Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ
2012.04.11

Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дөрөвдүгээр сарын 11-ний Лхагва гарагийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны 2012 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, уг дүгнэлтийг хүлээн авах боломжгүй хэмээн шийдвэрлэлээ.Хуралдааны эхэнд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд үг хэлсний дотор УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх дэгийг эргэн харах асуудлыг Хуульзүйн байнгын хороо өөрөө санаачилмаар байна” гэсэн санал дэвшүүллээ.

Учир нь түүний хэлснээр бол “Үндсэн хуулийн институци хооронд хэвийн харилцаа бий болгохгүй бол УИХ-ын чуулган, Байнгын хороон дээр Цэцийн дүгнэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр тэдний зүгээс ямар нэгэн хариу байхгүй байна. Иргэд Үндсэн хуулийн цэцэд ямар ч өргөдөл өгч болно, гэтэл Цэц түүнийг нь хүлээн аваад хуулийн заалт тогтоож, импортын пивонд ямар татвар оноохыг зааж өгч байна. 1990- ээд оны эцэс, 2000 оны эхээр хөрөнгө мөнгөний гачигдлаас болоод олон улсын байгууллагуудын зөвлөмжид тааруулж хуулиа гаргадаг, УИХ хоёр танхимтай юм шиг байсан. Тэр нь алга болонгуут араас нь залгаад ахиад нэг “танхимтай” болж байна. Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авбал Их хурал хуулиа өөрөө засах ёстой болно. Хууль тогтоох эрх мэдэл хаана байна вэ? Байнгын хороо энэ талаар ямар байр суурьтай байна вэ? УИХ-аас баталсан бүх хуулийн бүх заалтыг өөрчилдөг мундаг цэцтэй болсон юм уу?

Энэ асуудлыг УИХ ямар нэгэн байдлаар янзлахгүй бол Үндсэн хуулиар гагцхүү УИХ-д олгосон хууль тогтоох эрх мэдлийг Үндсэн хуулийн цэц алдагдуулж байна” хэмээн шүүмжилсэн юм.Мөн УИХ-ын гишүүн Л.Болд хэлсэн үгэндээ “Цэцийн шийдвэр өнгөрсөн 20 жил өөрийнхөө гаргаж байсан шийдвэртэйгээ зөрчилдөж байгааг цэц ухамсарлаж байгаа байх. Үндсэн хууль батлахад оролцож байсан хүний хувьд хэлэхэд, өнгөрсөн хугацаанд бид олон хууль, түүний дотор сонгуулийн хуулиуд баталж, мажоритараас пропорциональ руу шилждэг Германы тогтолцоог авсан. Одоо харин холимог тогтолцоо ч биш холион бантан боллоо. Шинэ Үндсэн хуулийнхаа 20 жилийн ойн дээр нам намаараа талцахаас илүү эх орон, ард түмнээ бодсон шийдвэр гаргамаар байна. Ө.Энхтүвшин даргын энэ талаар өгсөн тайлбар парламентын хувьд хариуцлагагүй тайлбар юм” гэлээ.Р.Гончигдорж гишүүний хувьд “10 гаруй хоног өнгөрчихөөд байхад Үндсэн хуулийн цэц дэлгэрэнгүй протоколоо гүйцэд бичиж чадаагүй, уг нь манай Байнгын хороон дээр Цэцийн хуралдааны бүрэн тэмдэглэл байх ёстой юм” гээд “УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, цэцийн түдгэлзүүлсэн заалт гэсэн гурван зүйлийг харьцуулж харахад Үндсэн хуулийн зөрчлийн асуудал байхгүй, харин УИХ-ын сонгуулийг хэрхэн явуулах тухай бодлогын хууль хийж буй цэвэр редакцийн ажил байсан. Цэцийн дүгнэлтийг хүлээн аваад хуулийн холбогдох зүйл, заалтыг хүчингүй болгоё гэхэд 6 сарын дотор хуулиндаа өөрчлөлт оруулж болохгүй гэсэн суурь заалттай.

Цэц Үндсэн хуулийн тулгуур зарчим болсон эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж, хууль тогтоох эрх мэдлийг шууд булааж байна. Мажоритар систем дангаараа байхад сонгогчдын санал хаягддаг болохоор сонгогчдын эрхийг улам баталгаажуулсан холимог тогтолцоог сонгосны гол ач холбогдлыг Үндсэн хууль зөрчсөн гэдэг нэрийн дор үгүйсгэсэн нь урьдаас гаргасан шийдэлтэй, захиалгын дүгнэлт гэж үзэж байна” хэмээн дүгнэсэн юм.Ч.Сайханбилэг гишүүний саналтай холбогдуулж Д.Лүндээжанцан гишүүн үг хэлэхдээ “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, УИХ-ын шийдвэр хоёрын харилцааны асуудлыг нэг мөр болгох саналыг 1997 онд дэвшүүлж байсан боловч яваагүй, Цэц эцсийн шийдвэр гаргадаг гэдгээрээ л явсаар мухардалд орж байна.

Үндсэн хуулийн тулгуур зарчмыг нэлээд гүнзгий судлах шаардлагатай байна. Цаашдаа боловсронгуй болгох энэ мэт зүйл нэлээд байна” гэлээ. Харин Д.Нямдорж гишүүн “Шүүх өөрийн зохиосон хууль, журмаар ажиллаж эхэллээ. Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц зэрэг байгууллагууд харсаар байтал хууль завхруулж байна. Өнөө болтол шүүх нь шүүхээрээ, хууль тогтоох байгууллага нь хууль тогтоох байгууллагаараа байхын төлөө явж ирсэн. Энэ бүхнийг Хуульзүйн байнгын хороо анхааралдаа авах болсон юм биш үү! Түрүүчийн 30 мянган хүний асуудал дуусаагүй байхад шинэ цагийн зүсээ хувиргасан хэлмэгдүүлэлтийг бид зүгээр хараад суугаад байх юм уу? Улс орны дотоод, гадаадад болж байгаа ямар ч асуудлыг УИХ ярих ёстой шүү дээ” гэсэн юм.Гишүүдийг үг хэлж дууссаны дараа хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлттэй холбогдуулан 15 саналын томьёоллоор Байнгын хорооны гишүүдийн дунд санал хураалт явуулснаар уг дүгнэлтийг хүлээн авах боломжгүй хэмээн шийдвэрлэлээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.