Л.Гантөмөр: Иргэний цахим үнэмлэх хэвлэх машин бэлэн болсон хэдий ч бэлдэцээ татаагүй гэсэн
2012.02.28

Л.Гантөмөр: Иргэний цахим үнэмлэх хэвлэх машин бэлэн болсон хэдий ч бэлдэцээ татаагүй гэсэн

УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй ярилцлаа.
Ардчилсан намын бүлэг өчигдөр хаалттай нэлээд удаан хугацааны турш хуралдсан. Бүлгийн гишүүд дотоод асуудлаа яриад зогсолгүй ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, СЕХ-ны дарга Н.Лувсанжав, ИБЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Амарсанаа нарыг дуудаж иргэний цахим үнэмлэх олгох болон хурууны хээ таних төхөөрөмж худалдан авах ажлын явцын талаар байцаасан аж. АН-ын бүлгийн энэхүү хурлынхаа талаар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Ч.Сайханбилэгийг дэд дарга Л.Гантөмөр орлож сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

-Иргэний цахим үнэмлэх олгох ажлын явцын талаар холбогдох хүмүүсээс мэдээлэл авсан гэсэн. Ажлын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Иргэний цахим үнэмлэх олгоно гэж 2008 оноос хойш ярьсны үр дүнд 2009 оноос УИХ-ын тогтоол гарсан. Ингээд  2011 оны төсвийн тодотголоор мөнгийг нь шийдэж 2012 оны УИХ-ын сонгуулийг иргэний цахим үнэмлэхээр явуулахаар тогтсон. Сонгууль дөрвөн сарын дараа болох гэж байна. Гэтэл иргэний цахим үнэмлэх олгох ажил эхлээгүй, цаг хугацааны хувьд ч тулчихлаа.  Холбогдох албан тушаалтнуудын өгч байгаа мэдээллээр хэдийгээр төлөвлөсөн хуваариас хоцорч яваа ч сонгуулиас өмнө амжуулна гэсэн байдалтай байна.

Иргэний цахим үнэмлэх хэвлэх машин бэлэн болсон хэдий ч бэлдэцээ татаагүй гэсэн. Иргэний шинэчилсэн бүртгэл хийгдсэн хэдий ч тодорхой тооны хүмүүсийн мэдээлэл нэгтгэгдэж амжаагүй байгаа юм билээ. Ялангуяа Улаанбаатар хотод хаягийн зөрчилтэй хүмүүс байна. Гэхдээ яг нарийн тоог албаны хүмүүс хэлэхгүй байна. 40-50 орчим мянган иргэн гэсэн бүдүүн багцаа гаргачихаж.

-Цахим үнэмлэхийг оны эхнээс хойш л олгоно гэсээр өдий хүрсэн. Сонгуулиас өмнө олгож амжих уу?
-Засгийн газрын өгч байгаа мэдээллээр цахим үнэмлэхийг дөрөвдүгээр сараас олгож эхлэх юм байна. Зургадугаар сарын эхний 10 хоногт хэвлэгдээд дуусчихна гэсэн. Үнэмлэхийг хэвлэж эхлэхтэй зэрэгцээд иргэддээ тараана гэсэн мэдээлэл өгч байна. АН-ын бүлгээс цахим үнэмлэх олгох ажлыг яаравчлуулж Засгийн газар үүнд хариуцлагатай ажиллах ёстой гэсэн чиглэл өглөө. Мөн иргэний бүртгэлтэй холбоотой дэд хороо байгуулагдаж, З.Энхболд гишүүн ахлан ажиллаж байгаа. Гэхдээ энэ дэд хороо ажлаа хийж эхлээгүй л байна. Хугацаа богино үлдлээ, бид амжихгүй гэж хэлж чадахгүй. Хийе гэсэн хүн ямар ч ажлыг амжуулдаг. Үнэмлэх олгох ажил нэг талаар төрийн ажил боловч иргэний оролцоо чухал. Бид нэг удаа сонсоод өнгөрөхгүй, байнга хяналт тавьж ажиллана. Ойр ойрхон холбогдох байгууллагын үйл ажиллагаатай танилцана гэж төлөвлөсөн.

-ИБЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр МАН-ын албан тушаалтан очсоныг АН-ын бүлэг эсэргүүцэж байгаа шүү дээ?
-ИБЕГ-ын дарга Л.Мөнхбаатар МАН-аас УИХ-д дэвшинэ гэсэн үндэслэлээр ажлаа өгсөн. Энэ байгууллагад дэд дарга гэсэн албан тушаалтан байдаг юм байна. Харамсалтай нь дэд даргыг нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулахгүйгээр МАН-ын нарийн бичгийн дарга байсан хүнийг томиллоо. Энэ нь буруу гэдгийг ХЗДХ-ийн сайдад уламжилсан. Ийм улс төржсөн томилгоогоо зогсоогооч гэсэн хүсэлт тавьсан. Үнэхээр сонгууль будлиантдаг хамгийн том шалтгаан бол иргэний бүртгэл байдаг. Хороо, суман дээрээ нэр давхарддаг, зарим нь хоёр гурван үнэмлэхтэй явж байдаг. Ийм хариуцлагатай ажилд улс төрийн намын өндөр албан тушаалтанг томилж байгаа нь ёс зүйгүй хэрэг. Агентлагийн даргын томилгоог төрийн албаны зүгээс хийх ёстой. Үүрэг гүйцэтгэх ажлыг дэд дарга нь хийдэг. Тэгэхээр МАН-ын зүгээс ойрын үед бидэнд хариулт ирүүлэх байх.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.