Шинэчилсэн бүртгэлээс хоцорсон иргэдийг бүртгэлд хамруулж эхэллээ
Одоогоор Монгол Улсын хүн амын 98,2 хувь нь иргэний шинэчлэгдсэн бүртгэлд хамрагдаад байгаа гэнэ. Харин үлдсэн 1,8 хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний шинэчилсэн бүртгэлд дахин хамруулахаар ажлаа орон даяар эхлүүлжээ. Эдгээр иргэдийн ихэнх хувийг гадаад амьдарч байгаа болон бичиг баримтын ямар нэгэн зөрчилтэй, огт баримт бичиггүй, хорих ял эдэлж байгаа иргэд эзэлдэг аж.
Иргэний шинэчлэгдсэн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг тухайн хүнийг бүрэн гэрчлэх баримт бичгийг үндэслэн шинэчилсэн бүртгэлд хамруулах юм байна. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэх огт авч байгаагүй улаан паспорттай, 16 нас хүрээд иргэний үнэмлэхээ аваагүй болон хоёр жилээс дээш хугацаа өнгөрсөн иргэдийг төрсний гэрчилгээ, бусад холбогдох материалыг үндэслэн шинэчилсэн бүртгэлд хамруулах аж. Ингэхдээ төрсний гэрчилгээ, улаан паспорт болон бусад холбогдох материалыг зохих ёсоор бүрдүүлж ХААТР 22 гэдэг тусгай маягт бөглөх учиртай. Энэхүү маягтынхаа мэдээллийг иргэний үнэмлэхийн санд хадгалуулснаар, таны мэдээлэл тусгай программд орж, улмаар зурагтай лавлагаа авна. Үүнийг үндэслэн иргэний шинэчилсэн бүтгэлд хамрагдана.
Мөн хөдөө орон нутгаас шилжин ирсэн ирсэн иргэд бичиг баримтаа гээгдүүлээд, дахин авч чадаагүйгээс шинэчлэгдсэн бүртгэлд хамрагдахгүй тохиолдол элбэг тохиолддог гэнэ. Шилжилтийн ХААТР бичигтэй бол иргэний үнэмлэх дахин авах өргөдөл анкет, нийслэлд оршин суух өргөдөл анкетыг тухайн оршин суух хороогоороо цохолт хийлгүүлэх ёстой. Үүнийгээ Нийслэлийн бүртгэлийн газарт хүргэн, иргэний үнэмлэх дахин олголтын өргөдөл, анкет дээр нийслэлд оршин суух хаягийг хийлгэн, зурагтай лавлагаа авч, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана. Харин орон нутгаас шилжин ирсэн бичиг болох ХААТР-аа гээсэн иргэд Нийслэлийн бүртгэлийн газрын архиваас хувийн хэргээ шүүлгэн, мэргэжилтнээр цохолт хийлгэх ёстой юм байна. Хэрэв хувийн хэрэг нь шилжин ирээгүй бол өөрийн аймгаас хасалт хийлгэх, эсвэл Нийслэлийн бүртгэлийн газарт хандаж шийдүүлэх учиртай аж.
Мөн өнгөрсөн удаагийн шинэчлэгдсэн бүртгэлд хамрагдаагүй иргэдийн дунд хорих ялаар шийтгүүлсэн, мөн орон гэргүй иргэд олон байна. Хорих ялаар шийтгүүлсэн иргэдийг холбогдох байгууллагаар нь дамжуулан бүртгэсэн ч бичиг баримт зэрэг зөрчлүүдээс үүдэн хамрагдаагүй иргэд байна. Тэднийг ар гэрийнхнээр нь дамжуулан олгох боломжтой гэнэ. Орон гэргүй иргэдийг Сонгинохайрхан дүүрэг дэх “Амьдрах ухаан” төв дээр нэгтгэсэн журмаар бүртгэхээр болсон аж.
Харин огт баримт бичиггүй болон зөрчилтэй хүмүүсийг бүртгэхгүй тул ийм хүмүүс зөрчлөө зайлшгүй арилгуулсан байх ёстой гэдгийг УБЕГ-аас сануулж байгаа юм. Харин өнгөрсөн сарын сүүлээр хэвлэлтээс гарч, иргэдийн гарт хүрэх ёстой байсан иргэний цахим үнэмлэх гуравдугаар сарын 1-нээс иргэдийн гарт хүрэх гэнэ. Цахим үнэмлэхийг 484 нэгжээр дамжуулан тараах бөгөөд ирэх дөрөвдүгээр сар гэхэд 16-гаас дээш насны иргэн бүрт хүргэсэн байхаар төлөвлөөд байна. Эхний ээлжид бид хүн амын хөдөлгөөн багатай, тогтвор суурьшилтай, иргэдийнх нь мэдээлэл цэгцэрсэн дүүргүүдээс эхлэн туршилтын журмаар олгоно. Манайд энэхүү систем анх удаа нэвтэрч байгаа тул үнэмлэх олгох хугацаанд ямар нэгэн эрсдэл гарах вий гэж сэрэмжилж байгаа вм байна. Одоогийн байдлаар нийслэл, аймгуудад ажлын хэсэг гарчээ.
Иргэний цахим үнэмлэх олгох ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар дангаар хариуцан хийхэд ачаалал үүсэх магадлал өндөртэй тул орон нутгийн засаг захиргааны нэгжүүдээр дамжуулан хамтран ажиллаж байгаа аж.