Х.Баттулга сайд их бүтээн байгуулалт эхлүүллээ
Сайншандад хүнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийн анхны төсөөллийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын зэрэг таван яамд хамтран боловсруулж дууссан бөгөөд шийдвэрлэх шатандаа нэгэнт ороод байна. Уг төсөлд шаардлагатай хэмээн урьдчилан тооцож буй 10 орчим тэрбум долларыг босгох, хөрөнгө оруулагчдыг татах их ажил эхэллээ. Энэхүү их ажлын гарааг эхлүүлэхийн хамгийн гол утга учир нь Таван толгой-Зүүнбаян-Сайншандын төмөр замыг барьж байгуулах их үйлс юм. Харин энэ замыг тавихын тулд мэргэжилтэй ажилчин хэрэгтэй. Эдгээр ажилчдыг түргэвчилсэн байдлаар бэлтгэхийн тулд гурван яам хамтран дэд хөтөлбөр боловсруулан эхний ээлжийн 100 төмөр замчинг Сайншандад бэлтгэж эхэлсэн юм. Энэ сарын тавны өдөр Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү тэргүүтэй албаны хүмүүс Сайншандад хүрэлцэн ирж тус сургалтын албан ёсны туузыг хайчилсан юм.
Х.Баттулга сайд говийн бүсийн уул уурхайн томоохон орд болоод төмөр замын гол сүлжээг түшиглэн бий болгох энэхүү хүнд аж үйлдвэрийн цогцолбор нь Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого, Мянганы хөгжлийн зорилтуудтай нягт уялдаж байгаагийн дээр улс орны эдийн засагт үсрэнгүй хөгжил авчирна гэдгийг онцлон тэмдэглэж байлаа. Хүнд аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулсанаар 2015 он гэхэд ДНБ-ний өсөлт 14 хувьд хүрч нэг хүнд ноогдох хэмжээ нь 5000 ам,долларт хүрнэ гэсэн тооцоог урьдчилсан байдлаар гаргаад байгаа юм байна. Харин энэ үзүүлэлт 2020 гэхэд 12000 доллар болох бүрэн боломж бий гэнэ. Цогцолборыг барьж байгуулснаар ажлын байр нэмэгдэж, эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ хөрш зэргэлдээ орнуудаас гадна Япон, Өмнөд Солонгос, Энэтэхэг зэрэг орнууд руу түүхий эд бус бүтээгдэхүүн экспортлох юм. Түүнчлэн Сайншандаас Чойбалсангийн төмөр замыг холбосноор Европ руу гарц нээгдэх давуу талтай ажээ.
Сайдын багт төвийн хэвлэл мэдээллийн байгууллагын 20 гаруй ажилтнууд багтсан байна. Уг сургалтын нээлтийн дараа сайдаар ахлуулсан багийнхан Сайншандын зүүн өмнөхөн буй одоогийн байдлаар 1000 га талбай аваад байгаа цогцолбор байгуулах газар болон Хар тойрмын онгоцны нөөц буудлыг үзэж сонирхлоо. Үүний дараагаар Х.Баттулга сайд ирээдүйн цогцолборыг тэтгэх усны их нөөц гэгдэж буй Бор хөөврийн говьд орших Сайн усыг үзэхээр шууд давхилаа. Энэхүү газар хүрэлцэн ирсэн хүмүүс бүгд л говьд ийм их ус задгай гоожиж байдгаа хэмээн хачирхаж байсан бөгөөд сайдын дагуулж ирсэн мэргэжилтнүүд усыг шинжилж, судлахаар шууд л ажилдаа орж, техник хэрэгслээ буулгаж эхэлсэн юм. Дараа нь тус багийнхан аймгийн ЗДТГ-т хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд орон нутгийнхаа тухай танилцуулж, илэн далангүй ярилцлага өрнүүллээ. Энэ үеэр Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгатай уулзаж ярилцсан юм.
-Хамгийн түрүүнд танаас Таван толгой-Зүүнбаян-Сайншандын чиглэлийн төмөр замыг барихын ач холбогдлыг асуух гэсэн юм.
Таван толгой-Зүүнбаян-Сайншандын чиглэлийн төмөр замыг барих нь Цагаан суварга, Үнэгт, Зүүнбаян зэрэг зэс молибден, гөлтгөнө, цеолит, нефтийн арвин ордуудыг дайран өнгөрөх ачаа эргэлт, эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм. Тухайлбал, Цагаансуварга нь зэс молибдены тогтоогдсон нөөцөөрөө Оюутолгой, Эрдэнэтийн дараа гуравт орох том орд бөгөөд 2010 оноос МАК ХХК үйлдвэрээ барьж эхлэхээр төлөвлөж байна. Зүүнбаян орчмын газрын тосны сав газарт хайгуулын компаниуд эрчимтэй ажиллаж эхэлсэн бөгөөд ойрын жилд боловсруулах үйлдвэр ашиглалтанд орох болно. Үүнээс гадна энэ чиглэлийн ойролцоо Дулаан уул орчимд Францын “Арева” групп ураны томоохон орд нээн илрүүлж, олзворлох шатандаа шилжих төлөвлөгөөтэй байна.
-Тэгвэл Сайншандад хүнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулахын ач холбогдол юу вэ.
- Сайншанд нь төмөр зам, дэд бүтцийн зангилаа төв.
- Мөн Оюутолгой, Таван толгой, Цагаан суварга гээд томоохон ордуудтай болон өмнөд хөрштэй газар зүйн байршлын хувьд ойр. • Цогцолбор байгуулахад бүх талаар дөхөмтэй, аж үйлдвэрт хэрэглэх түүхий эд, жонш, чулуу, хүрэн нүүрсний ордуудтай ч ойр байрлалтай.
- Сайншандаас хойшоо 10 км-т ЗХУ-ын үед цэргийн зориулалтаар ашиглаж байсан хүнд даацын нисэх онгоц хүлээн авах 4 км-ын буух зурвастай нөөц аэродромтой.
- Мөн Сайншандаас 30 гаруй км-т Бор хөөврийн говийн гүний усны нөөц бий. Тиймээс Сайншандыг сонгон хүнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд Засгийн газар Сайншандад 150 гаруй мянган хүн амтай хот сүндэрлэж, 100 гаруй мянган ажлын байр шинээр бий болно гэж тооцоолж байгаа бөгөөд үүнийг дагаад дагалдах ажлын байр 200 мянгаар нэмэгдэнэ гэж үзэж байна. Ер нь хүнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулснаар дотоодын нийт бүтээгдэхүүн 12.4 тэрбум ам.доллараар нэмэгдэн нийтдээ 396 мянган ажлын байр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо гараад байгаа юм. Засгийн газраас газрын хөрсөн доорх баялгаа олборлоод түүхийгээр нь гадагшаа зөөх биш, эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг болох зорилт тавьсан. Энэ нь олборлож байгаа жаахан түүхий нефтиэ дотооддоо нэрж, урд хөрш рүү түүхийгээр нь ихээр гаргаж байгаа нүүрс, зэсийн баяжмалаа боловсруулж гаргадаг болъё гэсэн бодлого барьж байгаатай холбоотой.
Мөн төмрийн хүдэр болон чулуу, шохой гээд барилгын матералын түүхий эдэд түшиглэн үйлдвэр байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд түүнчлэн хүнсний хангамжийн асуудлаар бодолцон хүлэмжийн аж ахуй гээд хүнсний үйлдвэрүүдийг ч хөгжүүлэх бодлого барьж, нийтдээ 12 үйлдвэрийг Сайншандад цогцолбор байдлаар барьж байгуулахаар ажиллаж байна. Тодруулж хэлбэл, зэс, төмрийн хүдэр, ган хайлуулах, газрын тос боловсруулах, кокс, цементийн үйлдвэр, цахилгаан станц, төмөр замын терминал барих юм.
-Өмнөговь аймгийн нутагт нарийн царигийн төмөр зам тавих талаар яригдаад байгаа шүү дээ. Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайтын боомт хүртэл төмөр зам тавьж, нүүрсийг хагас боловсруулан гаргана гээд байгаа. Замын хувьд дөт байхаар яригдаж байгаагийн дээр Өмнөговьд ч бас аж үйлдвэрийн цогцолбор барих тухай ч яригдсан.
-Нарийн царигийн төмөр зам тавих нь нэг улсын хараат байх нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг би маш олон удаа давтан хэлж байгаа. Хэрэвзээ Ухаа худгаас Гашуунсухайт руу нарийн царигийн төмөр зам тавих юм бол Сайншандын хүнд аж үйлдвэрийн цогцолбор төсөл хэрэгжихэд тун хэцүү болно. Яагаад гэхээр Сайншандын аж үйлдвэрийг галаар тэтгэх боломж алдагдана гэсэн үг. Ганцхан жишээ хэлье. Бидний байгуулах гээд байгаа коксийн үйлдвэрийн технологийг судалж үзэхэд онцлог нэг зүйл ажиглагдсан. Коксийн анх байгуулснаасаа хойш 30 жил тасралтгүй ажиллуулах учиртай юм байна. Яг л хүний зүрх шиг нэгэн хэмээр 24 цагийн турш тасралтгүй 30 жил ажиллах технологитой. Хэрэв түүхий эд, нүүрсний хангамж тасрах л юм бол үйлдвэр зогсоно. Үйлдвэрийг байгуулахдаа 700-800 мянган ам.доллар зарцуулдаг бол засварт хөрөнгө оруулалтын 70-80 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө хэрэгтэй. Энэ бол хөрөнгө оруулагчдад эрсдэлтэй зүйл болно. Коксийн үйлдвэр барих сонирхлоо Герман, Солонгос, Хятадаас илэрхийлээд байгаа. Тэд хөрөнгөө оруулахын тулд тасралтгүй ажиллагааг л шаардах болно. Гэтэл бид гол түлш болох нүүрсээ түүхийгээр нь хятад руу гаргаад хөрөнгө оруулагчдыг үргээх нь зөв үү гэдгийг бодолцох учиртай. Өмнөговьд боловсруулах үйлдвэр барина гэдэгт би итгэлтэй биш байгаа. Ямартай ч Сайншандтай дүйцэхүйц хэмжээний өргөн хүрээтэй үйлдвэр баригдах магадлал байхгүй. Өмнөговьд бол зөвхөн нүүрс угаах процесс л явагдах юм билээ. Нүүрс угаах нь хаягдлыг нь цэвэрлэж байгаа болохоос боловруулж буй хэрэг биш. Бас нэгэн онцолж үзэхээс аргагүй зүйл бол өмнийн говь усны нөөцөөр хомс.
-Сайншанд хүнд аж үйлдвэрийн цогцолбор барихад чамгүй хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй нь мэдээж. Хөрөнгө оруулалтыг хаанаас татах вэ?
-Өнөөдөр улсын хэмжээнд 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаагийн 8.3 тэрбум нь Сайншанд аж үйлдвэрийн цогцолборт ноогдож байна. Энэ бол асар их хөрөнгө. Гэвч хөрөнгө оруулалт бол санаа зовох асуудал биш. Энэхүү төслийг сонирхон хөрөнгө оруулалт хийх хүсэлтээ илэрхийлсэн улс орон цөөнгүй. Тэдэнтэй уулзан санал хүсэлтийг нь сонсож, судалгаа хийхэд тэдний зүгээс тавьж буй гол шаардлага бол “Монгол Улс энэхүү төслийнхөө үзэл баримтлалыг баталчих юм бол айдасгүйгээр хөрөнгө оруулахад бэлэн байна” гэж байгаа.