“Тавантолгойгоор 700 сая ам.доллар босгосноо гонконгийн бирж дээр борлуулсан”
2012.03.30

“Тавантолгойгоор 700 сая ам.доллар босгосноо гонконгийн бирж дээр борлуулсан”

«УПЕГ-т сайд асан Х.Баттулга 12 цагт мэдээлэл хийнэ» гэсэн зар салхи мэтээр хэвлэлийн ертөнцөд тархсанаар өчигдөр УПЕГ-ын үүднээ олон сурвалжлагч хурсан байв. Түүнээс өмнө «Ардчилсан холбоо»-ны Д.Сүхбаатар нарын партизанууд хүрэлцэн иржээ. Ингээд УПЕГ-ын тамгын хэлтсийн дарга Д.Үнэнбатад УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Х.Баттулга нар дагалдагсдын хамт бараалхаж, мэдээлэл хийлээ.

Л.Гүндапай «Ц.Нямдорж нь УИХ-ын дарга байхдаа 27 дугаар тогтоолыг батлан гаргасан билээ. Тогтоолоор стратегийн 15 орд газрыг Таван толгойн орд газраар тэргүүлүүлэн жагсаасан байдаг. Тайлбарт нь «Таван толгойн орд нь Тавантолгой ХК, Энержи ресурс
ХХК, Дайцуки ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна»  хэмээн   өгүүлсэн байгаа. Хэрвээ Тавантолгой нь үнэхээр стратегийн орд газар мөн л юм бол ард түмэн түүний хувьцааг эзэмших ёстой. Тэр тусмаа Тавантолгойн орд газар шиг нөөцийг нь улсын төсвөөс тогтоочихсон байхад энэ орд газрыг Засгийн газар шалгаад өнөөдрийг хүртэл ямар ч шийд гаргасангүй ээ. Дээрх Энержи ресурс ХХК-ийн олигарх бүлэглэл маань энэ ордыг авчихсан төдийгүй үүнийгээ дамлан зарж байна. Жилийн өмнө 700 сая ам.долларыг IРО-гоор босгосноо эд нар Гонконгийн бирж дээр зарж борлуулсан. Ингэж Монголын ард түмний, бидний мөнгийг зарж байна.

 

Тавантолгойн ордын 20 хувийг нь Энержи ресурс компани 700 сая ам.доллараар зарлаа. Гонконгийн бирж дээр хувьцаа эзэмшдэг хужаа нар түүний эзэд нь боллоо. Өөрөөр хэлбэл бид Тавантолгой, Ухаа худгийн орд газрынхаа 20 хувийг нь нэгэнт алдчихсан. Үүнийг зөвхөн 20 гэр бүл л хувааж авч байна. Ийнхүү УИХ-ын хууль тогтоол нь хэрэгжихгүй байна гэж бид АТГ-т хандлаа. Одоо та бүхэнд хандаж байна. Эдгээр хууль завхруулагчдад хариуцлага тооцож үзээч ээ гэж байна. Прокурорын газар энэ асуудлыг яаралтай шалгаснаар дээрх орд газрыг ард түмнийхээ мэдэлд шилжүүлэх хэрэгтэй байна» хэмээн мэдэгдлээ. Дараа нь УПЕГ-ын тамгын хэлтсийн дарга Д.Үнэнбаттай уулзаж лавлавал «УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Х.Баттулга нар АТГ-т мэдээлэл хүргүүлсэн байна. Мөн үүнийхээ нэг хувийг бидэнд өгснийг нь хүлээж авлаа. Энэ бол өргөдөл биш, хүсэлт биш, энд «Мэдээлэл» гэж бичсэн байгаа биз? Мөн УПЕГ-т гэж хаягласан зүйл алга. Бид мэдээлэл, хүсэлт гомдол хүлээж авч шалгадаг, анхаарлаа хандуулдаг журмынхаа дагуу энэ асуудалд хандах болно» гэж хариуллаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.