Энэ онд 42 барилгад үнэлгээ хийж паспортжуулна
2011 онд 42 барилгад газар хөдлөлтөд хэр тэсвэртэй байгааг нь үнэлж паспортжуулахаар төлөвлөсөн байна. Оны эхний хагаст буюу 7 дугаар сарын 1 гэхэд 20 барилгыг үнэлж, паспортжуулахаар болжээ.
Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах Байнгын ажиллагаатай зөвлөл 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хуралдлаа.
Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын ахалсан энэ Зөвлөл өмнөх хуралдаанаараа хийх ажлын төлөвлөгөө, журмаа баталсан бол энэ удаа хийж байгаа ажил болон гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх тогтолцооны талаар ярилцсан байна. Өмнө нь холбогдох байгууллагууд орон сууцны 44 барилгад газар хөдлөлтийн үед хэр зэрэг тэсвэртэй байхыг нь шалгажээ. Ингэхэд 17 барилга нурах аюултай, 27 барилгыг хорооллоор нь дахин төлөвлөлтөд оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна.
Нэг барилгыг үнэлж, паспортжуулахад 14 хоног шаардагддаг. Нийслэл 24560 барилга, байгууламжтай бөгөөд зориулалтыг нь өөрчилж, даацын ханыг нь нураасан, насжилт ихтэй, нурах магдлал өндөр зэрэг 1000 барилгыг эхний ээлжинд үнэлж, паспортжуулахад 5 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа тухай хотын ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар танилцууллаа.
Мөн хуралдаанаар гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх тогтолцооны талаар ярилцав. Удирдлагын төвийг Онцгой байдлын ерөнхий газарт түшиглэн байгуулж багаж, тоног төхөөрөмжөөр хангах, дүүргүүдэд дуут дохиоллын 60 орчим цамхаг бий болгох, газар хөдлөлтийн идэвхтэй бүсүүдэд голомтыг бүртгэх сүлжээний станц суурилуулах, нэр бүхий 4 телевизийг шилэн кабелиар холбох зэргийг тусгасан төслийг хэрэгжүүлэхэд 11,6 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог Зөвлөлийн гишүүн, Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар өөрөөс шалтгаалах бүхнээ шат дараатай авч хэрэгжүүлж байгаа.
Мэдээллийг сонссоны дараа Байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд үүрэг, чиглэл өгсөн байна. Юуны түрүүнд шаардлагатай байгаа багаж, тоног төхөөрөмж авах гээд нийт хөрөнгийн задаргааг нэг бүрчлэн хийн, хариуцах албан тушаалтныг тодорхой болгож Засгийн газрын хуралдаанд танилцуулахад бэлтгэхийг тэрээр санууллаа.
Улаанбаатар хотын барилга, байгууламжийн үнэлгээ, паспортжуулах ажлын явцыг эрчимжүүлэх, төв, суурин газруудын газар хөдлөлийн зураг хийх, шинээр баригдаж байгаа орон сууцны барилгууд 8 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэх шаардлага хангаж байгаа эсэхэд хатуу хяналт тавихыг үүрэг болгосон байна.
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар өөрөөс шалтгаалах бүхнээ шат дараатай авч хэрэгжүүлж байгаа. Гаргасан шийдвэрийг холбогдох хүмүүс биелүүлэхийн төлөө зүтгэж, хариуцсан ажлаа дор бүрнээ хийж байх нь гамшгаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж Шадар сайд М.Энхболд онцгойлон анхааруулсан байна.
6 дугаар сард болох Зөвлөлийн дараагийн хурлаар хийх ажлын төлөвлөгөөны явц болон ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэх “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн талаар мэдээлэл сонсохоор тогтов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.