Д.Ганхуяг: Тэрэлж, Хонхорын 566 өрх газраа өмчлөх эрхтэй болно
-Үүний тулд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой-
-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өчигдөр Д.Ганхуяг нарын гишүүд УИХ-ын дэд дарга Г.Батхүүд өргөн барьсан юм. Хууль санаачлагч Д.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд чухам ямар өөрчлөлт оруулах гэж буйгаа тодруулахгүй юу?
-Энэ төслийг Баянзүрх, Налайх дүүргээс сонгогдсон Ч.Сайханбилэг, Ц.Батбаяр, З.Алтай нартай хамт санаачилсан юм. Энэ төсөл батлагдсанаар Налайх дүүргийн зургадугаар хорооны захиргаа байрлах Тэрэлжийн төв суурин, Баянзүрх дүүрэг, Налайх дүүргийн хооронд байрлах 11 дүгээр хороо, Хонхрын "Туул Зөрлөг"-г амьдарч байгаа 566 өрх, 1500 иргэн газраа өмчлөх, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болох юм.
- Нийт хэчнээн га газар чөлөөлөх юм бол?
Анх 30 гаруй мянган га газар гэж байсан. Тэр нь 90 хувь буураад одоо 296 га газар болсон.
-Та бүхний санаачилсан хуулийн төсөл УИХ-аар батлагдах үндэслэл хэр байгаа бол?
-Дээрх хоёр газрын иргэд энэ газартаа 1950,1955 оноос хойш амьдарч байна, Нөгөө талаас энэ суурин газруудад засаг захиргааны нэгж болох Налайх дүүргийн зургадугаар хороо, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо нь 1981,2000 онуудад Газрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдахаас өмнө байгуулагдсан байдаг. Сүүлийн жилүүдэд Дархан цаазат богд уулын ар, өвөр тал барилга, байгууламж, өндөр зэрэглэлийн орон сууцаар дүүрсэн байгааг н харж байна. Гэтэл эдгээр иргэд 1950,1955 оноос хойш энэ газартаа амьдарч байгаа ч тусгай хамгаалалтаас болоод газраа өмчлөх, эзэмших боломжгүй байсаар ирсэн.Өмнө нь Хэнтий аймгийн дадал сум болон Хөвсгөл аймгийн Ханх сумын төвийн газрыг иймэрхүү байдлаар тусгай хамгаалалттай газар нутгаас гаргаж байсан.
-Тусгай хамгаалалттай газар нутгаас гаргахаар байгаль орчин бохирдох, хамгаалалтгүй болохоос эхлээд эрсдэл тулгарахгүй юу?
-Харин ч олон улсад газар нутгийг иргэдийн мэдэлд өгч хамгаалуулахыг хамгийн зөв арга гэж үздэг болсон. Нутгийн иргэд тухайн газартаа олон жил амьдарч, суурьшаад ирсэн, орон нутгаа хамгаалахаа ч сайн мэднэ. Хамгийн гол нь иргэд өөрсдөө зөв зохистой амьдарч, ашиглаж чадвал том хамгаалалт болно. Цаашид тусгай хамгаалалттай газар нутагтай холбогдох төрийн бодлогыг боловсронгуй болгох шаардлагатай.
"Зохистой өмчлөлт, эзэмшилт, ашиглалт нь хамгийн сайн хамгаалалт гэдэг зарчмыг Газар зохион байгуулалт, газрын менежментэд нэвтрүүлэх учиртай.
Тэднээс нийт газар нутгийн тэдэн хувь нь тусгай хамгаалалттай, байгаль орчны байцаагчтай гэдэг үзүүлэлтээр бахархах шаардлага байхгүй юм. Мэдээж үнэхээр байгалийн гоц үзэсгэлэнтэй, дагшин газрууд төрийн хамгаалалтад байж болно. Гэхдээ л үзэсгэлэнтэй газраа ч аль болох иргэддээ ойртуулах, эзэмшүүлэх, зохистой ашиглах бодлогыг гаргаснаар байгаль орчин найдвартай хамгаалагдах болно. Бид Ойн тухай хуульд 2004-2008 оны хооронд ийм хэлбэрийн өөрчлөлтийг хийснээр тодорхой үр дүнд хүрч байгаа.