлэхээр сонгууль явна. 160 мянган төрийн албан хаагчаа дайчил, хэдэн хүнд үнэмлэх хүргэх гээд байгаа юм. Сая хүнд, ихдээ сая 300 мянган хүнд үнэмлэх хүргэе. Нэг төрийн албан хаагчид 7 үнэмлэх л оногдож байгаа. Нэг төрийн албан хаагч өөрийнхөө гэрийн ойролцоох долоон хүнд үнэмлэх хүргэж өгөхөд хэдэн цаг орох вэ, үсрээд 10 цаг л орно. Хэцүү юм ерөөсөө байхгүй. Хэвлэ, хүргэж өг.
-Сонгуулийн Ерөнхий хороо иргэний шинэ үнэмлэхийг унших машин худалдаж авахдаа алдаа гаргасан, тэр нь захиалсан үнэмлэхнийхээ чипийг уншиж чадахгүй байна гэсэн. Энэ хэнээс болсон бэ?
-СЕХ харамч загнаад, хямдхан машин худалдаж авсан. Тэр нь нууцлал өндөртэй чипийг уншиж чадахгүй байгаа. Манай төрийнхөн хямдхан юм авахаараа баярлаад гүйдгийн гай энэ. Би бол үүнийг нэг их санаатай үйлдэл гэж бодохгүй байна. Зүгээр манайхны боловсролын хэмжээ л тэр. Юугаа ч ойлгохгүй байна шүү дээ. Цахим тоног төхөөрөмжийн ялгаа, хурд хүч, хэмжээ дамжаа, олон улсын стандарт, энэ болгоныг ерөөсөө мэдэхгүй. Энэ нь арай хямдхан юм, авчихья гээд л нэг л их хямд юм руу дайрсан хүмүүс. Тэр хямд юм нь ийм том программ дээр ажиллахгүй л дээ. Хамаа алга, нууцлалынхаа түвшинг жаахан доошлуулсан программ хийлгээд л хэвлүүлчихнэ шүү дээ. Ядаад байх юу байсан юм, асуудалгүй. Би бол түүнд огт санаа зовохгүй байна. Цаг хугацаандаа хийгдчих байх. Зөвхөн Ерөнхий сайд өөрийнхөө нөөцөөс хэдэн төгрөг нэмж дайчлаад, төрийн албаныхандаа жаахан урамшуулал өгөөд л ажиллуулчих асуудал шүү дээ. Өнөөдөр амралтын өдөр. Гэтэл чи бид хоёрыг ярилцаад сууж байхад гадаа хүмүүс өдөржин цэвэрлэгээ хийж л байгаа биз дээ. Цэвэрлэгээ хийхээр чаддаг, иргэний үнэмлэх тараах болохоор чаддаггүй төрийн албан хаагч гэж байхгүй биз дээ. Бүгдээрээ чадна, асуудалгүй. Зүгээр л хийхгүй гэж зөрүүдлээд байгаа байхгүй юу, жаахан будилаантай юм байвал зүгээр юм даа гэсэн маягтай. Тэгээд тэрийгээ бас хэлчихэж чадахгүй. Нэг бол тэрийгээ хэлчих хэрэгтэй шүү дээ, хэлээд ажлаа өг.-Будилаантай байгаасай гэснийх нь цаана, зөрүүдлээд байгаагийнх нь цаана тэгвэл ямар сонирхол, хэний эрх ашиг байгаа юм?
-Мэдэхгүй. Тэр болгоныг бид таахыг оролдож болохгүй ээ. Зүгээр л ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Өмнөөс нь таагаад яваад байхаар тэр тааврын үзүүрийг барьж аваад цааш нь бас нэг юмтай уяад явдаг байхгүй юу. “Шинэ үнэмлэх хэвлэгдэхгүй нь” гэхээр нь бид өмнөөс нь санаа зовоод “за тэгвэл хуучин үнэмлэхээрээ явья” л гэх юм байна л даа. Тэгмээргүй байна. Зүгээр л ажлаа хий, хүндрэл байвал шийд. Шийдэж чадахгүй бол ажлаа өг. “Чадна” гээд Л.Амарсанаа, дөнгөж сая томилсон тушаалынх нь бал нь хатаагүй дарга одоо УБЕГ дээр оччихсон ажиллаж байгаа биз дээ. “Би чадна” гэж хэлээд тэр нөхөр бүтцийн өөрчлөлт хийсэн биз дээ. Чадахгүй байсан бол тэр хүн очихгүй, “би больё, төрийн ажил унагана” гэж хэлэх ёстой. УБЕГ-т дарга олдохгүй байх ёстой, “тэгж толгойгоо цустахгүй” гээд бүгдээрээ зугтана. Гэтэл нэг нөхрийг тавьсан, тэр нь мугуйдалж байгаад арын хаалгаар дарга болсон, одоо “би чадна” гээд л сууж байна. Тэгэхээр чадна, наадуул чинь. Зүгээр “чадахгүй” гээд хэлчих юм бол Ардчилсан намынхан улс орныхоо төлөө санаа зовдог учраас нэг гарц гаргаад өгчих байх, тэр гарцаар нь гараад явчихья л гэдэг муухай юм хийж байгаа юм. Тийм муухай юм битгий хий гэж л бид хэлж байна. Боль, ажлаа хий.-Иргэний бүртгэлийн газрын татан буулгаад дүүргүүдэд тараасан нь ч гэсэн ажлаа хийхийн төлөө хийсэн алхам гэж та бодож байна уу?
-УБЕГ-ын даргаар энэ удаа мэдээллийн технологийн маш сайн мэргэжилтэнг тавих ёстой байсан. Компьютер мэддэг, програм хангамжаа, сүлжээгээ мэддэг, бүртгэл мэддэг, мэдээлэл харилцааны чиглэлээр ядаж мастер хийчихсэн хүн хэрэгтэй байсан юм, доктор биш юм гэхэд. Тийм хүмүүс Монголд зөндөө байна. Гэтэл тэр хүмүүсийг тавихгүй байна. Техник технологийн чиглэлийн юм ойлгодоггүй хүмүүс энэ бүртгэлийн салбарыг мэдээлэлжүүлэх ажлыг хийж дуусгана гэж байхгүй. Хэцүү шүү дээ.
-Одоо тэгээд цахим үнэмлэх хугацаандаа гараагүйн бурууг аягүй бол Н.Алтанхуягт үүрүүлэх нь л дээ, өөрсдийнх нь ярьж байгаагаар?
-Н.Алтанхуяг чинь яамны сайд биш. Зүгээр Тэргүүн шадар сайдын харьяалах ажлынх нь нэг бүрэлдэхүүнд энэ агентлаг орж явсан. Энэ хүн иргэний бүртгэлийг илүү цахим болгох асуудал руу бодлогоор түлхэж явсан болохоос биш бие даасан агентлагийн ажилд оролцохгүй. Яагаад гэвэл агентлагийн дарга нь МАН-аас томилогдсон хүн, Б.Мөнхбаатар. Одоо тэр нөхөр МАН-аас УИХ-д дэвшинэ гээд явж байгаа. Яаж тийм хүн манай намын даргын үгэнд орох юм. Тэр хүн бас л төрийн албан хаагч биш байсан байна, улстөрч тавьчихсан байгаа байхгүй юу. Тэгээд нэг улс төрчийг дахиад нэг улстөрчөөр солилоо. Сая тавьсан улстөрч нь бүр илүү улстөрч, намын нарийн бичгийн дарга, намын даргын зөвлөх байсан хүн. Тэр нь “би чадна” гэж дарга болоод, гурав хонолгүй бүтцийн өөрчлөлт хийж баахан хүнийг ажлаас халсан. Одоо ч гэсэн “чадна” л гээд ажиллаж байгаа гэж бид ойлгож байна. Чадахгүй гэж хэлэх эрх түүнд байхгүй. Ямар ажил дээр юуны төлөө очиж байгаагаа мэдсэн юм байгаа биз дээ. Чадахгүй байсан бол “Больё, тэгж толгойгоо цустаж байхаар мөрөөрөө сайхан амьдарья” гээд татгалзана биз дээ, хэн ч гэсэн. Хичнээн намын даалгавар байсан ч татгалзана. Ямар аюултай том хэрэгт оролцож байгаагаа мэдэж байсан юм байгаа биз дээ. Тэгэхээр чадна, цаадуул чинь. Та нар битгий санаа зов.
-Сонгууль хугацаандаа болох уу?
-Болно. Хэрвээ сонгууль хугацаандаа боллохгүй бол одоо энэ УИХ-д сууж байгаа нөхдүүд, Засгийн газарт ажиллаж байгаа нөхдүүд бүгдээрээ тарах хэрэгтэй. Сонгуулиа хийж чадахгүй төр байгаад яах юм. Тийм учраас сонгууль хугацаандаа болно, цахим үнэмлэхээ ч ашиглана. Харин үүний төлөө засаг нь сайн ажиллаж, иргэд ч идэвхитэй оролцох хэрэгтэй.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.