Д.Ганхуяг: 3000 гаруй иргэн хэзээ байрнаасаа хөөгдөх бол гэсэн айдастай амьдарч байна
2011.05.07

Д.Ганхуяг: 3000 гаруй иргэн хэзээ байрнаасаа хөөгдөх бол гэсэн айдастай амьдарч байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас Гадаад харилцааны сайдад тавьсан Оросын Холбооны Улсын түрээсийн зарим орон сууцыг Монголын талд шилжүүлэх ажлын явц байдлын талаарх асуулгын хариуг сонслоо.

Эрхэм гишүүн асуулгадаа, Монголд тусламж үзүүлж байсан ЗСБНХУ-ын мэргэжилтнүүдийн амьдарч байсан, өнөөгийн байдлаар Монгол иргэдийн түрээслэн амьдарч байгаа Баянзүрх дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1,7,11,12,13 дугаар байр, Баянгол дүүргийн нэг байр, Дархан хотын хоёр байрыг Монголын талд шилжүүлэх асуудлаар 2008 онд Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэргүүн В.А.Зубковтай улс төрийн хэлэлцээ хийж, асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхээр тохирсон. Мөн 2009 онд хоёр Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Д.А.Медведев нар хэлэлцээ хийж “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглал”-д дээрх 8 байрыг Монголын талд шилжүүлэх шийдвэрийг дахин нотолсон билээ.

 

Эдгээр шийдвэрүүдтэй холбоотой УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор ОХУ-ын талд тавьж, хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа Байнгын хороонд тайлагнахыг Гадаад харилцааны яаманд  үүрэг болгосон тухай дурджээ. Үүнээс хойш хоёр улсын Гадаад харилцааны яам хооронд удаа дараа ноот бичиг явуулсан ч үр дүн тодорхойгүй байгаа учир ажлын явц байдлын талаар мэдээлэл авахыг хүссэн тухай дурджээ.

 

Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын ирүүлсэн хариуд, Оросын тал ОХУ, Монгол Улсын хууль тогтоомжийн үндсэн дээр хугацаагүй, үнэ төлбөргүй, татвар хураамжгүй эзэмшиж, ашиглахаар олгосон бүх газрыг ОХУ өмчлөх эрхтэйгээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, дээрх газрын хил хязгаарыг тодорхойлж, газрын байршлын тэмдэглэгээ, кадастрын зураглалын хамт оросын талд хүлээлгэн өгөх, Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн байр, багш нарын орон сууцыг ОХУ-ын өмчлөлд шилжүүлэх гэсэн шаардлагыг сөргүүлэн тавьсан тухай дурьджээ. Түүнчлэн дээр дурьдсан 8 байрны 5-ынх нь хүчингүй болгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дахин сэргээн олгох, 8 байрыг шилжүүлэн өгөх асуудлыг Зөвлөлтийн мэргэжилтний орон сууц барих тухай Засгийн газар хоорондын 1971 оны Протокол, Зөвлөлтийн техникийн төвийг барихад газар олгох болон төв барих нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын 1979 оны Хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх гэсэн шаардлагуудыг сөргүүлэн тавьсаар байгаа талаар өгүүлжээ.

 

Үүссэн энэ нөхцөл байдлыг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн ахлагч, Тэргүүн шадар сайдад танилцуулсан бөгөөд төрийн дээд түвшинд шийдсэн 8 байрыг ямар нэг нөхцөл болзолгүйгээр Монголын талд хүлээлгэн өгсөн тохиолдолд Оросын талын дээр дурдсан саналыг хэлэлцэж болох юм гэсэн шийдвэрийг гарган, Засгийн газар хоорондын XIV хуралдааны протоколд тусгасан ажээ.

 

Гадаад харилцааны сайд асуулгын дээрх хариуг танилцуулсны дараа гишүүд асуулт асууж хариултаа авлаа.

 

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Эдгээр 8 байр нь тухайн үед 1971 онд хоёр орны Засгийн газар хоорондын протоколын дагуу ЗСБНХУ-ын зүгээс манай улсад үзүүлж байсан зээл тусламжийн хүрээнд баригдсан байдаг. Энэ зээл, тусламжийн  асуудал хэдийгээр шийдэгдсэн ч уг байруудын зориулалтыг нь өөрчлөн  1990-ээд оноос хойш  монгол иргэдэд  бизнесийн зорилгоор түрээсэлж ирсэн. Эдгээр байрыг түрээсэлж буй иргэд нийтдээ 1.4 сая ам.долларын түрээсийн төлбөр төлж ирсэн байдаг. Ингэхэд тусламжийн байрыг түрээсийн зорилгоор ашиглаж буй улс орон манайхаас өөр байна уу. Олон улсын гэрээ, хэлэлцээрийг зөрчиж байгаа юм биш үү хэмээн лавласан.

 

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Энэ 8 байрны асуудал мухардалд орсон гэж хэлж болохоор байгаа. Монголын шүүх эдгээр байруудын Оросын талын өмчлөх эрхийг гэрчилгээг хүчингүй болгочихсон байдаг. Тэгэхээр Оросын тал манай талын өмчлөх эрхийг хүчингүй болгочихсон юм чинь бид юугаа шилжүүлэх вэ гээд суучихдаг. Оршин суугчид түрээсийн төлбөр төлөөд явж байгаа гэдэг. Үнэн хэрэгтээ 1, 7 дугаар байрныхан түрээсийн төлбөрөө төлдөг. Бусад байрнуудын хувьд ихэнх нь төлдөггүй. Байрыг шилжүүлэн авах асуудлыг улс төрийн түвшинд асуудлыг зохицуулахгүй бол түвэгтэй байгаа гэлээ.

 

УИХ-ын гишүүн Д.Дондог, 8 байрнаас гадна энд 3 дугаар сургуулийн асуудал гарч ирж байна. Ингэхэд 3 дугаар сургууль хаанахын өмч юм бэ. Өмчийн маргаан байгаа юм бол тэнд сурч байгаа хүүхдүүд хаана сурч төгсөж байна гэж ойлгох вэ. Энэ сургуулийг өрийн асуудалд багтааж шийдээгүй юм уу. ОХУ-аас бусад улсуудтай өмчийн маргаантай асуудал байгаа юу гэж асуусан.

 

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Ер нь оросын тал 3 дугаар сургуулийг өөрийн өмч гэж үзэж байгаа. Харин бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ОХУ-ын Монголын талд шилжүүлсэн обьектын жагсаалтад 3 дугаар сургууль байдаггүй юм. Энэ асуудалд шүүхийн шатанд яваа.

 

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, ОХУ-ын 8 байрнаас өөр маргаантай асуудал байхгүй. ОХУ-тай харилцаа хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаа. Их өртэй холбоотой томоохон асуудлууд шийдэгдсэн. Үр дүнтэй яваа. Тухайн үеийн гэрээ, хэлэлцээрээс болоод 8 байртай холбоотой маргаантай асуудал байгаа. Гэхдээ хоёр орны харилцаанд нөлөөлөхөөр зүйл биш. Оросын талд дахин захидал явуулахаар бэлтгэж байна. Үр дүн гарах байх.

 

УИХ-ын гишүүн Р.Раш, 2008 оны 4 сард Ерөнхий сайд С.Баярыг ОХУ-ын дээд удирдлагатай уулзахад би хамт байсан. С.Баяр сайд энэ байруудын асуудлыг тавихад В.Путин ийм зүйл дээр гацаа үүсгээд байх шаардлагагүй, шууд шийд гэж Гадаад яамнхандаа хэлж байсан. Тэд ч хүлээн зөвшөөрөөд бичээд л байсан.  Хоёр талын протокол байгаа. Манайхан ямааны мах халуун дээрээ гэдэг шиг шийдчихдэггүй. Үүнээс болоод удаашраад байдаг юм биш үү. Холбогдох хүмүүстэйгээ нүүр тулж ажиллавал тээглээд байгаагаас мултрахад амар юм шиг санагдаж байна. Дээд удирдлагын уулзалтын албан ёсны протоколыг барьж ажиллаж болохгүй юу гэсэн.

 

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Үр дүн багатай ажилласан гэсэн шүүмжлэлийг хүлээн авч байгаа. 2008 оны 4 дүгээр сард айлчлал болоод 6 сараас бид ажлаа шууд эхэлсэн. Тэгээд шилжүүлэхээр болоод ажил дундаа орж байтал “Танай талд шилжүүлэх гэтэл танай шүүх манай өмчлөх эрхийг хүчингүй болгосон байна. Бид өмчгүй юм бол яах билээ”  гээд гэдийчихсэн.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Манай тал баримт бичгийн бүрдүүлэлт дутуу гээд өмчлөх эрхийн шийдвэрийг хүчингүй болгосон юм байна. Дутуу баримт бичгээ бүрдүүлээд ирвэл хэний өмч болох юм бэ. Оросын хувьд 8 байшин жижиг асуудал. Гэхдээ жижиг асуудал гээд бид үл тоомсорлосон байдлаар хандаж бас болохгүй байх. Олон улсын хууль тогтоомжийн дагуу шийдэхгүй бол харилцаанд сэв суулгах, олон жилээр сунжрах юм биш үү. 3 дугаар сургуулийг булаацалдаад байгаа юм уу. Оросын нэг ч гэсэн өмч байвал буруу юм юу байнаа гэлээ.

 

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Шүүх оросын өмч биш гэж хэлээгүй. Оросууд шинэчилсэн бүртгэл хийлгэхдээ бүрдүүлсэн баримт дутуу гэж үзсэн. 3 дугаар сургуулийн хувьд хүлээлгэн өгсөн обьектын жагсаалтад техникийн алдаа гарсанаас орхигдсон ч байж болох. Гэхдээ манайх биш гэж хэлэхэд хэцүү байна.

 

УИХ-ын гишүүд ийнхүү хариултаа авч дууссаны дараа асуулга тавьсан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг үг хэлсэн. Тэрбээр, Шинэ зуунд хөрш хоёр орны харилцаа олон улсын эрх зүйн хэм хэмжээнд явагдаж, өөр өөрийн орны нутаг дэвсгэрт олон улсын гэрээ хэлэлцээрт нийцсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэж харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэн хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн шинэ шатанд гаргаж байна. Иймд хуучин тогтолцооны үеийн эдгээр 8 байрны асуудлыг идэвхтэй, эрчимтэй ажиллаж нэн яаралтай шийдвэрлэх нь зүйтэй байна. Гүйцэтгэх Засгийн тэргүүний хувьд монгол Улсын нэг ч гэсэн иргэний асуудал чухал. 2008 онд Ерөнхий сайд ОХУ-д айлчлах үедээ дээрх байруудын асуудлыг тавьж байсан. Үүнд нь 21 жил зовж байгаа 3000 гаруй иргэн баярлаж байдаг. Миний бие УИХ-д 3 дахь удаагаа энэ асуудлыг тавьж байгаа. Асуудлыг хэн ч хариуцахгүй орхичихдог. Энэ бол Ганхуягийн тойргийн асуудал биш. 3000 гаруй иргэн хэзээ байрнаасаа хөөгдөх бол гэсэн айдастай амьдарч байгаа. Олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцүүлэх ажлыг хийгээч. Үл хөдлөх эд хөрөнгийн хуулиа бас хараач ээХүн томилоод асуудлаа хурдан шийдээч гэж хүсэж байна гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.