Д.Ганхуяг: Тусгай хамгаалалтаас гаргах газар 300-хан га шүү дээ
2011.09.16

Д.Ганхуяг: Тусгай хамгаалалтаас гаргах газар 300-хан га шүү дээ

Улсын тусгай хамгаалалттай газар нутаг /УТХГН/-ийн хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өнгөрсөн сард УИХ-ын дэд даргад өргөн барьсан билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.

-Улсын тусгай хамгаалалттай зарим газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэх үү?

- Намрын чуулганаар хэлэлцэх нь ойлгомжтой. Бид тогтоолын төслийг БОАЖЯ-тай хамтарч боловсруулсан юм. Яамнаас энэ төслийг 100 хувь дэмжиж байгаа.

-Тогтоолын төсөлтэй холбоотой хардлага байна. Богд уулын Дархан цаазат газрын харъяа Зайсан, Нүхтийн ам гэх мэт газарт барилга барьсан томоохон аж ахуйн нэгжүүдийн хууль бус үйлдлийг хууль ёсных болгох захиалга нуугдаж байна гэж?

-Тэгж хардах шаардлагагүй гэж хэлмээр байна. Тогтоолын төслийг санаачилахад хүргэсэн хэд, хэдэн үндэслэл бий. Нийслэлээс зүүн тийш, "Туул" зөрлөг бий. Энэ өртөө яг Богд ууланд байдаггүй. Энд дээр үеэс л галт тэрэг зогсдог байсан. Нөгөөх нь Тэрэлжийн төв суурин газар буюу "Улаан-баатар-2" жуулчны бааз байдаг газар. Аль социализмын үеэс зочид буудал, айлууд суурьшсан газрууд л даа. Энд 1955-1957 оноос хойш суурьшин амьдарч байгаа 500-гаад өрх, 1500 гаруй иргэн хамаарч байгаа. Энд байгаа иргэд Газрын тухай багц хуульд заасан газар эзэмших эрхээ эдэлж чадахгүй байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2000-2004 оны хооронд батлагдсан. Тэрнээс өмнө, 1990-ээд оноос2000 оны хооронд Монгол Улсын Засаг захиргааны нэгж, хороо энд байгуулагдсан. Тусгай хамгаалалтаас гаргах саналтай байгаа газрын хэмжээ 296 буюу 300-хан га байгаа.

Дархан цаазат Богдхан ууланд зөвшөөрөлгүйгээр аялал жуулчлалын бааз байгуулж, хаус, өндөр зэрэглэлийн орон сууц зөндөө л барьчихсан. Бидний тусгай хамгаалалтаас гаргах гээд байгаа газар эдгээр газартай ямар ч хамаагүй шүү дээ. Бас нэг асуудал нь аливаа улс орон ямар баялагтай байна, түүндээ суурилж хөгжих ёстой. Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Монгол Улс газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэндээ зохистой ашиглуулах хэрэгтэй. Анх Налайх, Баянзүрх дүүргээс 29 мянган га газрыг улсын тусгай хамгаалалтаас чөлөөлж өгөөч гэх санал ирсэн.

Бид БОАЖЯ-ныхантай ярьж зөвшилцсөн. Газар дээр нь очиж судалгаа хийлгээд, чөлөөлүүлэхээр хүссэн нийт талбайгаас 90 хувийг нь хасч, 10-хан хувь, өөрөөр хэлбэл 300 га газар л болгосон.

Энд ямар нэгэн аж ахуйн нэгж хамааралгүй. Зөвхөн иргэдэд оршин сууж байгаа газрыг нь л егье, тэд хувийн орон сууцаа барьж, газраа эдийн засгийн эргэлтэд оруулаад сайн сайхан амьдрах нөхцөлийг л бүрдүүлж байгаа юм. Хамгийн зохистой, хамгийн үр дүнтэй газрын менежмент бол зохистой ашиглалт. Энэ нь өөрөө хамгийн сайн хамгаалалт. Түүнээс биш баахан ой хамгаалагч тавьчихаад улсын төсвөөс санхүүжүүлээд л байдаг. Гэтэл мод нь алга болоод л байна. Устай, цэцэгтэй, модтой сайхан газрууд нь хаус зуслангийн газраар дүүрчихлээ. Өөрөөр хэлбэл, хууль хэрэгждэггүй.

-Хууль хэрэгжихгүй байна гэж та хэллээ. Таны улсын тусгай хамгаалалтаас гаргах санал оруулаад байгаа эдгээр суурин газар ч бас хууль ёсных биш. Ийм байхад хилийн заагийг нь өөрчилье гэж байгаа таны энэ алхам улсын тусгай хамгаалалтын үнэ цэнийг үгүй хийж байгаа юм шиг санагдахгүй байна  уу?

-Хорвоо уужим гэгчээр аливаа асуудал хоёр талтай шүү дээ. Зайсан толгой тэр чигээрээ хаус болчихсон байна. Хууль нь байсаар байхад хэрэгжүүлэхгүй, хууль зөрчөөд барьчихсан байна шүү дээ. Тэгэхэд тэнд байгаа энгийн иргэд өнөөдөр юу ч хийгээгүй. Тэднийг тэндээс хөөх боломжгүй. Шаардлага ч байхгүй, Байгаль орчинд хортой нөлөө байхгүй. Зүгээр л нэг муу тал газар шүү дээ. Тиймээс тэр улсуудад газраа эдийн засгийн эргэлтэд оруулах эрхийг нь нээж өгч байгаа юм, Гэхдээ хуулийн хүрээнд нээж өгч байгаа. ТХГН-ийн хилийн заагийг хасч, өөрчилж болно. Төрж өссөн газраа амьдрах эрхтэй нь мэдээжийн асуудал. Байгаль орчинд хор нөлөөгүйгээр, үе дамжиж, төрж, өссөн энэ газартаа хүмүүс амьдрах ёстой. Ямар Богд ууланд гараад үнэ цэнэтэй газруудыг нь авъя гэж байгаа биш.

-Та бүхний өргөн барьсан тогтоолыг УИХ дэмжлээ гэж бодъё. Хүмүүс тусгай хамгаалалттай, хаа дуртай газраа очиж суурьшаад л энэ мэт тогтоол дахиж rapax хүлээдэг жишиг тогтчихвол яах вэ?

-Хууль зөрчиж болохгүй. Хуульд өөрчлөлт оруулаад, хуулийн хүрээнд шийдэж болно. Ер нь энэ газар нутгийг чинь 2,8 сая ард түмэн л хамгаалж, хайрлаж, ашиглах ёстой юм. Тэрнээс биш хуулиар түрээ барьчихаад, хуулиа зөрчөөд өөрсдөө ашигладаг; давуу эрх олгодог байж болохгүй. Тийм учраас хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Тэгш хариуцлагатай, үүрэгтэй. Бидний тусгай хамгаалалтаас гаргуулах гээд байгаа "энэ газрын иргэд тэндээ он удаан жил амьдраад ирсэн учраас байгаль орчныг бохирдуулах асуудал энд байхгүй. Энд хүн амьдрах боломжтой, ариун дагшин биш газар.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.