Ж.Батсуурь: Үйлдвэр барихаас өмнө дэд бүтцийг нь шийдэх хэрэгтэй
-Гурав хоногийн дараа хаврын чуулган эхлэх гэж байна. Энэ парламентын отгон чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт гарсан. Мэдээж бүх асуудлыг хэлэлцэж амжихгүй байх. Таныхаар хойшлуулалгүй хэлэлцэх хамгийн чухал асуудлууд юу байна вэ?
-Хэлэлцүүлгийн шатанд маш олон төсөл байгаа. Боловсролын тухай багц хуулийн төслийг батлах хэрэгтэй байх. Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд яваа. Мөн НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Энэ бас л анхаарал татаж байгаа хуулийн төсөл. МэДээж УИХ-ын болон орон нутгийн сон-гуулийг хамтад нь зохион байгуулах эсэхийн нэн түрүүнд хэлэлцэж шийдвэрлэх байх. Миний харж байгаагаар бол хоёр сонгуулийг нэг өдөр зохион байгуулахад нэлээд хүндрэл учирна. Сонгуулийн зохион байгуулалтаас эхлээд санал өгөх хугацаа, саналын хуудас тоолох зэрэгт хүндрэлтэй асуудлууд гарна. Чуулган эхлэнгүүт хоёр намын бүлэг энэ асуудлаар байр сууриа нэгтгэж, шийдэлд хүрэх байх аа.
-Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дунд суудлын хуралдаанаараа дүгнэлт гаргалаа. УИХ үүнийг мөн хэлэлцэх байх. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Пропорциональ хувилбараар 28 мандатын төлөө намынхаа жагсаалтад багтсан хүн олон нийтэд танигдалгүй шууд гишүүн болно. Гэтэл 48 тойрогт мажоритараар өрсөлдөөд ялагдсан хүн бол тодорхой хэмжээнд сонгогчдын саналыг авсан байгаа тул шилжих нь зөв байх. Огт нэр дэвшээгүй хүн намуудын жагсаалтаар парламентад орсноос тойрогт өрсөлдөөд сонгогчдын саналыг авсан хүн орж ирэх нь зөв гэж л үзэж хуульд тийм заалт оруулсан юм билээ. Гэхдээ Цэц үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн болохоор маргаад байх зүйлгүй. Цэцийн дүгнэлтийг УИХ хуулийн хугацаанд нь хэлэлцэж таарна.
-Сайншандын хүнд үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулах ажил цаасан дээр л үлдэх нь шиг байна?
-Үнэхээр цаасан дээр төлөвлөсөн нэлээд зүйл байх шиг байна. Дорноговьд хүнд үйлдвэр барих, тухайлбал, нефть боловсруулах үйлдвэр барих бэлтгэл ажил өрнөж, нефтийн хайгуулыг өргөжүүлж, олборлолт эхэлсэн. Уран, нүүрс, зэс, төмрийн үйлдвэрүүд барих боломж бий. Үүнийг барьж байгуулах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх ажил төр, засгаас их шалтгаалж байна. Төмөр зам тавих ажлаа яаравчлах шаардлагатай. Хоёрдугаарт, эрчим хүчний хангамжийн асуудал бүрхэг байгаа. Дорноговийн Өргөн суманд цементийн үйлдвэр барьж байгаа. Энэ үйлдвэрт л гэхэд Дорноговь аймгийн хэмжээнд хэрэглэж байгаатай тэнцэх хэмжээний эрчим хүч шаардлагатай байгаа. Тэгэхээр Сайншандын хүнд аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулахад эрчим хүч, дэд бүтцийн асуудлыг нэн түрүүнд шийдэх шаардлагатай.