100 айлын барилгын материалаар орон сууц барьж байгаагаа барилгачид хүлээн зөвшөөрөв
85 жилийн түүхтэй барилгын салбараас 63 мянган хүн хоолоо залгуулж буй. Барилгын компани, иргэн хоёрын харилцаанд түшиглэн ардчиллын ороо бусгаа үеийг туулсан эл салбарынхан "Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр"-өөс их зүйлийг хүлээж байгаа ч хүссэнээ авна гэдэгтээ эргэлзэж буйгаа "Шинэ бүтээн байгуулалтад хамтдаа" барилгын салбарын удирдах ажилтны зөвлөлгөө-ний үеэр хэлж байна. Учир нь, 100 мянган айлын орон сууц нүд ирмэхийн зуур барьчих юм шиг ярьж байгаа ч өнөөдөр материал хангамж, тээвэрлэлт, хүн хүч, зураг төсөл, санхүүжилт гээд бүх юм түүхийгээрээ байна хэмээн шүүмжлэлтэй хандаж байна. Үүний жишээ болох 40 мянган айлын орон сууц гэхэд систем нь тодорхойгүй байснаас 23 мянган орон сууц баригдсан болоод л дууссан.
Тиймээс энэ бүхнээ тодорхой болгож ажил хийвэл дуустал нь хиймээр байна гэсэн хатуухан шүүмжлэлийг хэлж байлаа. Орон сууцны эрэлтийг дэмжин Засгийн газраас 800 тэрбум төгрөгийн бондын 300 тэрбумыг нь санхүүжилтээр өгөх гэж байгаа ч иргэн сардаа 250-300 мянган төгрөг төлж авах орон сууц барихад барилгын материал чухал. Гэтэл өдгөө барилгын материалын үйлдвэрлэл дотооддоо хангалтгүй байна хэмээн Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхий менежер Н.Оч хэлж байв. Тэрээр "Өнөөдөр барилгын материалын 500 үйлдвэр байгаагаас хотод 75 , орон нутагт 25 хувь нь байна. Барилгын үндсэн материал I болох цемент, арматур дотооддоо үйлдвэрлэж байгаа хэдий ч 100 мянган айлын орон сууц баригдаад эхэлбэл бүрэн хангаж дийлэхгүй. Тиймээс зайлшгүй урд хөршөөсөө авна. Нэгэнт байгаа хэрэгцээг хангаж чадахгүйгээс хойш импортоор оруулж ирлээ гэхэд гаалийн татвараас чөлөөлж өгөхгүй бол орон сууц хямд баригдаж иргэнд очно гэж үгүй" хэмээв.
Жилдээ ганц болдог барилгын удирдах ажилтны зөвлөлгөөнийг ингэж хоёрын хооронд зохион байгуулмааргүй байна. Барилгын салбар, материалын үйлдвэр өөрөө өртөгт нөлөөлөх чадамжаараа нэг номерт явдаг мөртлөө бодлогоороо хамгийн сүүлд явдгаас барилын материалын үйлдвэр, барилгын компанийн хоорондын уялдаа алга хэмээн ч чангахан дуугарах нэгэн ч харагдаж байлаа. Ямартай ч энэ талаар эл салбарын ахмад барилгачин Л.Шагдарсүрэн "Шинэ бүтээн байгуулалт гэж том аягатай хоол байна, Бүгд дайрахгүй, дэс дараатайгаар идье гэж байгаа ч зөвлөлгөөн санасан хэмжээнд болсонгүй. Дарга цэрэг нар хийх гэж байгаа ажлаа тайлагнаад, мундаг зөвлөлгөөн боллоо гээд хэвлэлээр гараад дуусах нь. Ийм том бүтээн байгуулалтын ажил өрнөх гэж байхад асуудалд ингэж хандвал амиа хорлосонтой адил. Нөгөөтэйгүүр, 63 мянган барилгачин 100 мянган айлын орон сууцыг барина гэвэл хүнд. Боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй.
Хэрвээ бид одооноос боловсон хүчнийхээ тоог нэмэхгүй бол гаднаас 500 орчим хүн ирж ажиллана гэсэн үг" хэмээн бухимдав. Харин архитекторч Мижидсүрэн "Цаг нь ирээд хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Гэвч зураг төслийн байгууллага бэлэн биш байна. Зөвлөлгөөнд оролцогчид барилгын материал, орон сууцаа яриад байхаас биш зураг төслийн талаар дурдахгүй байна. Одоо орон сууцжуулах долдугаар хороолол гэхэд ерөнхий төлөвлөгөө байгаа мөртлөө ТЭЗҮ гэж алга. Олон ч хороололд байхгүй л дээ. Социализмын үед ТЭЗҮ боловсруулаад, ерөнхий төлөвлөгөө гаргаад, хэрэгжүүлэх арга зам, санхүүжилтээ шийддэг байсан, Гэтэл өнөөдөр энэ алдагдаж. Өнөөг хүртэл зураг төслийн үнэ хямдхан хэвээрээ. Шинэхэн боловсон хүчинтэй ижил хэмжээний цалинг 10,20 жил ажилласан мэргэжилтэн авч байна. Бүх юм хямд гэвэл хэзээ ч барилгын үнэ цэнэ өсөхгүй. Яг үнэндээ бүтээн байгуулалтын ажилд бэлэн биш байна. Дээр нь, тээвэрлэлтээ шийдэхгүй бол барилгын үнэд нөлөөлнө шүү дээ. Өнөөдөр л гэхэд цемент ачсан 140 гаруй вагон Замын -Үүдэд гацаад байж л байна. Чингэлэг нь 7000 юаниар үнэлэгдэж байгаа цемент хугацаа алдсанаас 9000 юань болно шүү" хэмээн учирлаж байгаа харагдав.
Үүнийг ч нэгэн барилгачин "Энэ үнэн шүү дээ. Хөөсөнцрийн гэхэд 30 үйлдвэр байгаагаас 80 хувь нь хятадынх. Тосгоны, мэргэжилгүй нэг хужаа спирт найруулж байгаа юм шиг л 12-15 маркийн хөөсөнцөр шахаад сууж байна. Биднийг стандарт норм мөрддөггүйг далимдуулж Эрээний хулхи барилгын материал энэ орон зайг эзэлж байна. Бараг л 100 айлын барилгын материалаар орон сууц барьдаг чинь үнэн шүү дээ. Хэрвээ барилгын материал үйлдвэрлэлийнхээ асуудлыг шийдэхгүй бол 100 мянган айлын орон сууц барина гэдэг учир дутагдалтай" хэмээв.
Харин "Тайган алтай "компанийн инженер Бадамрагчаа "Түрүүхэн арматур, цементийн 30 хувийг хангах боломжтой гэж байсан. Энэ бол худлаа. Бид нар барилга барина гээд яриад байдаг. Гэтэл дотоодын хэрэгцээг хангах Дарханы арматур, цементийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг 100 хувь Оюу толгойд нийлүүлнэ гэчихсэн шүү дээ. Тэгчхээд юун дотоодын үйлдвэрлэлийн 30 хувийг хангана гэж. Ер нь, яахаараа гадаадын хөрөнгө оруулалттай Оюу толгой компани дотоодоос материалаа татаад дотоодын барилгын компаниуд урд хөршөөс авах ёстой гэж. Ямар төр гэхээрээ ийм гэрээ байгуулчхаад орон сууцны үнэ хямд байх ёстой гээд байгаа юм. Ерөөсөө ойлгохгүй байна. Улаанбаатар хотыг хоёр дахин томсгох бүтээн байгуулалтыг таван жилийн дотор барина гэж байгаа ч барилгын материалын үйлдвэрлэлийн 30 хувийг нь ч хангаж чадахгүй" хэмээн зөвлөлгөөн зохион байгуулагчдыг загнаад авав. Энэ асуудалд анхаарах цаг болсон хэмээн Барилгын үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр л хэлээд "Барилгын компаниудын хувьд газар чөлөөлөлт, дэд бүтцийг шийдэж өгвөл орон сууц барихад асуудалгүй. 100 мянган айлын орон сууц хөтөлбөр барилгын компаниуд нэгдээд ч барахааргүй том ажил. Гол нь үүнийг зөв зохион байгуулж л явах ёстой. Тиймээс барилгын компаниуд 10,20-иороо нэгдэж консерциум байгуулан нэгдэж ажиллана. Харин газар чөлөөлөлт болон дэд бүтцээ төрөөс шийдээд өгвөл орон сууцны үнэ хямд байж болно. Чанарыг ч гэсэн амлаж чадна" хэмээв.
Ийнхүү бүх л асуудлаа шийдэх гэж оролдсон барилгын удирдах ажилтны зөвлөлгөөнөөр Барилгын зөвлөгөө мэдээллийн төвийн захирал С.Батсүх "Барилгын салбарын нийгмийн асуудал үндсэндээ орхигдсон. Загасчны морь усгүй гэдэгчлэн барилгачдын амьжиргааны төвшин доогуур байна. Наад зах нь орон сууцаар хангах хэрэгтэй. Түүнчлэн төрийн бус байгууллагуудаа ч гэсэн" хэмээхэд "Энэ салбарт шоу хэрэггүй" гэж яамны газрын дарга Баасан дургүйцлээ илэрхийлээд авсан. Ямартай ч, сайндаж, муудалцсан зөвлөлгөөнөөс барилгын компаниуд нэгдэн бүтээн байгуулалтын ажилд оролцох, дэд бүтэц, газрын асуудлыг нь төрөөс шийдэн, барилгын материал үйлдвэрлэгчдийг дэмжих, зураг төслийн институц байгуулахаар санал нэгтэйгээр батлан урамтайхан тарцгаалаа.