Сонгогчдод урамшуулал олгоно
2012.03.26

Сонгогчдод урамшуулал олгоно

Сонгогчид урамшуулал олгох үндэслэл

Шинээр батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд орсон онцлог зохицуулалтуудын нэг нь сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу явагдаж буй эсэхэд сонгогчоос хяналт тавьж төрийн байгууллагтай хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн юм.

Тухайлбал, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн дор дурьдсан заалтуудыг зөрчвөл:

35.15.1 ”сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах;”

35.18.10 “сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгох;” зэрэг болно.

Дээрх хуулийн зүйл, заалтыг зөрчиж сонгогчид бэлэн мөнгө, эд бараа тараасныг сонгогч баримттайгаар сонгуулийн хороонд мэдэгдсэнийг тухайн сонгуулийн хороо холбогдох байгууллагад шилжүүлэх бөгөөд уг асуудлыг холбогдох байгууллага үндэслэлтэй болохыг нь тогтоосон тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо тухайн сонгогчид бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заажээ.
Эх сурвалж
Сонгуулийн ерөнхий хороо
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.