Г.Баярсайхан: Засгийн газрыг шүүхэд өгнө
2011.06.14

Г.Баярсайхан: Засгийн газрыг шүүхэд өгнө

 

Гол мөрний урсац бүрэлдэх, усны сан, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, олборлохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа. Харин Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй зургаан гишүүн хуульд гар хүргэхгүй хэмээн эсэргүүцэх болсон юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.


-Нэр бүхий гишүүд урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн бариад байгааг та ямар үндэслэлээр буруутгаж байгаа юм бэ?

-Үндэслэл нь тодорхой байгаа шүү дээ. УИХ хууль баталчихаад байхад Засгийн газар түүнийг нь хэрэгжүүлэхгүй байна. Бүр энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байх лобби маш их явлаа. Ингээд сүүлдээ гишүүд урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гээд санал оруулаад ирж байна. Ингэж болохгүй шүү дээ. Би хувьдаа урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлагчдыг ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байгаа. Зургаан гишүүн ийм хуулийн төсөл санаачилсан байна лээ. Тэд ашиг сонирхлын зөрчилтэй болж таарч байна. Эдгээр гишүүн цаанаа уул уурхайн компанитай байх. Тэр компанийнх нь эзэмшдэг талбай урт нэртэй хуулийн үйлчлэх хүрээнд багтсан учир ингэж эсрэг хууль санаачилсан байх гэхээс өөр аргагүй.

-Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхэд асар их зардал гарна гэж Засгийн газар тайлбарлаж байгаа. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?

-Урт нэртэй хууль батлагдсанаар байгаль хамгаалах үйл хэрэгт маш чухал үйл явдал болсон. Энэ хууль гарснаар 10 гаруй жилийн өмнө мод экспортлохыг хориглосон шийдвэр шиг эерэг үр дүн гарах ёстой байсан. Тухайн үед мод экспортлохыг хориглосноор маш эерэг үр дүн гарсан байдаг юм. Урт нэртэй хууль түүн шиг бодлогын чанартай хууль. Нөгөө талаар хувьсгалын шинж чанартай хууль байсан гэж ч болно. Энэ хуулийг эсэргүүцэгчид нэг л асуудал тавьдаг. Тэр нь нөхөн олговорт таван их наяд төгрөг хэрэгтэй гэдэг. Гэвч энэ нь баталгаагүй. Тэдгээр компаниуд улсад хэдэн төгрөгийн татвар төлсөн юм, байгаль орчны нөхөн сэргээлтээ хийсэн эсэх зэргийг тодруулж, үүнд тулгуурлаж байж бодитой ярих ёстой. Ийм мөнгөний задаргааг Засгийн газар гаргаж ирэхгүй байна. Монгол Улсын Засгийн газар таван тэрбум төгрөгийн асуудлыг хаанаас, хэн гаргав гэдгийг  тодруулах хэрэгтэй. Уул уурхайн компаниуд улсад хэдэн килограмм алт тушаасныг ч тодруулах шаардлагатай. Цаад жинхэнэ эзэд нь Засгийн газрыг хөдөлгөж байгаа. Ингэж асар их нөхөн төлбөр нэхэж байгаагийн эсрэгээр Засгийн газар, БОАЖЯ эдгээр компаниуд байгаль орчинд ямар хохирол учруулсныг бодитойгоор үнэлбэл асар их мөнгө гарна. Харамсалтай нь үүнд их хойрго хандаж байгаа.

-Хууль хэрэгжсэнээр маш олон компанийн үйл ажиллагаа зогсч, олон хүн ажилгүй болно гээд байгаа. Нөхөн олговрын мөнгөнөөс гадна энэ нь бас нэлээд асуудал үүсгэх юм биш үү?

-Урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй  л бол олон компани дампуурна. Олон хүн ажилгүй болно гэж яриад байна. Модны экспортыг хориглоход мөн л ингэж ярьж, эсэргүүцэж байсан. Олон хөрөө рам ажилгүй болно, олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ, амьдралын баталгаа нь алдагдлаа гээд л мод экспортлогчид эсэргүүцсэн. Гэвч тэр хууль гарсан. Үр дүнд нь бид ойгоо аварсан. Газар нутгийн 12 хувийг эзэлдэг байсан ой найман хувь болж буурсан, сүүлдээ зургаан хувьд болсон. Үүнийг зогсоосон. Тэгэхээр урт нэртэй хуулийг хэрэгжүүлснээр хохирох юм байхгүй. Монголчууд үндэсний эрх ашгийн үүднээс үзэхэд энэ хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ганц нэг компани хохирлоо гэж гомдоллож магадгүй ч хойч үе хожно гэдгийг хэлмээр байна. Өнөөдрийг болтол уул уурхайн үйл ажиллагаанаас болоод ширгэсэн гол горхийг буцааж сэргээсэн компани гараагүй гэдгийг би баттай хэлж чадна. Тэгэхээр уул уурхайн нөхөн сэргээлт гэдэг нэрийн дор мөнгө угааж, нүд хуурах ажил хийж байна гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн тулд уг хуулийг санаачлагч та бүхэн цаашид ямар алхам хийх вэ?

-Байгаль орчин, экологид хор хөнөөл учруулсан бол хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж тооцдог дэлхий нийтийн жишиг тогтож байна. Монголд алтны халуурал нэлээд эрт эхэлсэн. Энэ нь явсаар УИХ-д халдлаа. Гишүүд алтны халууралд автан хуулийн төсөл оруулж ирж байна. Алтны олз оройгүй, гарз ёроолгүй гэж монголчууд ярьдаг. Бид уул уурхайн асуудалд ухаалаг хандах хэрэгтэй. Одоо усыг сонгох уу, алтыг сонгох уу гэдэг сонголтын зааг дээр иржээ. Эх орон, ирээдүйн төлөө гэсэн сэтгэлийг УИХ гаргах ёстой. Засгийн газар мөрийн хөтөлбөртөө энэ хуулийг хэрэгжүүлнэ гээд тодорхой оруулсан байгаа. Гэтэл Засгийн газар өөрийн байр сууриас ухарч байна гэж харж байна. 1994 онд Мексикийн Мехикод 24 орны байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хуульчид  нэгдэн Олон улсын экологийн шүүх гэдэг байгууллагыг байгуулсан. Энэ байгууллага улс хоорондын экологийн маргаантай асуудал, байгаль орчинд хор хөнөөлтэй үйл ажиллагаа явуулсан бол гэм буруутныг нь тогтоох зэрэг олон улсын хэмжээний үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улс урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх байр сууриасаа ухарвал иргэний хувьд би Засгийн газрыг Олон улсын экологийн шүүхэд өгнө.

М.Монгол

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.