Г.Баярсайхан: Долоодугаар сарын 1-нд зургаа, долоон хүнийг буудсан гэдэг юм билээ
2012.04.02

Г.Баярсайхан: Долоодугаар сарын 1-нд зургаа, долоон хүнийг буудсан гэдэг юм билээ

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан

УИХдахь Ардчилсан намын бүлгийнхэн "Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангахгүй байгаа Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө" гэж мэдэгдсэн. Мөн Үндсэн хуулийн Цэцээс"Сонгуулийн тухай хуульҮндсэн хууль зөрчиж байна "гэж үзээд байгаа. УИХ-ынгишүүн Г.Баярсайханыг"Ярилцах танхим "-дааурьж эдгээр асуудалд ямарбайр суурьтай байгааг ньсонирхсон юм.

-ҮндсэнхуулийнЦэцСонгуулийн тухай хуульд заасан 48-аас 28 руу гулсах тухай заалтыг хэлэлцээд "Үндсэн хуультай зөрчилдөж байна" гэсэн. Тэгэхээр одоо хэрхэх ёстой вэ. Хуулиа өөрчлөх үү. Эсвэл сонгуулийг хуучин хуулиар нь явуулах уу. Та юу гэж бодож байна?

-Үндсэн хуульд "Сонгууль эхлэхээс өмнөх зургаан сарын хугацаанд Сонгуулийн тухай хуулийг өөрчилж болохгүй" гэж заасан байгаа. Сонгууль ойртсон үед улс төрийн савлагаа гаргахгүй байх, улс төрийн намууд нөлөөнд автан хуульд өөрчлөлт оруулах вий гэсэн үүднээс Үндсэн хуульд ийм заалт оруулсан хэрэг. Гэхдээ аль ч нам, улс төрийн хүчин, иргэд Үндсэн хуулийн дор амьдарч байгаа. Тиймээс хуулиа дагаад явах нь зөв. Ер нь бол Үндсэн хуулийн Цэц "Сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн" гэж дүгнэснийг хоёр өнцгөөс харах хэрэгтэй.

-Тэгвэл ямар өнцгөөс харах хэрэгтэй гэж?

-Би нийгэмд нэг зүйл бий болсныг анзаарч байгаа. Тэр нь олигархи. Монгол хэлний үгсийн санд энэ үг байх ёстой юм шиг л хүлээж авдаг болсон. Цэцэрлэгийн хүүхэд хүртэл ойлгох байх. Сонгуулийг холимог тогтол-цоогоор явуулах, мажоритари 48 тойрогт өрсөлдөөд ялагдсан ч иргэдээс 28-аас дээш хувийн санал авсан тохиолдолд пропорцианаль 28 руу гулсах нь олигархиуд намуудаар дамжин улс төрд орж ирэх боломжийг хязгаарлах сайн талтай. Энэ заалтыг түдгэлзүүлчихвэл хэн нэгэн хүн аль нэг намын даргатай яриад намын нэрсийн жагсаалтын дээгүүрт бичигдэх, УИХ-д суух бололцоо нь нээгдэж байна шүү дээ. Энэ өнцгөөс нь харвал "гулгана" гэж яриад байгаа заалт Сонгуулийн тухай хуульд байх нь зөв. Олон нийтийн шүүлтүүрээр орсон, иргэдээс тодорхой санал авсан хүн намын нэрсийн жагсаалтад орж ирнэ гэсэн үг. Бас сөрөг тал ч бий.

-Тэгэхээр хэрхэх ёстой вэ?

-Цэц нэгэнт ийм шийдвэр гаргасан учраас дагах л ёстой болж таарч байна. Зургаан сарын дотор хуулиа өөрчилж болохгүй гэдэг нь нэг их асуудал биш л дээ. Зөвхөн тэр зүйл, заалтыг л өөрчлөөд явахад болохгүй гэх зүйлгүй. Гулсах тухай заалтыг Сонгуулийн тухай хуулиас авчихаар хэн намын удирдлагад нөлөөлж чадна, тэр хүн парламентад орж ирэх боломжтой болох нь гэдгийг дахин хэлье. Бэлээхэн жишээ бий шүү дээ. Баян айлын хүүхдүүд аавынхаа компаниар мөнгөө төлүүлээд аль нэг яамны дэд сайд болдог болсон. Үүнтэй л ижилхэн юм. Томоохон улс төр, бизнесийн бүлэглэлүүд захиалга өгч, мөнгөө төлөөд хүүхдүүдээ улс төрд оруулах зам нь нээлттэй болж байна. Иргэд ярьдаг шүү дээ. "Улиг болсон хэдэн нөхөр парламентад байнга сууж байх юм. Солигдож байх ёстой" гэж. Одоо бол олигархиуд УИХ-д хадагдах нь дээ.

-Гулсах тухай заалт Үндсэн хуультай зөрчилдөж байна" гэж гомдол гаргасан иргэдийн ард Ардын намын хууччууд байгаа гэсэн таамаглалыг танай намынхан дэвшүүлж байх шиг. Та санал нийлэх үү?

-Үнэн шүү дээ. Улс төрд ярьдаг юмаа ярьчихсан, хийх зүйлээ хийчихсэн, улсаас авах юмаа авчихсан хүмүүс пропорцианаль 28-ийн эхэнд жагсах биз. Юм гэдэг байгалийн жамаараа эрэмбэ, дараатай байх ёстой юм. Улс төрд ч ялгаагүй. Гэтэл одоо улс төрийг өмчилж авах зам нь нээгдэж байна. Сонгуулийн мажоритари тогтолцоо бол асар том шүүлтүүр. Энэ тогтолцоогоор сонгуульд өрсөлдсөн, одоо УИХ-д сууж байгаа зарим хүмүүс энэ сонгуулиар гарч чадахгүй. Нутагтаа очих нүүргүй болсон гишүүн олон байгаа. Тэд л 28-д жагсана.

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг хаврын чуулган эхлэнгүүтЗасгийн газрыг огцруулах шаардлага өгнө гэж ойлгож болох уу. "Орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэл ажлыг хангахгүй байгаа" гээд шүү дээ?

-Засгийн газар УИХ-аас гаргасан хууль, тогтоолыг үг дуугүй хэрэгжүүлэх ёстой. Харамсалтай нь Монгол Улсын Засгийн газарт үүргээ гүйцэтгэх сонирхол байхгүй болж. УИХ нь Засгийн газрынхаа доор орчихож. Засгийн газар нь өөрийнхөө нөхцөлийг УИХ-д тулгадаг болсон байна. Энэ нь УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүн байж болдгоос үүдэлтэй. Ашиг сонирхол, фракцынх нь төлөөлөл УИХ-д орж ажилладаг. Улмаар тэдгээр хүмүүс нь Засгийн газрынхаа хүссэнээр хууль гаргадаг хэмжээнд хүрчихээд байгаа. Засгийн газар одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэл ажлыг хангах ёстой. Гэтэл үүнийг хэрэгжүүлэхгүй байгаа. Бас УИХ-аас баталсан 27, 39, 40, 57 дугаар тогтоолыг ч хэрэгжүүлээгүй байна. Ганц, хоёр сайд гэж яримааргүй байна. Би Засгийн газарт энэ тогтоолуудыг хэрэгжүүлээгүйнх нь төлөө хариуцлага тооцож, огцруулах асуудлыг ярих шаардлагатай гэж бодож байгаа.

-ТаныхаарЗасгийн газархуулийгхэрэгжүүлэхгүйбайгаагийн гол шалтгаан юу вэ?

-УИХ, орон нутгийн сонгуулийг хамт явуулахыг Ардын намынхан хүсэхгүй байгаа. Ардын намын олонхи яагаад үүнийг эсэргүүцээд байгаа юм бэ. Тэд орон нутгийн хурлын сонгуулийн үеэр сурсан зүйлээ хийх гээд байгаа. УИХ-ын сонгуулийн хяналт орон нутгийн хурлын сонгуулийнхийг бодвол чанга. Монголын ажиглагчдаас гадна олон улсын ажиглагчид ч сонгуулийн үйл явцыг хянадаг. Булхай хийхэд хүндрэлтэй. Үүнээс л айж эмээгээд байгаа байх. Бид уг нь аль таван жилийн өмнө хоёр сонгуулийг хамтатгая гэж тохирсон шүү дээ. Гэтэл одоо үүнээсээ буцах гэж зүтгэж байна. Хэлсэндээ хүрч чадахгүй, тогтворгүй байна. Гадны нөлөөнд автаж байна. Энэ бол их осолтой зүйл шүү дээ.

-Тэгвэл долоодугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдсан цагдаагийн экс дарга нарыг шүүх ажиллагаанд гадны нөлөө орж байгаа болов уу?

-Улаан номд орсон ирвэсийг буудсан хүнд хүртэл хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Гэтэл долоодугаар сарын 1-нд Монгол хүнийг гэгээн цагаан өдөр буудсан. Тэр хүн жаахан олон юм ярьж, уур бухимдлаа гаргаж. Сонгуулиар өгсөн саналыг нь луйвардсан учраас үгээ хэлж, жагссан байна. Тухайн үед эрх барьж байсан нам Засгийн газартайгаа нийлээд Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсэн хүнийг буудаад алчихсан. Ер нь бол 6-7 хүнийг буудсан гэж ярьдаг юм билээ. Бид ийм айдас дор амьдрах ёстой юу, үгүй. Хүн буудсан хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой. Энэ бол зарчмын асуудал шүү дээ. Саяхан Ардын намын хоёр гишүүн 250 чоно буудаж алахад нийгмээрээ шуугисан биз дээ. Харин одоо бол таван монгол залуугийн амь нас эрсэдсэний гол буруутан хэн бэ гэдгийг тогтоох шударга ёсны   шүүх ажиллагаа л болж байгаа шүү дээ. Үүнд сандралдаад байх хэрэггүй л болов уу.

-Хэн сандарсан гэж?

-Тухайн үед төрийн удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс сандарч гүйлдээд, цагдаагийн экс удирдлагууд нь жирийн цагдаагийн албан хаагчдаа жагсаагаад байх хэрэг байхгүй шүү дээ. Цагдаагийн хурандаа нар хүчтэй юү, хууль цааз хүчтэй юү. Ард түмэн таван залуугийнхаа амь насыг нэхэж байгаа. Үүнийг улстөржүүлээд нийт цагдаагийн бие бүрэлдэхүүнд хамаатуулаад байх шаардлагагүй. Долоодугаар сарын 1-ний хэргийн хариуцлагыг хэн ч хүлээгээгүй, хэн ч уучлалт гуйгаагүй байгаа. Зөвхөн Ерөнхийлөгч л төрийн нэрийн өмнөөс ард түмнээс уучлалт гуйсан. Шүүх "Дахиад ард түмнийхээ өөдөөс буу шагайгаад үзээрэй" гэдгийг л сануулж байгаа. Гэтэл шүүхийг улстөржүүлэхийг оролдож байна. Би шүүгчийг цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийг шударга, хараат бус шүүж байна гэж харж байгаа. Харин хэрэг тарьчихсан, хүний амь хөнөөсөн хүмүүс сандралдаад байна. Жинхэнэ үүрэг өгсөн эзэд нь илэрчих гээд байгаа учраас тэр байх даа. Үүргээ гүйцэтгэж байсан цагдаа нарыг хүртэл үүндээ оролцуулсан. Тэднийг ажлаа хийж байхад шүүх, эмнэлгийн гадаа авчирч, жагсаасан шүү дээ. Одоо аргаа бараад өмгөөлөгч нарыг хүртэл хутгалдуулж байна.

-Өмгөөлөгч нар үйлчлүүлэгчдээ өмгөөлөхөөс татгалзсаныг хэлж байна уу?

-Өмгөөлөгч нар шүүх хурлаа хаяж гарна гэдэг нь аргаа барсан арга. Өмгөөлөгч гэдэг мэргэжлийн ур чадвар шаардсан ажил. Үнэхээр цагдаагийн экс удирдлагууд энэ хэрэгт буруугүй бол мэргэжлийн ур чадвараараа нотлоод гараад ирэх ёстой. Гэтэл өмгөөлөхөөс татгалзсан нь мэс заслын эмч хагалгаа хийж байхдаа өвчтөнөө хаяж гарсантай ямар ч ялгаагүй юм даа. Гэхдээ эмч хүн хэзээ ч ийм үйлдэл гаргахгүй. Яагаад гэвэл эмч нар гиппократын тангараг өргөсөн улс.

-Сүүлийн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулга нар нэг, нэгнийхээ булхайг илчилж байна гээд янз бүрийн баримт дэлгэх боллоо.   Үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Үнэн үг хэлсэн хүнд өш санана гэгч л болж байна уу даа. Х.Баттулга гишүүн Засгийн газарт байхдаа ажлаа хийгээд л явж байсан. Юм учиртай байх ёстой. Тэр нууц гэрээ гээд байгаа бичигт нуугаад байх зүйл байхгүй юм билээ. Би ч гэсэн айлчлалын бүрэлдэхүүнд орж гадаад руу явдаг. Засгийн газрын гишүүд олон арга хэмжээнд оролцоод, санамж бичигт гарын үсэг зураад л явж байдаг шүү дээ. Тэгж ярих юм бол Монголд цөмийн хаягдал булшлах тухай асуудлыг Засгийн газрын гишүүдээс хэн нь хөндсөн бэ гээд ноцтой асуудал олон бий. Гэрээ, хэлцэл хийчихсэн мөртлөө одоо үгүй гээд байгаа юм. Бодитой хийсэн I зүйлээ нам дарж байна шүү дээ. Тэр л маш нууц, Монголын аюулгүй байдалд аюул учруулахуйц асуудал байх.

-Ерөнхий сайд "Монголд хэзээ ч цөмийн хаягдал булшлуулахгүй" гэж амалсан шүү дээ?

-Дэлхийн бусад улс орон байгаль орчноо цэвэр байлгахыг мөрөөдөж байхад бид "Атомын цахилгаан станц барина. Цөмийн эрчим хүч ашиглана. Цөмийн түлш боловсруулаад экспортолно" гээд хууль хүртэл баталчихсан сууж байгаа. Цөмийн эрчим хүч ашиглана гэдэг чинь атомын цахилгаан станц барина гэсэн үг. Дэлхий дахинд цөмийн эрчим хүчний тухай ойлголт үүнээс өөр болж байгаа. Хүйтэн дайны үед л цөмийн бөмбөг, атомын цахилгаан станц хүчтэй хөгжсөн.

Тэгэхээр энэ бол хүн төрөлхтнийг хөнөөхийн тулд бүтээсэн зүйлийн нэг гэж ойлгох ёстой.

Цөмийн эрчим хүч ашигласан тохиолдолд хог, хаягдлыг нь өөрсдийн нутаг дэвсгэртээ булах ёстой болно. Плутоны задралын хугацаа 250 мянган жил. Тэгэхээр энэ хугацаанд цөмийн хаягдал хортой нөлөөллөө үзүүлсээр байна гэсэн үг. Мөн цөмийн хаягдлыг . 250 мянган жилийн турш харж хамгаалах, мөнгө зарах хэрэгтэй болно. Гарч болох сөрөг үр дагавар нь асар их. Чернобыль, Фүкүшима, генийн өөрчлөлт, мутаци, тэгээд монголчуудын генийн санд нөлөөлж болох хаалга нээгдлээ гэж ойлгож болно. Үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Харин манай улстөрчдийн нүдэнд уран  их мөнгө болж харагдаад байгаа юм. Мөнгөнөөс илүү эрүүл орчинд амьдрах нь  чухал шүү дээ. Уранаа түлш болгож гаргасан тохиолдолд дэлхийн улс орнууд "Та нар хог хаягдлаа өөрсдөө бул" гэж тулгана. Тиймээс ураныг хагас боловсруулж, шар нунтаг үйлдвэрлэх хэрэгтэй. Хуульдаа ч өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ер нь ураны хүдэр олборлолтыг зогсоосон ч болно шүү дээ. Австрали улс гурван муждаа ураны хуурай олборлолтыг хориглосон байна лээ. Бидэнд хангалттай баялаг бий. Бид юугаа ашиглах вэ гэдгийг бодолцох ёстой. Атомын цахилгаан станц, цөмийн эрчим хүч гээд хөөрөөд байх зүйлгүй. Сая Ерөнхий сайд Японд айлчлал хийх үеэрээ "Японы шилдэг технологи, атомын цахилгаан станцыг Монголд ашиглая" гэсэн зүйл яриад байгаа юм. Япончууд "Бидний бүтээсэн хамгийн муу зүйл бол атомын цахилгаан станц байж" гэж байхад бид тэрийг нь "Ямар сайхан юм бэ" гээд шагшаад байна шүү дээ. Ерөнхийлөгчийн санаачлан гаргасан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хүртэл цөмийн эрчим хүч ашиглана, атомын цахилгаан станц барина, ураны хүдэр боловсруулна гэсэн зүйл дурьдагдаад байгаа юм. Бид том гүрнүүдийн тоглоомд ороод байх шаардлага байхгүй. Нүүрс, зэс, газрын ховор элемент гэх мэт зах зээл дээрээ том тоглогч байх нь хангалттай.

-Ярилцсанд баярлалаа.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.