Шилжих бүрт цахим үнэмлэх шинээр авна
2012.01.24

Шилжих бүрт цахим үнэмлэх шинээр авна

2010 онд эхлүүлсэн иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлын үргэлжлэл болгож иргэдийг "ухаан-тай" үнэмлэхтэй болгохоор болсон. Нийслэлиин бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр цахим үнэмлэхний ажлын явцын талаар шуурхай хуралдаан дээр өчигдөр мэдээлэл хийлээ. Нийслэлд энэ ажлыг зохион байгуулахад хууль, эрхзүйн орчин бүрдэж, иргэний үнэмлэхний загварын нууцлалын тухай журам гарчээ.

 

Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотод 16-гаас дээш насны 816 мянган иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан аж. Энэ бүртгэлд орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутан, хөдөөнөөс шилжин ирэгсэд, цэргийн албан хаагч, хоригдол, гадаадад ажиллаж амьдардаг иргэд, орон гэргүй хүмүүсийг хамруулжээ. Ингэснээр нийгмийн халамжийн чиглэлээр олгож буй тэтгэмж, тэтгэлэг олгох иргэдийн тоог нарийн гаргаж, цахим үнэмлэх олгох баазтай болсон байна. Энэ ажлын нэг сайн тал нь иргэний бичиг баримтын зөрчлийг арилгах боломжтой юм. Улсын хэмжээнд бичиг баримтын 600 мянга гаруй зөрчил илрүүлсэн байна. Үүний 50 хувь нь нийслэлийн иргэдийн бичиг баримтын зөрчил байсныг тэд бүрэн арилгажээ.

 

Ирэх хоёрдугаар сарын эхээр хэвлэлтээс гаргах цахим үнэмлэх олон улсын хоёр ч стандартад нийцсэн гэж байв. Аль ч улсын машинаар монголын иргэдийн цахим үнэмлэхийг уншиж мэдээлэл авах боломжтой аж. Үнэмлэхийг банкны виза картаас өөр материалаар хийсэн. Бөх бат, уян хатан чанартай гэсэн. Үнэмлэхний загварыг Засгийн газраас баталжээ. Иргэний цахим үнэмлэхэд Монгол Улсын төрийн бэлэг тэмдэг, далбаатай, соёмбо нь солонгорч харагддаг аж. Улсынхаа газрын зураг, гал, нар, сарыг энд мөн дүрсэлжээ. Ижил мэт харагдах дахин давтагдахгүй зураасан зургийг оруулсан гэх мэтээр иргэний цахим үнэмлэхэд10 төрлийн мэдээллийг суулгаж өгсөн байна. Цахим үнэмлэхний чипэн дээр тухайн хүнтэй  холбоотой мэдээллийн санг багтаажээ.

 

Тухайлбал, овог, нэр, хүйс, оршин суух хаяг, регистрийн дугаар, цахим гарын үсэг, гарын хээ зэрэг 14 төрлийн мэдээллийг багтаажээ. Гэрэл зураг нь хар өнгөтэй, дижитал хэлбэртэй гэж байв. Лазераар хэвлэж байгаа учраас олон үе давхаргыг дуурайлган хийх боломжгүй гэсэн. Үнэмлэхийг баар кодоор уншиж бас болно. Сонгууль өгөхөд ч гэсэн цахим үнэмлэх хэрэгтэй. Үнэмлэхний тусгай тэмдэглэлтэй хэсгийг түлэх буюу устгаж давхардаж, дахин санал өгөх боломжгүй болгоно гэлээ. Албаныхан иргэний үнэмлэх хэвлэх хоёр тоног төхөөрөмж оруулж ирсэн бөгөөд үүнийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт байрлуулан хэрэглэх аж. Гэхдээ техникийн асуудлаас болоод энэ ажил хойшилж ирэх сарын сүүлч хүрэх төлөвтэй байна.

 

Эхний удаад цахим үнэмлэхийг хороогоор дамжуулан иргэдэд үнэ төлбөргүй олгох юм байна. Харин үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн тохиолдолд дахин олгоход 10 мянган төгрөг төлж авна гэж байв. Хуучин үнэмлэхэд шинэ хаягийг нь наадаг байсан. Тэгвэл цахим үнэмлэхний тухайд шилжилт хөдөлгөөн хийх тоолондоо шинэ үнэмлэх авч байх аж. Нэг үгээр хэлбэл бүртгэлийн газрын ачаалал нэмэгдэх нь байна. Иргэд цахим үнэмлэх олготол шилжилт хийлгэж, иргэний үнэмлэхний хаяг солиулах, шинээр гаргуулах нь нээлттэй болжээ. Нийслэлийн бүртгэлийн газраас иргэдэд лавлагаа олгож, түүгээр банк, санхүүгийн болон бусад байгууллагаар үйлчлүүлж болох аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.