Татварын асуудал кампанит ажлын гол сэдэв болно
Сенат Цагаан ордныг лоббидон батлах гэж буй хуулийг хөрөнгө оруулалтын "Berkshire Hathaway" компанийн тэргүүн Уоррен Баффетын нэрээр нэрлэсэн байна. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэгд тооцогддог тэрбээр чинээлэг хүмүүс нарийн бичгийн даргаасаа бага хувийн татвар төлдгийг нотлон олон жилийн турш АНУ-ын татварын хуулинд өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа юм. 2001 онд Ерөнхийлөгч бага Жорж Бушийн тогтоосон хөнгөлөлтүүдийг хөрөнгө оруулалтаас орсон орлогын татвараас хассан нь чинээлэг америкчуудаас улсад төлдөг төлөөсийг мэдэгдэхүйц багасгах боломж олгожээ.
Тэрбумтны санаачилга нь төсвийн алдагдлыг бууруулах талаарх Цагаан ордны төлөвлөгөөний гол заалтуудын нэг болсон байна. Шинжээчдийн тооцоолсноор бол, жилийн орлого нь нэг саяас давдаг АНУ-ын иргэдийн татварын доод хэмжээг 30 хувь хүртэл өсгөснөөр төсвийн орлого 1,5 триллион доллароор нэмэгдэх юм. Харин татварын хуулинд өөрчлөлт оруулах тухай санал Конгресс дахь бүгд найрамдахчуудын дийлэнх олонхын эсэргүүцэлтэй тулгарч байна. Үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлдэг хөнгөлөлтийг цуцалснаар бизнес хөгжихөд саад болж, ажлын байр цөөрөхөд хүрнэ гэж бүгд найрамдахчууд үзэж байгаа юм. "Энэ нь ангийн дайныг өдөөнө. Обама өөрийгөө буруутай гэж үзэж байгаа бол өөрөө л сэтгэл дундуур байгаа бүх хүнд чек бичиж өг" гэж сенатч Митч Макконнелл мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч бүгд найрамдахчуудын эсэргүүцлийг няцаах бас нэгэн оролдлого хийсэн байна. Тэрбээр ард түмэндээ хандаж радиогоор үг хэлэхдээ сонгогчдоосоо "Конгрессын гишүүдэд шахалт үзүүлж", тэднээс "Баффеттын дүрэм"-ийг батлахыг шаардахыг хүсчээ. "Америкийн баялаг хахсан баян хүмүүсийн орлогоос бус, харин дунд ангийнхан өөртөө хэр итгэлтэй байхаас шалтгаална гэдгийг Конгресст сануул" гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Америкийн Засгийн газар ерөнхийлөгчийн сонгуульд "татварын асуудал"-ыг ашиглах бодолтой байгаагаа нуухгүй байгаа юм. Өнгөрсөн баасан гарагт Обамагийн сонгуулийн өмнөх албан ёсны сайт дээр түүний сүүлийн 10 жилийн татварын мэдүүлэг гарсан. Сүүлийн жилд одоогийн ерөнхийлөгчийн орлого эрс буурсан болохыг түүний штабын мэдээлэлд тэмдэглэжээ. 2010 онд тэрбээр 1 728 096 долларын орлоготой байсан нь 2011 оныхоос бараг нэг саяар их байгаа юм.
Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын удирдагч Жим Мессин тусгай мэдэгдэл хийж, Барак Обамагийн өрсөлдөгч болох магадлал хамгийн өндөр байгаа муж улсын захирагч асан Митт Ромни өнөөг хүртэл орлогын мэдээллээ нийтлэхээс татгалзаж байгааг сануулжээ. Харин Барак Обама өөрөө сүүлд хэлсэн үгнүүддээ хуучин захирагчийг "бодит амьдралыг мэдэхгүй", "америкийн хүн амын нэг хувийг эзэлдэг хамгийн баян хүмүүсийг төлөөлсөн нэр дэвшигч" хэмээн нэг бус удаа буруушаасан байна. "The New York Times" сонины тооцоолсноор, Митт Ромнигийн хөрөнгө 500 сая доллароос давдаг байна.
Цагаан ордны илэрхий алхам бүгд найрамдахчуудын муу нууж байсан дургүйцлийг төрүүлжээ. "Баффеттын дүрэм"-ийг батлахыг шаардахдаа Барак Обама сонгогчдыг хувааж, өөрийн бүтэшгүй бодлогыг хэлэлцэхээс бидний анхаарлыг сатааруулах ганц зорилгыг тавьж байна. Энэ нь түүнийг сонгуульд ялахыг л хүсч, Америкийн сонгогчдын тухай бага бодож буйг дахин нотолж байна" гэж БНН-ын Үндэсний хорооны тэргүүн Райнс Прибус хэлсэн байна.