Цахим үнэмлэхээр улс төр хийхгүй байхыг сануулав
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2012.03.07

Цахим үнэмлэхээр улс төр хийхгүй байхыг сануулав

Уржигдар болсон МАН-ын бүлгийн хурлаар гурван асуудал хэлэлцжээ. 2012 оны санхүүгийн жилийн талаар Сангийн сайд Д.Хаянхярваагийн мэдээллийг сонссон байна. Мөн УБЕГ-ын удирдлага цахим үнэмлэхний талаар мэдээлэл хийж, УИХ, Орон нутгийн Хурлын сонгуулийг хамтад нь явуулах эсэх асуудлаар бүлгийн гишүүд байр сууриа дахин нэгтгэжээ. Энэ оны төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын санхүүжилтэд нэг их хүндрэл гарахааргүй байгаа ч Хүний хөгжил сангийн орлого бүрдүүлэлтэд нэлээд түвэг учирч байгаа бололтой.

Хөрөнгө төвлөрүүлэх, гадаад, дотоодын зах зээлд үнэт цаас гаргах зэрэг замаар сангийн хөрөнгийг арвижуулах тодорхой эх үүсвэр олохыг Засгийн газарт үүрэг болгожээ.

Сонгуулийг луйвардах санаагаар МАН, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж иргэний цахим үнэмлэх олгох ажлыг гацааж байна гэсэн мэдээллийг Бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин өчигдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр няцаалаа. Иргэдийг цахим үнэмлэхжүүлэх асуудлыг Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуяг хариуцаж байсан. Өнгөрсөн оны гурав-дугаар сард загварыг нь сонгох байсан ч салбар хариуцсан сайдын хариуцлагагүйгээс энэ ажил арванхоёрдугаар сар хүртэл хугацаа алдсан гэж Ө.Энхтүвшин мэдэгдэв. Тендерт ялсан "Бодь" группийн төлөөлөгчийн хэлснээр зургаадугаар сарын 20 гэхэд цахим үнэмлэхийг тарааж дуусгах гэнэ. Нэгэнт хугацаа тулсан учраас одоо ажлаа шавдуулах хэрэгтэй. Хоосон улстөржихөө больё гэж МАН-ынхан хэллээ. УБЕГ-ыг хариуцсан сайд Ц.Нямдоржид энэ ажлыг яаравчлуулах үүргийг ч өгчээ.

Орон нутгийн Хурлын сонгуулийн хуулиар МАН-ын бүлэг байр сууриа хатуу илэрхийлэв. Уг асуудлаар АН буулт хийж, УИХ, аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийг хамтад нь явуулъя. Сум, дүүргийнхийг намар хийе гэснийг МАН-ын бүлэг хүлээж авах бололцоогүй гэж үзэж байна. УИХ-ын сонгуулийн санал хураалт 07.00-20.00, орон нутгийн сонгуулийнх 07.00-22.00 цагийн хооронд болохоор байгаа. Нэгийг нь автомажуулсан хэлбэрээр, нөгөөг нь гараар

тоолох гэх мэт техникийн хийгээд хууль эрх зүйн бололцоогүй олон асуудал байгаа учраас хамтад нь явуулах боломжгүй гэсэн тайлбарыг МАН-ын бүлгийн ахлагч өглөө. Тэгээд ч орон нутгийн өөрөө удирдах . ёсны байгууллагаас саналыг нь аваагүй юм байна. Хоёр сонгуулийг хамтад нь явуулах эсэх асуудлаар зөвшилцөх Ажлын хэсгийг бүлэг тус бүрээс таван гишүүнтэйгээр байгуулсан. Өчигдөр тэд хуралдсан ч тохиролцоонд хүрч чадаагүй байв. Тохиролцоонд хүрсэн ганц асуудлаа Бүлгийн дарга нар нууцлав. Энэ хувилбараа 16 цагаас (өчигдөр) болох бүлгийн хуралд танилцуулна. Хоёр бүлгийн гишүүд нь хүлээж авбал дараа нь хамтарсан мэдээлэл хийнэ гэж тэд мэдэгдэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.