Орон нутгийн сонгуулийг 18 тойрогт 25 мандатаар явуулна
2012.04.04

Орон нутгийн сонгуулийг 18 тойрогт 25 мандатаар явуулна

-18 тойрог, 25 мандат гэж тооны хувьд өмнөх сонгуультай адил байна. Өөр бусдаар ямар нэг өөрчлөлт хийсэн зүйл бий юу?

-2008 сонгуулиас өөрчлөгдсөн зүйл гэвэл аймгийн төвийн сум Сайнцагааны хөдөөгийн дөрвөн багийг төвийн нэг багтай нэг тойрог болгож гурван мандаттай байхаар өөрчилсөн. Аймгийн төвийн долоо, тавдугаар багийг нэг тойрог хоёр мандат, найм, есдүгээр багийг мөн нэг тойрог хоёр мандаттай болгосон. Хөдөөгийн сумдын хувьд Эрдэнэдалай хоёр тойрог дөрвөн мандат, Адаацаг нэг тойрог хоёр мандаттай болж, бусад нь нэг тойрог, нэг мандаттай байна. Нийтдээ 18 тойрог, 25 мандат хэвээр.

-Цаг хугацааны хувьд хууль зөрчлөө гэх хандлага байх шиг байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Сонгуулийн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн санал авах өдрөөс таваас доошгүй сарын өмнө тойргийн хороог байгуулна гээд заачихсан байгаа. Энэ заалтаар яривал аль нэгдүгээр сард эл асуудлыг хэлэлцэж шийдсэн байх учиртай л даа. Яагаад өдий хүртэл хойшлогдсон юм бэ гэхээр дараах тайлбарыг өгөх нь зүйтэй. Нэгдүгээрт, УИХ- аас орон нутгийн сонгуулийн хуульд оруул­сан өөрчлөлт бол үндсэн хуулийг яах аргагүй зөрчсөн явдал. Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн гурав­дугаарт орон нутгийн ИТХ дөрвөн жилийн хугацаатай байна гэдгийг заачихаад байхад орон нутгийн сонгуулийн хуулинд оруул­сан өөрчлөлтөөр дөрөв биш гур­ван жил хагас ажиллахаар болж байна. Өөрөөр хэлбэл сонгох, сонгогдох хүний эрхийг боогдуулж, зөрчсөн шийдвэр болоод байгаа юм. Хоёрдугаарт, УИХ- ын сонгуу­лийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн хууль хоёр хоорондоо уялдаа холбоо алга.

Дотроо зөрчилдөөнтэй олон зүйл байна.


Зөвхөн санал тоолох асуудал дээр гэхэд л автоматжуулсан төхөөрөм­жөөр УИХ- ын сонгуулийн саналыг тоолно. Гэтэл орон нутгийн сонгуу­лийн дүнг гараар тоолох уу. Орон нутгийн сонгуулийн санал хураалтыг оройн 22 цагт дуусгах бол УИХ- ын сонгуулийнхыг 18 цагт дуусгана гэж байгаа. Үүнийг ямар зохион байгуулалтаар хийх үү. УИХ- ын болон орон нутгийн сонгуулийг хамт явуулахдаа зур­га­дугаар сарын сүүлийн долоо хоно­гийн бүтэн сайн өдөр санал авна гэж байгаа. Гэтэл УИХ- ын сонгуулийн хуулинд санал авах өдрийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын өдөр гээд заачихсан. Мөн сонгуулийг УИХ- ын сонгуулийн хуульд сонгуулийн хороод зохион байгуулна, орон нутгийн сонгуулийн хуульд болохоор тойргийн хороо зохион байгуулна гэж бий. УИХ болон орон нутгийн сонгуулийг хамт зохион байгуулах бол УИХ- ын сонгуулийн хороо, орон нутгийн сонгуулийн тойргийн хороо гэж хоёр хороо байгуулах юм уу гэх зэргээр ойлгомжгүй зүйл нэлээд байгаа. Асуудал маргаантай байгаа учраас чухам ямар шийдвэр гарах юм бол гэдгийг харзнасан л даа.Эцэст нь аймгийн  ИТХ өнөөд­рийн байдлаар хүчингүйд тооцоогүй, мөрдөгдөж байгаа хуулийнхаа дагуу тойргийн хороо­гоо байгуулах ёстой гэж үзээд энэ шийдвэрийг гаргасан.

-Тойргийг өөрчлөхтэй хол­боо­тойгоор улс төрийн ханд­лага байна гэх хардлага тэргүү­лэгчдийн дунд гарч, санал зөрөлд­­сөн. Энэ тухайд...?

-Санал зөрөлдсөн явдал гарсан. Энд улс төрийн өнгө аяс байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй. Хууч­наар нь байлгана гэдэг байр суурийг тэргүүлэгч Ш. Энхбат илэрхийлсэн. Энд ямар юмных нь улс төр байх вэ дээ. Газар нутгийн харьяалал, хүн амын тооноос хамааран ийм өөрчлөлтийг хийх болсон л хэрэг. Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хуралдаан бол хамтын удирдлагын байгууллага. Олонхийн саналаар асуудлаа шийддэг. Тэр л зарчмаар асуудлыг шийдсэн. Улс төрийн хандлага энд ердөө ч байхгүй. Урьд нь аймгийн зүүн урд байршилтай Үйзэн баг баруун талын Айраг, Мандал багтай нэг тойрог байсныг зүүн талын Боржигон багтай, баруун талд оршдог Наран багийг баруун талын Айраг, Мандал багтай нэг тойрог болгож, хүн амын адил тэгш байдал, харьяалал байршлыг харгалзсан хэрэг шүү дээ. Түүнээс биш хууль зөрчөөд, аль нэг намын эрх ашгийн тулд үйлчилсэн хэрэг огт байхгүй. Дөрөвдүгээр сарын 5-нд хав­рын чуулган эхэлж, орон нут­гийн сонгуулийн хуулийг авч хэлэлцээд хоёр сонгуулийг нэгэн зэрэг явуулах шийдвэр гаргачихвал энэ сарын сүүлчээр хуралдах иргэ­дийн төлөөлөгчдийн хурлаар тойр­гийн хороогоо хэлэлцүүлээд баталгаажуулчихна. Хэрвээ хоёр сонгуулийг тусад нь явуулна гэвэл тавдугаар сард хурлаараа хэлэлцээд тойргийн хороогоо өөрчилж болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.