Д.Очирбат: Цэцийн шийдвэрийг хүлээж авах нь зөв
2012.04.19

Д.Очирбат: Цэцийн шийдвэрийг хүлээж авах нь зөв

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн “гулсах” заалтыг хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнээд хүчингүй болгох шийдвэр гаргасан. Шийдвэрийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд  “хүлээж авахгүй” гэж үзсэн бол, Төрийн байгуулалтын байнгын хороо хүлээн зөвшөөрсөн. Харин чуулганы хуралдаанаар хоёр намын бүлэг ямар нэгэн шийдэлд хүрч чадаагүй байна. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх уг асуудалд талуудын байр суурь ямар байгааг хүргэе.
-Цэцийн дунд суудлын хуралдаанаар сонгуулийн хуулийг хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргачихлаа. Гэвч Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэх нь нэлээн маргаан дагуулж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-2012 он гарахаас өмнөхөн Сонгуулийн хуулийг баталсан. Хаврын чуулган завсарлах үед МАН-ын зүгээс энэ асуудлаар нийт ард түмнээс саная асуулга авъя гэдэг дээр тулж байлаа. Маргаан үүсгээд байгаа гол заалт нь 48:28 буюу шилжих заалт. Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд 76 гишүүнийг ард түмэн шууд сонгоно гэж заадаг. Харин сонгуулийн шинэ хуульд ердөө 48 гишүүнийг ард түмэн сонгохоор хуульчилсан. Тухайн үед манай нам 48 дээрээ өрсөлдөөд унавал 28 руу гулсдаг заалтыг маш их эсэргүүцэж байсан л даа. Харамсалтай нь намуудын зөвшилцлийн хүрээнд гэдэг утгаараа гулсдаг заалтыг байлгахаар болсон. Энэ бол Ардчилсан намын бүлгийн санал. Бид ард түмнээсээ асуух гэсэн заалт бол "шороотой бөх туг тойрох уу" гэдэг л байлаа. Харин Үндсэн хуулийн цэц дээр 48-аасаа 28 руу гулсдаг заалтаар зарим нэг гишүүн, иргэд маргаан үүсгэсэн байна. Цэц хэлэлцээд үнэхээр энэ заалт хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Би хувь хүнийхээ үүднээс цэцийн шийдвэрийг зөв гэж бодож байгаа.

-Яагаад?

-Манай намын бүлгийн байр суурь ч гэсэн Цэцийн дүгнэлтийг зөв гэж үзсэн. Хэдийгээр УИХ-ын олонхи гишүүн санал нэгдэж кнопоо дарсан ч гэсэн ард түмний дэмжээгүй нэр дэвшигч "намын даргадаа хайртай дуртай, мөнгө төгрөгтэй" гээд төрийн түшээ болох нь .буруу юм. Гулсах заалтыг би анхнаасаа эсэргүүцэж байсан.

-Гулсах заалтаар гишүүн болох нь Үндсэн хууль зөрчиж байгаа юм бол намын нэрээр санал авах 28 гишүүн ч гэсэн адилхан юм биш үү. Адилхан УИХ-ын гишүүнийг ард түмнээс сонгоно гэсэн Үндсэн хуулийн заалттай зөрчилдөхгүй юу?

Хэрвээ Сонгуулийн тухай хууль тэр чигээрээ хэрэгжвэл мажоритар 48 тойрогт нэр дэвшээд унасан нь 28 руугаа орох байсан юм. Энэ тохиолдолд одоо байгаа УИХ-ын гишүүдэд давуу байдал бий болох байлаа. Тэртээ тэргүй л гулсаж УИХ-ын гишүүн болчих юм чинь пропорциональ 28 дээр ердөө л бэлэгдлийн чанартай хүмүүсийг тавих байсан юм. Цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцээд хүлээж авбал зуун хувь 76 гишүүн нэр дэвшинэ гэсэн үг.

-Цэц ямар дүгнэлт гаргасан УИХ шийдвэрээ хамгаалъя гэдгийг Ардчилсан нам уриалаад байгаа. Мөн Ардын нам олонхиороо шийдээд хүлээгээд авчихвал УИХ-ын дараа дараагийн үйл ажиллагаанд Ардчилсан нам оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнийг та хэрхэн харж байна?

-Хуулийг бойкотлож, хаалт хийсэн, аливаа асуудлыг өөрсдийнхөөрөө муйхарлаж шийдэх гэдэг занг Ардчилсан нам дандаа гаргадаг болж. Нэгэнт Цэц шийдвэрээ гаргаад, гулсах заалт ард түмний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гээд дүгнэсэн байхад УИХ хүлээж авахгүй гээд яах юм бэ. УИХ алдаатай шийдвэр гаргасан байж болно шүү дээ. Мөнхийн, зуун хувь алдаагүй шийдвэр гаргадаг хүн гэж байдаг юм уу. Хэрвээ байдаг бол тэр бурхан байх нь. Ер нь зуун хувь алдаагүй шийдвэр гаргана гэдэг тэр чигээрээ алдаа юм. Хүн алдсан алдаан дээрээ сурч, дэвжиж, хөгждөг. Ардчилсан намын хэлээд байгаа тэр бойкот ч гэсэн алдаатай бодлого. Ер нь сонгууль яагаад хуучнаараа явж болоогүй гэж. Яагаад ард түмэн гомдол гаргаж Цэц унагаад байгаа ойлгомжтой зүйлийг улайран хамгаалах гээд байгаа нь ойлгомжгүй. Үүнийгээ ерөөсөө тайлбарлаж чаддаггүй. Яръя гэхээр завсарлага авлаа гээд хаалга саваад гарчихдаг. Орж ирж байгаа асуудал нь шууд тулган шаардсан байдаг.

-Орон нутгийн сонгуулийн хууль парламентын түвшинд гацаатай хэвээрээ л байна. Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг өчигдөр хэлэлцэх байсан ч Ардчилсан нам завсарлага авсан. Тэгэхээр Ардын нам асуудлыг хэлэлцсэн нь хууль зөрчсөн үйлдэл биш үү?

-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх гэхээр гурван сарын өмнөх саналаа дахин оруулж ирж байна. Түүнээс хойш Ажлын хэсэг гаргаад зөвшилцөөд олон л процесс болсон. Түүнийг нь ийм байна гээд хэлэхээр "тэгвэл бид завсарлага авлаа" гээд гараад явчих жишээтэй.

Нийтлэлч
Б.Энхжаргал 
Өдрийн шуудан