Нөхөн сэргээлтийн оновчтой хувилбарыг хайв
2011.06.10

Нөхөн сэргээлтийн оновчтой хувилбарыг хайв

Монголд одоо жил бүр 120 сая шоометр хаягдал бохир усыг цэвэршүүлэхгүйгээр хаяж орчныг бохирдуулдаг, 40 гаруй цэвэрлэх байгууламжтай ч 22 нь ажилладаг гэх мэдээллийг өчигдөр хуралдсан “Байгалийн өгөөжийн эдийн засгийн үнэлгээ ба Экосистемийн үйлчилгээний төлбөр” олон улсын хурлын үеэр хөндсөн байна.


Уг зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжлэн “Иргэний танхим”-д ийнхүү зохион байгуулагдсан аж. Хуралд АНУ-ын Байгаль хамгаалах нийгэмлэгийн тэргүүлэгч эрдэмтэн Петер Кариева “Экосистемийн үйлчилгээ байгалийн өгөөж-хоол хүнс, ус, эрүүл аюулгүй орчин, хамгаалал, эрүүл мэнд”, “Экосистемийн үйлчилгээний үнэлгээ ба хөрөнгө оруулалтын эргэн төлөлт”, Үндэсний аюулгүй байдлын ахлах референт Т.Булган “Байгаль орчны аюулгүй байдлын асуудал”, БОАЖЯ-ны Хууль зүйн хэлтсийн дарга Л.Батжав “Монгол Улсын одоогийн байгаль хамгааллын төсвийн төлөвлөлт , зарцуулалт”, Сан Антонио хотын захиргааны байгаль орчны асуудал хариуцсан захирал “Сан Антонио хотын усны сүлжээ ба экосистемийн үйлчилгээ”, БХН-ийн мэргэжилтэн Фил Табас “АНУ-д экосистемийн үйлчилгээ ба байгаль хамгааллын асуудлыг хууль эрх зүйн орчинд тусгасан байдал”, мэргэжилтэн Дэн Белл “АНУ-ын Орегон мужийн Уилламетт голын сав газарт Экосистемийн үйлчилгээний төлбөрийг хэрэгжүүлсэн туршлага” гэсэн итгэлүүдийг тус тус тавьсан юм. Зөвлөгөөнөөр юуны өмнө экологийн эдийн засаг, иргэдийн оролцоонд суурилсан эрх зүйн орчинг бүрдүүлэх, бие даасан сангийн нэгдсэн тогтолцоо бий болгох, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй юм.

Ингэснээр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилтийг сааруулах, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, газар, ойн сан, биологийн төрөл зүйлийг хамгаалах, нөхөн сэргээх боломж бүрдүүлэх талаар ярилцлаа. Түүнчлэн АНУ-д төлбөрийн зохистой хувилбар тогтоох, кредитийн болон байгалийг өөрөөр нь цэвэршүүлэх арга өргөн хэрэглэж байгаль орчноо нөхөн сэргээж буй туршлагыг нэвтрүүлэх боломжтойг ч дурдсан байна. Энэ үеэр цэвэрлэх байгууламжийн талаар асуудал хөндөгдсөн бөгөөд Монголд стандартын түвшинд нийцтэл цэвэршүүлж байгаа нэг ч байгууламж үгүй юм байна. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас 14 мянга гаруй га газар эвдэрснээс дөнгөж 4 мянга орчмыг нь нөхөн сэргээжээ. Газар тариалангийн усалгааг замбараагүй, тооцоо судалгаагүй хийдгээс усны нөөцийг үргүй зарцуулаад зогсохгүй хөрс давсжиж үржил шимээ алдах аюул нүүрлэж байна. Мөн хот суурингийн оновчгүй төлөвлөлт, газар тариалангийн салбарын үрэлгэн, хоцрогдсон технологи, бэлчээрийн даацын хэтрэлт, ой, усны сан бүхий газар дахь ашигт малтмалын олборлолт зэрэг нь хөрсний бохирдол, доройтол, цөлжилтийн, усны нөөц хомсдолт, гол горхи ширгэлтийн үндсэн шалтгаан болж байгаа гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.