Догшин хутагтын нутагт тоосоо өргөх хурдан хүлгүүдийг шинжихүй
2012.04.06

Догшин хутагтын нутагт тоосоо өргөх хурдан хүлгүүдийг шинжихүй

2008 оны сонгуульд Ардчилсан намаас хоёр хүн өрсөлдсөн. Ц.Шаравдорж, Л.Одончимэд гэхчилэн улаан талын бурхинуудаа шүтэж сонгодог байсан дорноговьчууд өнгөрсөн сонгуулиар  Ардчилсан нам, Ардын нам хоёрт эн тэнцүүхэн санал өгөөд зогсоогүй ижил нэртэй амидай нараар төрд өөрсдийгөө төлөөлүүлэхээр илгээсэнв

Дорнын говьд ирэх сонгуулиар Монгол ардын намаас нэр дэвшихээр санаархаж буй хэд хэдэн хүн бий. Бусад аймгийг бодвол горилогч цөөтэй. Нам дотроо ч өрсөлдөөн нь бичил хэмжээнд явагдана. Ер нь хамгийн эрт нэр дэвших хүмүүс нь тодорчихсон, сурталчилгаагаа эхэлчихсэн тойрог. Тийм ч учраас шинэ хун гарч ирээд ч шургах завсар тун бага. Өмнө нь сонгогдож байсан Ц.Шаравдорж, Л.Одончимэд гээд "хулгар"-ууд аль эрт замаа хөөсөн.

Өнгөрсөн сонгуулиар хүүгийнхээ хийсэн шоунаас болж өвдөг шороодсон Д.Туяа ч Дорноговийг зүглэхгүй. Дахин үзэх шаанс ч байхгүй гэдгээ мэдэрчихсэн. Харин аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-д суусан Ж.Батсуурь гишүүн сонгогдох магадлалтай хүмүүсийн эгнээнд толгой цохиж яваа. Мөн "Сод Монгол" группийн Ц.Анандбазар ч нэр дэвших санаагаа эртнээс илэрхийлэн "Дорноговь минийх гээд" ганц мандатыг нь найдвартай өвөртлөхөөр ажлаа эхлүүлсэн. Харин тэдний араас Л.Одончимэдийн хүү Одбаяр, МЗЭ-ийн дарга, яруу найрагч Г.Мөнхцэцэг гэх хүмүүс нэр дэвшиж магадгүй гэсэн сураг бий.

Ж.Батсуурь гишүүн өмнө нь аймгийн Засаг даргаар чамгүй хугацаанд суучихсан болохоор "Үүнийг би хийсэн. Энэ намайг Засаг дарга, УИХ-ын гишүүн байхад хийгдсэн ажил" гээд нуур улайхгүй хэлчих олон юмтай. Хувьдаа барилгын компанитай учраас сонгогчдын нүдэнд харагдахаар бүтээн байгуулалтын ажил ч нэлээдгүй хийсэн нөхөр. Хэл ам хийж, энэ тэр яамны сайд болно гэж гүйгээд байдаггүй ч намынхандаа хандаж хэлэх үг нь хатуухан тусдаг. Нутагтаа очиход нүүр улайлгаж УИХ-ын суудал алдахгүй хүн. Гэхдээ олонд танигдсан улстөрч гэвэл бас өрөөсгөл байж болох юм.

Дорноговьдоо арваад жил засаг ноёноор суусан болохоор нутгийнхан андахгүй. 2008 оноос хойш УИХ-д суусан болохоор гишүүний хувьд аймагтаа хэд гурван тендер шийдэж, наана цаана нэр хүндээ өсгөж явсан нь лавтай. Бусдыгаа бодвол тэрбум төгрөгөөр сурталчилгаа хийчихсэн хүнд ярих зүйл олон биз.

Ц.АнандбазарМонгол ардын намд нөлөө бүхий залуучуудын нэг. Булганд нэр дэвших зай олдохгүй нь нэгэнт тодорхой болсон тул 2008 оны сонгуулийн дараа шууд л Дорноговийг онилсон. Тэр"нь ч оносон байх. Гарал үүсэл хөөвөл ээжийнх нь нутаг. Орост Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг дүүргэсэн учраас Хутагтын нутгийг зорих нь түүний сэтгэлд илүү өег байсан байх. Анх Дорноговьд шинэ хун очсон. Харин одоо бол дорноговьчууд "манай Ананд"гэх болсон байна билээ. Тэнд нефтийн үйлдвэр барина гэж зориг шулуудаж яваа хүн. Ц.Анандбазар УИХ-д суугаагүй боловч олонд танигдчихсан задуу улстөрч.

Ж.Батсуурь гишүүнтэй дөрөө харшуулан давхихад зуузай холбоод ирж магадгүй хүн. Харин Монгол ардын нам, Ардчилсан нам хоёр тохироо хийж хоёр Батсуурийн нэгийг гаргах тактик боловсруулж байгаа гэх мэдээлэл чих дэлсэв. Энэ золиосонд Ананд явчихгүй бол УИХ-д суух шаанстай нөхөр. Дорноговьд фэн олонтой болсон. Монголын нефьтийн зах зээлийн нэлээдгүй хэсгийг гартаа оруулсан түүнийг хөрсөн доороо нефтьтэй нутгийнхан ирэх сонгуульд гаргаж магадгүй юм. Ардын намаас нэр дэвшвэл сонгогдох хамгийн боломжтой хун бол Ж.Батсуурь ЦАнандбазар ард нь жагсч буй.

Харин тэдний араас УИХ-ын гишүүн асан Л.Одончимэдийн хүү О.Одбаяр алхаж яваа. Учир нь тэрбээр мань хоёрыг бодвол Дорноговьд очиж бэлэг сэлт тарааж, янз бүрийн ажил хийгээгүй. Гэхдээ олны дунд нэрээ чихнээс чихэнд дамжуулж яваа сэргэлэн болжмор. Аав нь Равжаа судлал сангийн тэргүүн болохоор хүү нь энэ байгууллагаар нь дамжуулан нэрээ олонд хүргэж яваа. Тэрбээр Бээжин дэх Элчин сайдын яаманд III нарийн бичгийн дарга хийж явсан залуу. Ажлын хажуугаар Элчин сайдын яаманд хоолны газрыг ажиллуулдаг байж. Гэвч тэнд нь хун хордож нас барсан гээд хэсэгтээ сонин хэвлэлийн хуудаснаа бичигдсэн. Нэр нь  олны дунд бий ч, дэвших нь тодорхой бус харин дараагийн сонгуульд бэлтгэж буй эртний пиар байж ч болох юм.

Тус намаас нэр дэвших магадлал чамгүй өндөр яваа хун бол МЗЭ-ийн дарга, яруу найрагч Г.Мөнхцэцэг. Тэрбээр Ардын намд эмэгтэйчүүдийн квот яригдах юм бол Дорноговь  руу зүглэх эгнээг тэргүүлнэ. Хааяа хааяахан нутагтаа очиж яруу найрагч нарын уулзалт зохион байгуулж улс төрд орж байгаа гэдгээ сэмхэн дуулгаж амжсан бүсгүй. Яруу найрагч, "Болор цом"-ын эзэн болохоор олны дунд аль хэдийнэ танил болчихсон. Монгол ардын намын Бага хурлын гишүүнээр сонгогдсон. Намын эмэгтэйчүүд дунд уран цэцэн үгээр уярааж томоохон байр суурь эзэлсэн хун бол Ц.Хулан тэр хоёр. Намдаа ч, намтартаа ч нэр цэвэр учраас бүсгүйчүүдийн квотын асуудал яригдахад Г.МөнхцэцэгДорноговьд л үзнэ. Түүнд ээжийн, аавын нутаг гээд ийш тийш гуйх шаардлагагүй, унаган Дорноговийн хүүхэд.

Г.Уянга

Ирэх сонгуулиар Догшин хутагтын нутагт Ардчилсан намаас тоосоо өргөх хурдан хүлгүүд үндсэндээ тодорчихжээ. Нэр дэвшигчдийн хувьд өнгөрсөн сонгуулийнхаас нэг их өөрчлөгдөхгүй хэмээн улс төр сонирхогчид таамаглаж байсан нь үнэний ортой болж буй. Гэхдээ энэ тойргийн хувьд үндсэндээ эрх баригч хоёр намын дотор тохиролцоо хэдийнэ явагдчихсан гэцгээж байна. 2008 оны сонгуульд Ардчилсан намаас хоёр хүн өрсөлдсөн. Ц.Шаравдорж, Л.Одончимэд гэхчлэн улаан талын бурхинуудаа шүтэж сонгодог байсан дорноговьчууд өнгөрсөн сонгуулиар Ардчилсан нам, Ардын нам хоёрт эн тэнцүүхэн санал өгөөд зогсоогүй ижил нэртэй амидай нараар төрд өөрсдийгөө төлөөлүүлэхээр илгээсэн.

УИХ-ын сонгуулийн шинэ хуулиар Дорноговийн тойрог нэг мандаттай болсон. Тиймээс намдаа зайлшгүй суудал авчрах нэгнийг илгээнэ гэцгээж байгаа ч одоогоор Ардчилсан намаас нэр дэвших найдлага тавьсан горилогч гурваас олонгүй байгаа бололтой. УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Г.Байгальмаа нарын нэр дуулдаж байна. Г.Байгальмаа гэж энэ бүсгүйг дорноговьчууд мэдэхгүй, танихгүй гэхэд хилсдэхгүй. Эмэгтэйчүүдийн төлөөлөл болж Дорноговиос намынхаа Үндэсний зөвлөлдөх хороонд сонгогдсон гэдгээс өөр тодотгол байхгүй юм билээ. Нэр дэвшигчдийн 20 хувьд эмэгтэйчүүд байна гэсэн хуулийн заалтыг нам нь ягштал мөрдөж түүнд боломж олговол Дорноговь дээр сонголтын цэг хатгаж магадгүй хэмээн тооцож хааяа нэг хурал цуглаанд очиж нүүр царайгаа харуулаад авч байгаа юм билээ.

Засаг дарга Пантийн Ганхуягийн хувьд өнгөрсөн сонгуульд өвдөг шороодсоныхоо дараа ирэх сонгуулийнхаа бэлтгэлийг базаахаар аймагтаа дарга болсон. Хэдийгээр өөрийгөө энэ нутгийн төлөө чөмгөө дундартал зүтгэсэн гэдэг ч ард олон арай өөр дүн тавьдаг юм билээ. Түүнийг нэг хэсэг Японд Элчин сайдаар явах нь гэсэн яриа хөөрөө гарч байсан. Ардчилсан Ерөнхийлөгчийн дэмжлэгээр энэ санаа нь бүтнэ хэмээн чамгүй хүлээсэн гэдэг ч хоосон хоцорсон. Түүнийг ирэх сонгуульд нэр дэвшвэл дэмжихээс дэмжихгүй нь олон байх магадлал өндөр учраас нам нь итгэл хүлээлгэнэ гэсэн найдвар тун бага. Гэхдээ

П.Ганхуяг үүнийг хүлээн зөвшөөрөх дургүй. Нэр дэвших квотын төлөө 50 саяын татвараа намдаа түрүүлж хураалгасан гишүүдийн нэг. Гэвч шинэ хуулиар тойрог нь хоёр биш ганцхан мандаттай болсон тул хүсэхэд хясахын үлгэр үзүүлж Засаг даргыг чамгүй шаналгаж байгаа гэнэ. Түүнд одоо 50 саяа буцааж олохын тулд нэр дэвшихээр өрсөлдөх хүнтэй наймаалцах, эсвэл намын даргаараа албан тушаал амлуулах гэсэн хоёрхон гарц бий гэнэ. Чухам алийг нь сонгохыг харах л үлдэж.

Ардчилсан намаас энэ тойрогт анхны ялалт авчирсан хүн нь Яйчилын Батсуурь.

Гадаад харилцааны салбарт атташегаас Элчин сайд хүртэл шат шатанд нь алба хашиж явсан тэрбээр улс төрд хөл тавихаар дипломат албаа сайн дураараа хүлээлгэж өгөөд эх орондоо ирж байсан юм. Тайландад Элчин сайд байсан түүнийг парламентын гишүүн бол гэж хатгасан улс нь ч нутгийнхан нь; Гадаадад эх орноо төлөөлөн хангалттай ажиллалаа одоо тэнд үзэж харсан, мэдэж дуулснаа энд бидний төлөө зориул хэмээн нэг үгээр томилолтыг нь түрүүлээд бичээд өгчихөж байсан юм.

Тиймдээ ч тэр сонгуулийн сурталчилгаа гэж цаас мөнгө цацаж, сонгогчдын сэтгэл урвуулах гэж толгойгоо өвтгөж яваагүй хэмээн тэр үед сурталчилгаанд нь явж байсан хүмүүс магтдаг юм. Хаа ч очсон энгийн яриа хөөрөө өрнүүлээд аливааг юм үзэж нүд тайлсан хүний уужуу ухаанаар тун ч тулхтай тайлбарлаж, шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлын гарцыг ч өөрийнхөөрөө хэлж ярьдаг нь нутгийн олонд нь тун их таалагдсан гэдэг. Ингэж явж намдаа ялалт авчирсан Я.Батсуурь парламентад ороод ч хэлээ залгисан "шинэков" байгаагүй. Байнгын хороо толгойлж, өөрийн бодолтой, аливаад хөөрч, туйлширч биш төвч шударга, ард түмэнд наалдацтай талаас нь харж ярьж, зүтгэж чаддагаа харуулсан.

Нам гэж талцаж давхиад байдаггүй тэрбээр энэ парламентад Я.Батсуурийн санаачилсан гэж тодотгох хэд хэдэн хуулийн эцэг. Хуулиас гадна хуулийн хэмжээнд үйлчлэх чухал баримт бичгүүдийг ч тэрбээр батлуулж чадсан юм. Тавантолгойн хувьцааны 20 хувийг ард түмэнд өгөх ёстой хэмээн хамгийн чанга дуугарсан нь Я.Батсуурь. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилъя. Эс бөгөөс төрийн өмчийг авъя гэсэн хүн нь тендер нэрээр зохион байгуулалттай авчихдаг хэмээн шүүмжилж, орон сууцны үнийг 20-30 хувь бууруулах боломж бийг нотолж, нас хүйсээр ялгаварлан ажилд авдгийг зогсоох гэхчилэн ард түмний амьдралд нийцсэн хууль, тогтоолын төсөл олныг санаачилсан гээд хэлэх үгтэй хийсэн ажилтай түүнд нам нь итгэл хүлээлгэх магадлал өндөр гэцгээж байна. Энэ гурваас чухам хэн намаа төлөөлөн Хутагтын нутагт цолоо дуудуулахыг харахад тун бага хугацаа үлдлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.